Арктикийг эзэмших өрсөлдөөнд орж ирсэн Хятад түрэмгийлэл

Х.Батсайхан
1 цаг 12 минутын өмнө

Хүн төрөлтний үндсэн үүцийн нэг нь Хойд мөсөн тив Арктик гарцаагүй мөн. Нэгэн цагт цас мөс, жавраас өөр юмгүй байсан энэ тивд сүүлийн жилүүдэд амьдрал цэцэглэж, эдийн засгийн өсөлт, хийгдэж буй хөрөнгө оруулалтыг нь тооцож үзвэл үсрэнгүй хөгжиж буй орнуудыг ч давахаар хэмжээнд очжээ. 

Хойд мөсөн тивд газар нутгийн эзэмшилтэй, энэ тивийг эрхшээх бүрэн эрхтэй Канад, Дани, Финланд, Исланд, Норвег, ОХУ, Швед, АНУ гэсэн найман улс бий. Эдгээр улсууд Арктикийн зөвлөл хэмээх байгууллага үүсгэн асуудлаа шийдэж байдаг. Тэгвэл хойд тивийг эзэмших энэхүү өрсөлдөөнд БНХАУ хүч түрэн орж ирээд байна. 

Газрын тос, байгалийн хийн асар баялаг ордууд илэрсэн 1970-аад оны сүүлээс энэ бүс нутагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт идэвхижсэн бөгөөд сүүлийн хэдэн жилд бүр ч эрчтэйгээр нэмэгджээ. Байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцлөөс болоод энэ бүсэд хийгдэх бүтээн байгуулалтууд технологийн хамгийн орчин үеийн шийдлийг шаарддаг онцлогтой, үүнээсээ болоод маш өндөр зардал шаардлагатай болдог байна. Чухам энэ нөхцөл байдал БНХАУ-д Хойд мөсөн тивийг эзэмших өрсөлдөөнд нэгдэх боломж олгожээ.

Зөвлөлд багтдаг найман улс бүс нутагт хийгдэх дэд бүтцийн байгууламжуудад БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах боломжийн талаар сүүлийн үед эрчимтэй ярьж байна. Дэлхийн байгалийн баялгийн 20 хувийг хэвлийдээ агуулж байгаа энэ бүс нутаг одоо хэр нь дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй (Арктикийн бүс буюу хойд өргөргийн 78 градусаас хойш дөрвөн сая орчим хүн ам амьдардаг) хэвээрээ байна. Энэ бүсэд байдаг Хойд мөсөн далай нь дэлхийн бусад далайгаас хамгийн жижиг нь боловч Ази, Европ, Хойд Америкийг холбосон стратегийн чухал байршилд оршдог давуу талтай. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хийгддэг худалдааны тээврийн 90 хувь нь энэ гурван тивд ногддог гэхээр Арктикт хөгжих асар их нөөц бололцоо байгаа нь харагдана. Хэрвээ Хойд мөсөн далайг дэлхийн худалдааны тээврийн идэвхитэй маршрут болгож чадваас энэ бүс нутаг гэрлийн хурдаар цэцэглэн хөгжих нь гарцаагүй.

Үүний нэг жишээ нь Исланд улс юм. Арктик-Атлантын бүсийн жижиг арал дээр орших энэ улсын эдийн засаг 2016 онд 7.2 хувиар өсчээ. Жуулчдын тоог нэмэгдүүлснээр энэ амжилтад хүрсэн байна. Эрх баригчид нь энэ амжилтдаа урамшин, ирэх таван жилд дэд бүтцийн чиглэлд өмнөхөөсөө таван тэрбум ам.доллараар илүү хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Гэтэл энэ бол Арктикийн бүсэд ирэх 15 жилд хийгдэх хөрөнгө оруулалтын өчүүхэн хэсэг нь гээд төсөөл дөө. “Guggenheim Partners” судалгааны байгууллагын тооцоолсноор, ирэх 15 жилд Арктикийн бүсэд 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Одоогийн байдлаар энэ бүсэд хийж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр ОХУ толгой цохиж яваа. Канад, АНУ, Скандинавын хэсэг хоцрогдолтой байна.

Нэг бүс, нэг зам Арктик хүрнэ

ОХУ Арктикийн бүсэд хийх хөрөнгө оруулалтын хэмжээгээр толгой цохиж байгаа нь БНХАУ-ын 2013 онд гаргаж тавьсан “Нэг бүс, нэг зам” санаачилгад дулдуйдаж байгаатай холбоотой.

Хятадын тавдугаар үеийн удирдагч Си Зиньпин энэ санаачилгаа 2013 оны есдүгээр сард, Казахстанд айлчлахдаа анх олон нийтэд зарласан. Дөрвөн жилийн дараа эргээд харахад энэхүү санаачилгад 4.4 тэрбум хүн амтай 65 улс орон нэгджээ. Олон улсын зөвлөх үйлчилгээний компани PWC-ын тооцоолсноор БНХАУ “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд зөвхөн 2016 онд долоон үндсэн салбарт 500 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.


“Нэг бүс, нэг зам”-ын Арктикийн бүсэд оруулсан анхны хөрөнгө оруулалт нь “Ямал СПГ” байгалийн хийн компанийн 29.9 хувийг худалдаж авсан явдал байв. Эхлээд 20 хувийг Хятадын үндэсний газрын тосны компани (CNPC) 2013 онд авсан бол хоёр жилийн дараа 9.9 хувийг Торгоны замын сан (Silk Road Fund Co Ltd) компани худалдаж авчээ. Улмаар Хятадын "Эксим" банк, хөгжлийн банк санхүүжүүлэх болсноор хятадуудын байдал ихэд бэхэжсэн байна. Ингэснээр бүс нутгийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдэд оролцох, хувь эзэмших боломжтой болсон юм. “Ямал СПГ” Арктикийн бүсэд хөрөнгө оруулалт хийж, Хойд мөсөн далайн боомтуудыг хөдөлгөөнд оруулснаар энэ бүс нутгаар урьд хожид байгаагүй их хэмжээний ачаа бараа тээвэрлэгджээ. Энэ нь бүс нутгийн дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулах сонирхлыг сэргээж, Сабетта боомтыг Евразийн төмөр замын сүлжээнд холбох ажил хийгдсэн билээ. 3.2 тэрбум ам.долларын өртөгтэй энэ төслийг ОХУ 2016 оны шилдэг бүтээн байгуулалтаар нэрлэсэн юм.   

Арктикийн бусад улсууд ба БНХАУ

Арктикийн бүсийн улсуудаас БНХАУ эхлээд ОХУ-тай л нягт хамтран ажиллаж байсан бол энэ байдал өөрчлөгдөгджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд “Нэг бүс, нэг зам” санаачилгын хамтын ажиллагааны форумын үеэр "Скандинавын орнуудад төсөлд нэгдэх боломж олгоно" гэж тов тодорхой мэдэгдсэн.

Хятад улс уламжлалт Малаккын хоолой болон Суэцийн сувгаас хамааралтай байдлаа бууруулахын тулд Оросын Хойд тэнгисийн замыг (Northern Sea Route) ашиглан Европ руу хүрэх тээврийн хугацааг бараг 2 дахин товчлох стратегиа хэрэгжүүлж эхэлсэн нь энэ байсан бөгөөд Өдгөө Sea "Legend Line" тээврийн компани 2026 оны тээврийн улиралд БНХАУ-аас Европ руу Арктикийн замаар явах 8 удаагийн тогтмол чингэлэг тээвэрлэлтийг амжилттай эхлүүлсэн. Энэ нь Нинбо боомтоос Английн Феликстоу хүртэлх хугацааг 20-22 хоног болгон богиносгожээ (уламжлалт замаар 40-50 хоног байдаг).


БНХАУ ийнхүү Арктикт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн хэрээр олон улсын болгоомжлолыг төрүүлж буй. 

Тодруулбал, УАЦЭ болон Европын Холбоо хариу арга хэмжээгээ авч байгаа бөгөөд УАЦЭ 2026 оны хоёрдугаар сараас Арктикийн бүс нутаг дахь хяналт, тандалтаа сайжруулах зорилгоор "Arctic Sentry" хэмээх цэргийн ажиллагааг эхлүүлсэн бол ердөө өчигдөр  /2026.Х.20/ ЕХ-ны Гадаад хэргийн тэргүүн Кая Каллас Хятад, Оросын нөлөөг сөрөх чиглэлээр шинэчилсэн Арктикийн стратегийг танилцуулж, тус бүс нутгийг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөний шинэ фронт болсныг онцлоод байна.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна