“Азийн цом 2029” тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрхийн төлөөх сорилгын D хэсэгт манай багтай учраа таарсан багуудаас хамгийн чанга нь Тайланд байсан билээ. Тайландын багт гаднын легионер гэмээр хоёр ч тоглогч байсны нэг нь монголчуудын эртний танил Фредди Лиш байв.
Дөрвөн жилийн өмнө "Азийн цом 2025" тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрхийн төлөөх сорилго тэмцээний хүрээнд Монгол Улсад анх ирж бужигнуулсан тэрбээр дараа нь Дээд лигийн "Завхан бродерс" багтай гэрээлэн тоглож байв.
Олон улсын сагсанбөмбөгийн холбоо түүний талаар нийтлэл гаргаж байсан бөгөөд түүнийг бусад эх сурвалжийн мэдээллээр баяжуулан хүргэж байна.
Fiba.basketball нийтлэлээ “Түүнийг бөмбөг аваад урагшлахад эсрэг баг нь бараг бүгдээрээ шахуу будагтай талбайгаа хамгаалахаар буцдаг. Гэсэн ч Лишэд тийшээ орох шаардлага бараг үгүй, ээлжит гурван оноогоо авчихаад хамгаалалтад шилжих бөгөөд энэ бүхэн маш хурдан болж өнгөрдөг.
Ердөө 1 м 73 см өндөртэй хамгаалагчийг барихад өрсөлдөгчдөд нь яагаад ийм хэцүү, тоглолт бүрт 22 оноо авахуулж, дундаас 55.6, холоос 46.7 хувьтай шидүүлээд байдаг юм бол... Монголын хүйтэн цаг агаар түүнийг магадгүй яльгүй халшруулж магадгүй, харин өрсөлдөгч багууд бол хэзээ ч түүний итгэлийг алдуулж чадахгүй юм” хэмээн эхлүүлээд “Би өөртөө, хийх гэж байгаа зүйлдээ үргэлж итгэлтэй байдаг. Баг хамт олон, дасгалжуулагч маань ард байж, чөлөөтэй тоглох боломж өгдөг нь намайг илүү эрх чөлөөтэй тоглох боломжийг олгодог юм. Гэхдээ мэдээж, байнга дураараа байгаад байна гэж байхгүй, багийн системд зохицож тоглож чадна” хэмээн өөрийнх нь үгээр үргэлжлүүлжээ.
Дараа нь “Түүний хэлж байгаа үнэн бөгөөд хэрвээ жаахан судлаад үзвэл яг энэ чөлөөтэй, дайчин тоглолтоороо Азийн сагсан бөмбөгийн ертөнцийг 10 жил шуугиулж явааг нь мэдэх байсан биз” хэмээн тодотгосон байна. Монголын сагсанбөмбөг сонирхогчид ч өчигдөр энэ чанарыг нь хангалттай мэдэж авцгаасан биз ээ.
Тэрбээр Хавайн арлаас гаралтай, бага залуу насандаа АНУ-аар хөндлөн гулд явж сагсанбөмбөгийн эрдэмд суралцсан нэгэн аж. Алабамагийн их сургуулийн төгсөх курст байхдаа энэ аялалаа эхлүүлж, дэлхийн олон оронд тоглосон байна. Зөвхөн АНУ-даа гэхэд л Алабамагаас Милоуки, Орегон хүртэл аялжээ.
Фредди өөрөө энэ талаар “Сагсанбөмбөг бол миний хувь тавилан гэдгийг би багаасаа л мэддэг байсан. Хэрвээ ямар нэг зүйлийг үнэхээр хийхийг хүсэж байгаа л бол өөрөө л биелүүлнэ, хэн ч өмнөөс чинь хийж өгөхгүй гэдгийг хүн сайтар ухаарч ойлгодог байх ёстой. Миний хувьд, мөрөөдөл маань Алабамагийн их сургуулийн төгсөх курсын оюутан байхад биелсэн юм. Мэргэжлийн сагсанбөмбөгч болох, сургуулиа төгсөх сонголттой нүүр тулж билээ” хэмээн дурссан байна.

Азид тэр Тайланд болон өөр бусад улсын /нийтлэлийг бичигч яг ямар улсуудад тоглож байсан бэ гэдгийг нь дурдаагүй байсан/ лигүүдэд тоглож, олон ч амжилт гарган, шагнал урамшуулал хүртжээ.
Харин Тайландын шигшээд тоглох болсон тухайд, тэрбээр Тайландын лигт тоглож байснаас гадна ээж нь Тайландад төрсөн аж. Тиймээс дасгалжуулагч Эд Торрес санал тавихад нь талархан хүлээж авсан гэнэ. Түүнийхээр, ард нь бүхэл бүтэн улс зогсож байдаг учраас шигшээ багт тоглох нь маш хариуцлагатай, нэр хүндийн хэрэг ажээ.

“Би замналдаа олон удаа цом өргөж, шилдэг тоглогчийн шагнал ч авч байсан. Гэхдээ сагсанбөмбөгийн хамгийн чухал нь тэмцээн, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ газар орноор аялах явдал юм. Ээж минь Тайландад төрсөн гэдгийг мэдсэн цагаас хойш л надад мөрөөдөл бий болсон. Тэр мөрөөдөл минь биелсэнд баяртай байна” гэж тэрбээр энэ талаараа ярьсан байна.
Шигшээ багт орсноороо тэрбээр НБА-гийнх биш ч ОУСБХ буюу ФИБА-гийн тамирчин болсон юм.
Монголын багийн эсрэг 30 оноо авсан хэрнээ “Монгол залуус миний тоглолтыг аймшигтай хязгаарлалаа” гэж ярьсан аатай сагсанбөмбөгч, аюултай №3-ын талаар бага ч гэсэн мэдээлэл хүргэхэд ийм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна