“Иргэдийн ядуу хэсгийн 1072 хувьцааг хоногийн хоолоор сольж авах” эрхийг чинээлэг хэсэгт өгөх баригчдын тактик

Х.Батсайхан
1 цаг 13 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаагаа хөрөнгийн биржид арилжих эрхийг иргэдэд нээж өгнө гэж мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдлээ 2027 оны төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж хийсэн нь энэ ажлыг ирэх онд амжуулна гэж ойлгогдлоо.

Зарж борлуулах эрхтэй байна гэдэг иргэн тухайн хувьцааны жинхэнэ эзэмшигч болж байгааг илэрхийлэх үзүүлэлт мөн үү гэвэл мөн. Гоё сонсогдоно. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа бол өөр.

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа бол Монголыг 100, магадгүй 200 жил тэжээх их баялгаас иргэдэд ногдуулсан хувь. Энэ хувь ямар үед монголчуудад өгөөжөө өгөх вэ гэвэл мэдээж хэрэг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашигт ажиллагааны түвшин дээшилж, Тавантолгойн бүлэг орд бүтнээрээ эргэлтэд орсон үед л өгнө.

Гэтэл Тавантолгой бүтнээрээ эргэлтэд орох яагаач үгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэлд одоогоор

-Баруун Цанхи нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га,

-Зүүн Цанхи нэртэй 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га,

-Шар тээг нэртэй 11955А тусгай зөв­шөөрөл бүхий 24532 га,

-Бор толгой нэртэй 11953А тусгай зөвшөөрөл бүхий 12871 га,

-Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөв­шөөрөл бүхий 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрөл бий. Эдгээрээс Шар тээг, Бор толгой, Бор тээг эргэлтэд ороогүй байгаа. Шар тээг, Бор толгой хоёрыг хэрхэх талаар яригдаа ч үгүй байна.

Энэ бол нэг талаараа Тавантолгой бүрэн утгаараа эргэлтэд орох болоогүй, нөгөө талаараа  монголчууд Тавантолгойн 1072 хувьцааныхаа үнэ цэнийг ойлгох болоогүй гэсэн үг.

Гэтэл харамсалтай нь, Н.Учралын Засгийн газар урьд өмнөх Засгийн газруудын нэг адилаар иргэдэдээ өгсөн 1072 хувьцааны хойноос ангуучилж эхэллээ. Засгийн газар өмнө нь иргэдэдээ 1072 хувьцааг ширхэгийг нь 1000 орчим төгрөгөөр үнэлэн худалдахыг санал болгож байсан. Улмаар иргэд сургалтын төлбөрт ашиглах, 300 шихэг хувьцааг 300,000 төгрөгөөр худалдах зэргээр хувьцаанаасаа хорогдуулж ирсэн түүхтэй.

Өдгөө иргэд “Эрдэнэс Тавантолгой”-гоос 15 янзын тоо ширхэг бүхий хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд хамгийн бага нь 222 ширхэг хувьцаатай байна /Хүснэгтээр харуулав/.

 


Дээрхээс харахад, өмнө нь төр иргэдийнхээ хувьцаанаас хумсалж, “Үнэгүй хувьцаанд үнэ тогтоох зорилготой байсан” гэж зөвтгөдөг байлаа. Гэтэл одоо Хөрөнгийн бирж дээр хоёрдогч арилжааны боломжийг үүсгэнэ гэдэг нь худалдан авагч нь төр биш, мөнгөтэй ААН, иргэд байх нь тодорхой. Орд эргэлтэд бүрэн ороогүй, үйл ажиллагаа нь тогтворжоогүй буюу товчхондоо үнэлгээ багатай айгаа үед ийм боломжийг нээж өгөх нь нэг хэсгийг нь хохироож, нөгөө хэсэг нь баяжих замыг нээж өгч байгаагаас ялгаагүй. Хатуухан хэлэхэд хуульчлагдсан хулгайн боломжийг бүрдүүлж байна.

Зүй нь, Засгийн газар эхлээд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн IPO-г гаргаад хэсэг хугацаанд ажиллаж, компанийн үнэлгээ, ашигт ажиллагааг боломжит дээд түвшинд аваачих шаардлагатай.

Энэ үед иргэд 1072 хувьцааныхаа үнэ цэнийг мэдэж авна. Ирээдүйд хэчнээн их өгөөж хүртэхээ ч төсөөлнө. Улмаар арилжих эсэх шийдвэрээ бодитойгоор гаргах боломж бүрдэнэ. Иргэнээ боддог төр бол чухам энэ үед л биржид арилжих боломжийг нь нээж өгөх ёстой.

Үүнд нэг жил буюу 2027 он хүрэлцэхгүй гэж мунхаглана. Энэ бүх үйл явцыг алгасаж, ингэж яарч байгаа нь, цалин тэтгэвэр нэмж, мах шөлний үнэ өссөний дараа иргэдийнхээ хувьцааг хэдэн кг махаар солих санаатай хэн нэгэнд туслаад, хамжиж оролцоод байна уу гэж хардахад хүргэж байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна