Б.Бадамцэцэг: Өөрөө өвдөхөд шантраагүй харин үр хүүхэд өвдөх хамгийн хэцүү

Т.Отгонсувд
2 цаг 19 минутын өмнө

Дөрвөн жилийн өмнө хүнд өвчтэй охиноо эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон Б.Бадамцэцэг олон нийтийн дэмжлэг, хандивын тусламжтайгаар хүүхдээ эмчилгээ хийлгэх боломж бүрдүүлж байжээ. Тухайн үед Монголд онош нь тодорхойгүй, амьд үлдэх боломж бага гэж үзэж байсан охин нь өнөөдөр таван нас хүрч, эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсээр байна.

Тэрээр өөрийн туулсан амьдралын хүнд сорилтод тулгуурлан хүүхдийн оношилгоо, эмчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцооны асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

– Та өөрийгөө танилцуулаач. Магадгүй зарим хүмүүс таниж байгаа байх… Та дөрвөн жилийн өмнө хүүхдийнхээ төлөө хандив цуглуулж байсан шүү дээ?

– Намайг Бадамцэцэг гэдэг. Та бүхэн санаж байвал дөрвөн жилийн өмнө талбай дээр хандив цуглуулаад хүнд өвчтэй охиноо БНСУ-д эмчилгээнд авч явсан. Охины маань биеийн байдал дээрдсэн. Одоо байнгын эмчилгээ хийлгэж байгаа. 

Яалт ч үгүй эм, тариа, оношилгооны боломж сайтай газар очоод хүүхдийнхээ зөв оношийг олсон.

Манай хүүхдийг ерөнхийдөө ургийн гажиг байж магадгүй гэж үзэж байсан. Гэхдээ ургийн гажиг гэхээсээ илүү төрсний дараах гэмтэл, хоёрдогч шалтгаанаас үүдсэн байж магадгүй гэдэг онош гарсан.

Эхийн хэвлийд байхад нь буруу тариа хийсэн ч юм уу, ямар нэгэн алдаа гарсан гэдгийг манай салбар өөрөө хүлээн зөвшөөрдөггүй. 

– Олон түмний хандив хэр үр дүнд хүрсэн бэ? 

– Хэдхэн хоногийн настай гэж байсан хүүхдийг би аваад явсан.

Өнөөдөр миний хүүхэд таван нас хүрлээ.

Хэрэв манай хүүхэд гурван сартайд очсон бол 100 хувь эрүүл болох боломж байсан. Би найман сартайд нь авч очсон. Гэхдээ хүүхдийн биеийн байдал, үс, шүд ургахгүй гэж манайд хэлж байсан. Одоо бол үстэй, шүдтэй болсон.

Миний хүүхэд ямар байснаас ямар болсон бэ гэдгийг би өөрийн Facebook хаяг дээр илэн далангүй бүх зургийг нь оруулдаг.

Бүх хүүхэд хүний л хүүхэд. Бид нарын үр. Тийм болохоор битгий над шиг ингэж аймаар, эмгэнэлтэй ийм зүйл үзээсэй гэсэндээ хэлж байгаа. Тэрнээс “би чадчихлаа” гэж гайхуулах гэсэн юм биш.

– Хүний нутагт олон жил өвчтэй хүүхдээ эмчлүүлэхэд амаргүй зүйл олон байсан байх?

Одоо л эмгэнэлтэй амьдрал маань дууссан юм шиг санагдаж байна. Яагаад гэхээр жаахан хүүхдээ үхэх сэхэхийг ч мэдэхгүй гадаад авч явсан.

Тэр үед ээж маань нас бараад долоо хонож байсан. “Араас нь хүүхдээ алдчихгүй юмсан” гэсэндээ надаас тийм их хүч гарсан байх. Одоо бол би чадахгүй юм шиг санагддаг.

Монгол таунд өдөр шөнөгүй боорцог хийгээд, хандив гуйгаад явж байсан. Хүмүүс намайг сайлах нь сайлна, муу хэлэх нь муу хэлнэ. 

Дэндүү аймар хувь тавилан намайг дайраад ирсэн боловч би охиндоо баярлаж байгаа. Надаас ийм их хүч гаргаж чадсан.

Дахиж ийм зүйл битгий тохиолдоосой. Хүүхэд битгий өвдөөсэй гэж боддог.

Би өөрөө өвдөхдөө шантраагүй. Харин хүүхэд өвдөх хамгийн хэцүү.

Хүний нутагт нусаа сугартал ажил хийж үзлээ. 

Эргээд харахад тэр болгон тэр өдөртөө хэцүү байсан. Өнөөдөр  даваад гарчихсан байна. 

-Буцаад эх орондоо ирэхэд ямар байна? 

 Эх орон маань бүх зүйлээрээ ундуй сундуй айл шиг байхаар харамсалтай санагдсан. Би олон жилийн өмнөөс л эрүүл мэндийн салбарын тухай ярьж байсан. Эргэж ирээд нөгөө асуудлууд шийдэгдээгүй хэвэндээ л байгааг харсан. 

Манай хүүхэд хоёрдогч шалтгаантай буюу гаднын нөлөөнөөс болж тархины үхжилт үүссэн. Энд оношоо ч тодорхой болгож чадаагүй яваад Солонгосд очоод бүх зүйл тодорхой болсон. 

Яг энэ хүүхдийн өвчлөл дээр анхаарахгүй бол болохгүй. Солонгос улсад сүүлийн үед маш олон хүүхэд ийм өвчлөлтэй очдог. Хорт хавдрын асуудал яригдаж байна. Гэнэт байж байгаад хараагүй болж байгаа асуудал ч яригдаж байна.

Энэ юунаас болоод байгаа юм? Хүнсний аюулгүй байдал байна уу, агаарын бохирдол байна уу? Эсвэл үнэхээр Монгол хүмүүсийн генд өөрчлөлт орж байгаа юм уу гэдгийг судлах ёстой. 

Гэтэл манайх үүнийг ярихгүй эмч нарыг сүнсээр нь дуудчихсан л байж байна.  Харин эрүүл мэндийн яам нь хийх ажлаа мэдэхгүй, чиг үүргээ ч мэдэхгүй гэчихсэн жинхэнэ “Сүнс” шиг байна. 

– Одоо маш их хандив явдаг боллоо. Гэхдээ монголчууд бүгдэнд нь эмчилгээний зардлыг нь босгоод өгч чадахгүй. Энэ асуудлыг та юу гэж хардаг вэ?

– Хүн болгон хүүхдээ амьдруулчих юмсан гэж зүтгэдэг. Үнэхээр Монголдоо эмчилж чадахгүй өвчтэй бүх хүүхэд хандив цуглуулах шаардлагатай бол журамтай, очероороо, дугаараараа бүх хүүхдээ авардаг болох юм уу. 

Нэг бол эрүүл мэндийн салбараа бүр сайн болгоод гадагшаа өгч байгаа мөнгөн урсгалаа зогсоох хэрэгтэй.

Бид чинь тусгаар тогтносон улс шүү дээ. Заавал гадаадад очоод хуруу хумсаа хугалан байж хүүхдээ эмчлүүлнэ гэж байх ёсгүй.

Төрөөс төрсөн тэрбумтны хүүхэд биш учир эмчилгээний зардал асар хүнд тусдаг.  Баян ч 

бай ядуу ч бай тэр хамаагүй. Бид бүгд эрх тэгш байх ёстой.

Манай эмч нарын чадвар хаана ч дутахгүй. Харин тоног төхөөрөмж, эм тарианы олдоц, чанарын асуудал л байгаа. 

– Нөхөн сэргээх эмчилгээний талаар ямар өөрчлөлт хэрэгтэй гэж бодож байна вэ?

– Ганцхан ээж хүүхдээ бодоод, “миний хүүхэд болж байна, одоо би цааш нь нөхөн сэргээхээ Монгол Улсад хийлгэмээр байна, нөхөн сэргээхийн асуудал хэцүү байна” гэж ярихаас илүү Монгол Улсад хэдэн мянган хүүхэд нөхөн сэргээх шаардлагатай байгааг бодох хэрэгтэй.

Зөвхөн уламжлалтын эмч нарыг аваачаад нөхөн сэргээх гэдэг дээр тавьчихдаг. Нөхөн сэргээх гэдэг чинь өөр зүйл.

Манай хүүхэд гэхэд ам, нүд, хамар гээд бүх чиглэлийн эмч нар нь нөхөн сэргээхийг зөв хийснээс тэр хүүхэд эмчилгээ авч байгаа.

Тэгэхээр уламжлалтын эмч аваачаад, нэг гоё барилга бариад, дотор нь хэдэн тоног төхөөрөмж тавиад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд жаахан массаж хийхийг нөхөн сэргээх гэж хэлэхгүй.

Яг стандартын нөхөн сэргээх эмчилгээ явах ёстой.

Тэгвэл Монголд маш олон хүн “хөгжлийн бэрхшээлтэй”, “асаргааных” гэж дуудуулахаасаа илүү хөгжлийн бэрхшээлтэй ч нөхцөл байдлаасаа хамаараад сурдаг, боловсордог байх боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна