Х.Бадамгэрэл: Энэ шагнал 30.000 шавь нарын маань итгэл, сэтгэлээр бий болсон

Zuv.mn
1 цаг 14 минутын өмнө

Топ модель Х.Бадамгэрэл “Алтангадас” одонгоор энгэрээ мялааж, сэтгэгдлээ хуваалцлаа.


Тэрбээр "Маш их хариуцлага гэж харж байгаа. Юуны түрүүнд эрдэм оюун, боловсролыг хамгийн чухал хэмээн зааж сургасан ээждээ баярлалаа. Залуу хүний хувьд ийм сайхан боломж олдож байгаад гүнээ талархъя. Цаашид хийж бүтээх, улс эх орондоо зүтгэх урам зориг төрж байна.

Хорин жилийн хөдөлмөрийг минь ингэж өндөрөөр үнэлж, гайхалтай мөчийг бий болгосон улс эх орон, шавь нар, УЗН-ийн хамт олондоо талархал илэрхийлье. Өнөөдөр энэ шагнал маань боловсрол, соёл, хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэсний үр дүнд ирж байгаа.

 Энэ мэдээг сонсоод баярласандаа таг дуугуй болчихсон. Нөгөөнтэйгүүр цаашид юу хийж болох, ямар боломжууд байгаа талаар илүү их бодогддсон. Мэдлэг, боловсролоор улс эх орондоо хариуцлагатайгаар зөв нөлөөлхийг хичээх болно.

Миний бие сүүлийн арван жил хүмүүнлэгийн үйлсэд зүтгэж, УЗН-ийн “Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэд тэргүүн”-ээр ажилладаг. Олон ажилд гар бие оролцож, ковидын үеийг ч хамтдаа туулсан. Энэ үйлсийг хийхдээ заавал хүмүүст сурталчилж, нийтэд харуулаад байх шаардлагагүй бөгөөд тэгэх нь хориотой байдаг.

Энэ цаг хугацаа миний хувьд үнэлэгдэшгүй. Энд зогсох боломжийг маань 30 мянган шавь нарын итгэл, хүүхдүүдээ хөтөлж оруулсан эцэг эхчүүдийн сэтгэл бий болголоо" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна