V дулааны цахилгаан станц 38 жил гацсан, VI ДЦС хэдэн жил болох вэ?

С.Гандэлгэр
8 цаг 49 минутын өмнө

Монгол Улс хамгийн сүүлд 1983 онд ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 43 жилийн хугацаанд өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон шинэ станц ашиглалтад ороогүй. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх цахилгааны хэрэглээг хангахад Бөөрөлжүүт, Багануурын цахилгаан станц том нөлөө үзүүлж байгаа ч хэрэглээний өсөлтөөс үүдэлтэй чадлын дутагдал хэвээр байгаа тул цахилгаан дулаан хосолсон өндөр хүчин чадал бүхий станцтай болох хэрэгцээ маш их бий.

Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа ДЦС-3-ын дэргэд 300МвТ хүчин чадалтай VI цахилгаан станц барьж байгуулна гэдгээ мэдэгдлээ. Тус төслийг барьж байгуулахад зориулж 2027 онд 400 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

Эндээс хэд8 хэдэн асуудал урган гарч буй.

Олон жил гацсан ДЦС-5 ашиглалтад ч ороогүй байхад ДЦС-6 бодитоор ажил болоод ашиглалтад орж чадах уу ?

Тэртээх 1988 оноос ДЦС-5-ын асуудал яригдаж эхэлсэн ба Д.Бямбасүрэн Ерөнхий сайдын үеэс ДЦС-5-ыг барих талаар ярьж эхэлсэн гэдэг. Хэд хэдэн удаа бууриа сэлгэж, тэр болгонд нь тэрбум тэрбум төгрөгөөр ТЭЗҮ /Техник эдийн засгийн үндэслэл/ боловсруулсан. Түүгээр зогсохгүй төдийгөөс өдий хүртэлх алдагдсан боломж, ОХУ, БНХАУ-аас импортлон авсан цахилгаан эрчим хүчийг дотооддоо шийдэх боломжтой байсныг тооцвол тоймгүй дүн гарах биз. Өнгөрсөн 2025 онд тухайн үеийн хотын дарга Х.Нямбаатар тус төслийг хөдөлгөж МИТАЙМ ИНТЕРНЭЙШНЛ гэх компанитай гэрээ байгуулсан. 2028 оны намар ашиглалтад орох товтой байгаа. Гэвч 38 жил гацсан төслийн чөдөр тушаа тайлагдаад тийм богино хугацаанд ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй.

Мэдээж өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахын тулд дараа дараагийн эх үүсвэрээ зэрэг төлөвлөх шаардлагатай. Гэхдээ өнгөрсөн 43 жилийн түүхээс харахад "зарлах" болон "барьж ашиглалт оруулах" гэдэг үгсийн хооронд асар том зай, асар урт хугацаа, эргэлзээтэй байдал, бодит байдлын зөрүү байгааг дурдах нь зүй.

Нөгөө талаар одоо яригдаад байгаа 6-р цахилгаанц станцын төсөл хэрэгжсэн тохиолдолд ТЭЗҮ, судалгаа, зөвлөх үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээнд дахин дахин хэдэн тэрбум төгрөг төлсөөр байх ёсгүй. 5-р цахилгаанц станц бол саяхныг хүртэл нэг ширхэг цемент ч цутгахгүйгээр татвар төлөгчдийн мөнгө хэдэн тэрбумаар үрэгдсэний бодит жишээ юм.

5-р цахилгаан станц ашиглалтад орох нь 38 жил хүлээгдэж байна. Одоо ч ашиглалтад ороогүй. Ингэж хүлээлгэсэн төр ДЦС-6-г хэдэн жил хүлээлгэх вэ ? Төсөл гацвал хэнд хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой болгох нь зөв биз.

ДЦС-3-ын өргөтгөлийг яах вэ?

Хоёрдугаарт ДЦС-6-гийн байрлал анхаарал татаж байгаа юм. Тодруулбал тус төслийг одоогийн ДЦС-3-ын дэргэд хэрэгжүүлнэ гэж байгаа. Харин нөгөө талд 2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол дахь айлчлалын үеэр III ДЦС-ыг өргөтгөх зураг төслийг боловсруулах ЗГ хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, УИХ соёрхон баталсан байдаг.

Төсөвт өртөг нь 1.5 тэрбум евро буюу 5.5 их наяд төгрөг. ОХУ-ын "Интер РАО Экспорт" компани тус төслийг хэрэгжүүлэх бөгөөд ДЦС-3-ыг өргөтгөснөөр 300МБТ хүчин чадал нэмэх тооцоо бий. Ямартай ч Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан учраас төсөл хэрэгжинэ гэсэн хүлээлт буй.

ДЦС-3-ын өргөтгөл ч, ДЦС-5 төсөл ч урт удаан хугацаанд яригдсан төслүүд. Гэтэл гэнэтхэн ДЦС-6-г зарлаад, ирэх оны төсөвт 400 тэрбумыг төсөвлөнө гэдэг хачирхалтай.

Үүнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд яригдах ёстой зүйл бол төрийн бодлогын тогтвортой байдал. Нэг Засгийн газар нь нэг төсөл эхлүүлээд нөгөө нь зогсоодог, ТЭЗҮ-г нь шинэчилдэг, хөрөнгө оруулагч нь өөрчлөгддөг байдал Эрчим хүчний салбарт дахин тохиож болохгүй.

Тиймээс нэг газарт хоёр төсөл зэрэг хэрэгжүүлэх эсэх, эдийн засгийн боломж байгаа эсэх болон хэрэгжих хугацаа зэргийг Засгийн газар мэдээллэх хэрэгтэй.

Эрчим хүч үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой стратегийн салбар. Тийм ч учраас өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд шинэ станц хэрэгтэй. Гэхдээ түүнээс илүү дуусдаг төсөл хэрэгтэй. 40 гаруй жил нэг ч эрчим хүчний том төслийн ард гарч чадаагүй Монгол төрийн "Шинэ станц барих" төлөвлөгөө үг биш үр дүн байх ёстой.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна