​”Entree resources”-ын хувьцааны ханш өсөж, Оюутолгойн ХОГ байгуулагдах үеийн оргил үзүүлэлтэд дөхжээ

Zuv.mn
1 цаг 4 минутын өмнө

Канадын ”Entree resources” компанийн гүйцэтгэх захирал Крис Адамс өнгөрсөн сарын 28-ны өдөр компанийн албан ёсны цахим хуудастаа “Хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэх захидал” нэртэй, өнгөрсөн зургадугаар сард компанийн гүйцэтгэх захирлын ажилыг авснаасаа хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг нийтэлсэн билээ.

Энэхүү захидал нийтлэгдсэний дараа ”Entree resources”-ын хувьцааны ханш өсөж, 2007, 2009 оны Оюутолгойн ХОГ байгуулагдах үеийн оргил үзүүлэлтэд дөхжээ.

Тус компанийн түүхэнд хувьцааных нь ханш өсөж, 3 ам.доллараас давж байсан гурван үе байдаг. Эхнийх нь Жавхлант, Шивээ толгой тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлж авсан 2003 он 9-11 дүгээр сар бөгөөд энэ үед компанийн хувьцааны ханш 0.25 центээс 2.70 хүртэл огцом өсөлтийг үзүүлсэн.  

Дараагийнх нь Монгол Улсын Засгийн газар“Айвенхоу майнз Монголия инк” (одоогийн Рио Тинто) компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний анхны албан ёсны төслийг хэлэлцэн тохиролцож, УИХ-д өргөн барьсан 2007 он, мөн Д.Зоригт сайдын үед буюу Оюутолгойн ХОГ эцэслэн байгуулагдсан 2009 он аж.


2009 оны тухайд, Оюутолгойн төслийн ХОГ зурагдсанаас гадна тус компани төслийн  талбайг тойрсон байршилтай Жавхлант, Шивээ толгой тусгай зөвшөөрлүүдээ ашиглалтынх болгож чадсан нь /Гэхдээ энэ процесс туйлын сэжигтэй бөгөөд бид энэ сэдвийг хөндөх болно/ нөлөөлсөн байдаг.

Тэгвэл хамгийн сүүлийнх нь Крис Адамсын захидал нийтлэгдсэний дараа тохиож байгаа бөгөөд 2.88 доллар болтлоо өсжээ.

Засгийн газар буулт хийж, монголчууд Жавхлант, Шивээ толгойгооо эзэмших боломжоо алдсан уу

Крис Адамсын захианд “Онтрэ” компанийн эзэмшдэг уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг “Оюу Толгой ХХК”-д шилжүүлэх үйл явц нэгэнт эхэлсэн, өнгөрсөн зургаадугаар сард тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээний тооцооллыг шинэчилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлсний татварыг Монголын татварын байгууллагад төлсөн. Одоо тусгай зөвшөөрөл шилжүүлснийг АМГТГ-т бүртгүүлэхээр ажиллаж байна” гэж дурдсан нь Монголд өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв болж, О.Батнайрамдал гишүүн УИХ-ын гишүүд Байнгын хорооны хуралдаан дээр хөндсөн.

Тэгвэл бас нэгэн анхаарал татахуйц өгүүлбэр байсан нь “Оюу Толгой” ХХК-тай хамтран “Онтрэ”-гийн хамтарсан үйлдвэр, үйлдвэр дэхь хувь оролцооны асуудал юм.

“Онтрэ” ХХК одоогийн “Рио Тинто”-той

  •    560 метрээс дээш (газрын гадаргаас 560 метр хүртэлх гүнд): Эдийн засгийн өгөөжийн 70.0 хувийг Оюу толгой, 30.0 хувийг "Онтрэ" компани хүртэнэ.
  • 560 метрээс доош (560 метрээс доош гүнд): Эдийн засгийн өгөөжийн 80.0 хувийг Оюу толгой, 20.0 хувийг "Онтрэ" компани хүртэнэ гэсэн тохироо хийсэн. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Оюутолгойн сонсголын үеэр Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Онтрэ”-гийн талбай дахь нөөцийг ашиглах нь талуудын аль, алинд ашигтай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл “Онтрэ”-гийн талбайд байгаа биетийг Оюутолгойгүйгээр ашиглах өөр арга байхгүй. “Оюутолгой” ХХК хөрөнгө оруулалтаа хийх үүргээ биелүүлсэн. Бүх дэд бүтэц, баяжуулах үйлдвэр нь Онтрэгийн талбайг ашиглаад явна гэж төсөөлж байгаа. Өөрөөр хийх юм бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана” гэж хэлсэн.

Мөн “Лицензийг  “Онтрэ” ХХК-ийнх мөн гэдгийг одоогийн байдлаар хүлээн зөвшөөрч байгаа учраас лицензийг нь аваад үйл ажиллагаа явуулбал хуваалцах ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр өгөх ёстой. Тэрийг л тохиролцох гэж, гол асуудлуудын нэг нь тэр байгаа юм” гэсэн үгсийг унагаж байсан.

Тэгвэл Крис Адамсын захидалд бичсэнээс талууд хамтрал, хувь хэмжээгээ аль хэдийнэ тохирсон гэж уншигдана.

Тэгвэл өмнө нь гацаад зогсчихсон, Оюутолгойн сонсгол дээр яригдах хэмжээнд гацсан байсан асуудал гэнэт хөдөлсний учир юу вэ. Монголын тал АМГТГ дээр барилт хийж, лицензийг шилжүүлэх асуудлыг царцаасан ч хэлэлцээрийг /Онтрэгийн хэлэлцээр/ алгуурласаар байгаа. Гэтэл нөгөө талд “Онтрэ” “Рио Тинто”-гийн хамтрал өмнөх тохироогоороо эрчимтэй урагшилж байгаа нь Монголын Засгийн газар Оюутолгойн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж, менежментийн төлбөрийг 50 хувь буулгасных нь хариуд “Онтрэ” ХХК-ийн лицензийг цуцалж төрийн мэдэлд авах, 2009 оны ХОГ-нд хамааруулахгүй тусдаа гэрээ байгуулах зэрэг асуудалд буулт хийсэн юм биш байгаа гэсэн болгоомжлол төрүүлсээр байна. 

Өөрөөр хэлбэл, адаглаад өөрт ногдох 34 хувиа 2009 оны ХОГ-нд хамааруулахгүй, харин “Орано”-той ХОГ байгуулахын өмнө бий болгосон хууль эрхзүйн орчны давуу талаа шингээж, тусгай АМНАТ юм уу бүтээгдэхүүн хуваах зарчмаар эзэмших эрмэлзлээ алдаагүй байгаа гэсэн зовинол байна.

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто"-гийн хэлэлцээр албажиж, менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулах, зээлийн хүүг 2.5 хувиар бууруулах тохиролцоо бодит болсон. 

Гэвч энэ бол "Онтрэ"-тэй харьцуулахад хамаагүй жижиг асуудал бөгөөд менежментийн төлбөрийн багасалт гэхэд жилдээ 70 орчим сая ам.доллар байгаа. 

Тиймээс бидэнд Онтрэгийн тусгай зөвшөөрлийг төрд ашигтай хувилбараар шийдэх, энэ бүхнээ амжилтад хүргэсний дараа 2009 оны хуучин гэрээг шинээр бичих чухал даалгаврууд байгаа. 

Гэтэл хийх ажил яагаа ч үгүй байхад салбарын сайд нь Ажлын хэсгийнхэнтэйгээ хамтарсан мэдэгдэл хийсэн нь дараа, дараагийн хэлэлцээр бүтэлгүйтэх вий, сүүлд нь чухал асуудал дээрээ буулт хийчихээд сэдэв бүр дээр үр дүн, бүтэлгүйтлийг тэнцвэржүүлэх мэргэн санаа олчихоод ингэж сүржигнэж байх вий гэдэг болгоомжлолыг төрүүлж ирсэн. 

Тиймээс ордын нөхцөл байдлын талаар дахин хөндөж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна