​ Швейцарийн шигшээ 72 жилийн дараа шөвгийн наймд шалгарлаа

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

ДАШТ-ий шөвгийн 16 багийн сүүлийн учраа Швейцарь, Колумбийн тоглолтод швейцарьчууд 11 м-ийн торгуулийн цохилтоор хожлоо. Хамгаалж, сөрөг довтолгоогоор гоолын боломж үүсгэдэг ижил хэв маягтай хоёр багийн тоглолт үндсэн болон нэмэлт цагт гоолгүй тэнцсэн юм.

Улмаар 11 м-ийн цуврал торгуулийн цохилтоор ялагчаа тодруулахад Швейцарь 4:3-аар илүүрхэв.  

 

Колумбиас Давинсон Санчес хөндлөвч онож, Кучо Эрнандес Грегор Кобельд хаалгасан бол Швейцариас ганц Мануэль Аканджи алдсан байна.

Ингэснээр Швейцарийн шигшээ баг 72 жилийн дараа ДАШТ-ий шөвгийн наймд шалгараад байна. Тэд өмнө нь 1954 онд ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулахдаа ийм амжилт гаргаж байв.

ДАШТ эхлэхэд Европын багууд ар, араасаа учраадаа хожигдож, “Энэ ДАШТ-д экватор дамнаж оршдог Африк, Өмнөд Америк тивийн багууд өндөр амжилт үзүүлэх нь үү гэсэн сэтгэгдэл төрүүлээд байсан. Тэгвэл түүнээс хойш европчууд яван чангарсаар шөвгийн найман баг тодорч дуусахад зургаа нь Хуучин тивийн баг торойж байх юм. Европын долоон улсын шигшээ шөвгийн 16-д үлдсэнээс ганц Португал л нэг тивийн Испанид хожигдож, бусад нь бүгд хожсон байна.


Швейцарь гэхэд ДАШТ, ЕАШТ-д 11 м-ийн цуврал торгуулийн цохилтоор шийдсэн сүүлийн таван тоглолтынхоо дөрөвт хожигдож байсан бол энэ удаа хожжээ.

Швейцарьчууд ДАШТ-д тогтвортой амжилт гаргадаг. Тодруулбал, сүүлийн зургаан ДАШТ-ийнхээ тавд нь хэсгээсээ гарсан. Гэвч эхний шатаа давж үзээгүй юм.

Швейцарь шөвгийн наймд энэ сарын 12-ны өглөө 09.00 цагт Аргентинтай тоглоно.

 

ДАШТ. 1/8 шигшээ

Швейцарь-Колумби 0:0 /11 м-ийн торгуулийн цохилт 4:3/ 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна