Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд дээл хувцсаараа гоён чууллаа

Zuv.mn
1 цаг 52 минутын өмнө

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Дээлтэй Монгол" өдөрлөг төв талбайд боллоо. Үндэсний хувцсаараа гоёсон Монгол ахан дүүс нэг дор цуглацгаасан байна.

Өдөрлөгт оролцсон хүмүүсийн сэтгэгдлээс хуваалцъя.

 61 настай Д.Оюунцэцэг: Эх орноосоо гараад 35 жил гадаадад амьдарсан байна. Олон жил бодож явсны эцэст энэ жил наадмаа зорьж ирээд, Монгол дээлээ өмсөөд сэтгэл хөдөлсөндөө бүжиглэмээр санагдлаа.

 Би хэдийгээр гадаадад амьдардаг ч гэсэн эх орондоо нэгийг хийж бүтээе гэсэн сэтгэлээр, дээл урладаг дөрвөн эмэгтэйг дэмжиж ажилладаг. Өнөөдөр тэднийхээ урласан дээлийг өмсөж байгаадаа сэтгэл хангалуун байна. Цаашдаа жил болгон Монголдоо ирж, олон эмэгтэйчүүдийг дэмжих сонирхолтой байгаа.

 Швейцарт бол сайхан дээлээрээ гайхуулж амьдардаг даа.

Залуу хосууд: Бид хоёр сүүлийн гурав дөрвөн жил энэхүү өдөрлөгт оролцож байна. Энэ жил эхнэрийнхээ  урласан анхны дээлээр нь гоёсон.  Дараа жилээс гурван хүүхдийнхээ хамт, ам бүлээрээ оролцох бодолтой байгаа.

Монгол хүний цусанд нь дээл оёх, өмсөхөд зохих шинж чанар нь байдаг юм шиг санагддаг. Энэхүү ондоошил болсон үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсөж хэвшихийг уриалж байна.

Монгол түмэн минь тэнгэр газрын энгэрээр тэгш дүүрэн сайхан наадаарай.

8 настай мисс З.Сарнай: Манай ээж миний тэмцээний бүх хувцасны загварыг гаргаж өгдөг. Өнөөдөр ч гэсэн ээжийнхээ санаанаас гарсан дээлийг өмссөн.

Би Монгол хүн учраас дээл, наадам, цагаан сардаа хамгийн их дуртай. Наадмын хамгийн сайхан зүйл нь гэр бүлээрээ хөдөө явж, хуушуур идэх нь гоё.

Өвөрмонголоос ирсэн Б.Даваа

-Өвөрмонголоос Монголынхоо наадамд ирж оролцох сайхан байна. Дэлхий дахинд амьдардаг олон ястан Монголчуудын хувцас өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Шинжаан, Хөхнуур, Өвөрмонголын Ордос, Хорчин, Шилийнгол гэх мэт ястнуудын хувцсыг харж, өмсөж үзэх үнэхээр сонирхолтой.

 Хэдийгээр бид хоёр өөр улсад амьдарч байгаа ч элэг нэгтэй Монголчууд юм шүү. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна