Э.Бат-Үүл шинэ нам байгуулахаар зэхэж сууна уу

2017/01/06
Өнгөрсөн хугацаанд олон нийтийн сүлжээгээр Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Ардчилсан намаас өрх тусгаарлаж шинэ нам байгуулах гэж байгаа тухай яриа газар аваад байсан. Тэгвэл энэхүү яриаг батлах мэтээр өчигдөр хотын дарга асны туслах Б.Батсүх болон Хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Бадрал нар өнгөрсөн есдүгээр сард “Ардын Их Хурал” хөдөлгөөнийг байгуулж 200 гаруй гишүүнтэй болсон тухай мэдээллийг өглөө.

Тус хөдөлгөөний гол зорилго нь Ардын Их Хуралтай төрийн тогтолцоог бий болгох гэнэ. Тэд улс оронд үүсээд буй нийгэм, эдийн засгийн хямрал нь одоогийн төрийн тогтолцооноос үүдэлтэй бөгөөд цаашид олигархиудын биш, ард түмэн засаглах нь хямралыг давах шийдэл хэмээн үзэж буй аж. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн сард хотын гудамжинд “Ард түмний сонорт” гэсэн ухуулга хуудас олноороо наагдаж хууль хяналтынхан энэхүү хуудсыг наасан хүмүүсийг эрэн сурвалжилж байсан.

Тэгвэл уг хуудсыг тус хөдөлгөөний залуус гудамжинд наах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Энэ талаар “Ардын Их Хурал” Хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүх “Өнгөрсөн сарын 5, 6-ны өдөр бид ухуулах хуудас тараасан. Энэ үеэр ухуулга хуудас тарааж явсан залуусыг ТЕГ болон ЦЕГ-аас барьж, тусгай өрөөнд оруулан байцааж, 2-3 цаг саатуулж, утсыг нь хураан авч, доторх мэдээллийг зөвшөөрөлгүй үзэж, “энэхүү үйл ажиллагаа таван жилийн хорих ялтай” гэж айлган сүрдүүлж, хүний эрхэнд халдсан. Тиймээс ЦЕГ, ТЕГ-ыг иргэдийнхээ эрх чөлөөг хангах Үндсэн хуулинд заасаг чиг үүргээ биелүүлэн ажиллахыг хүсч, дуудаж байцаадаг, айлган сүрдүүлдэг үйлдлүүдээ зогсоохыг шаардаж байна. 

Ард түмэн бидэнд улс төрөө удирдан жолоодох эрх бий. Өнөөдөр ард түмэн бид босохгүй бол болохоо байсан байна. Өнөөдөр таны миний, үр хүүхдүүдийн маань амьдрал болохгүй байна. Бид өөрсдийнхөө төлөө өөрсдөө дугарахгүй бол гадны хэн ч ирээд биднийг хөгжүүлж өгөхгүй. Монгол хүн Монгол Улсдаа эзэн нь байх ёстой.Харин энэ бүх өөрчлөлтийг аль нэг нам, улс төрийн хүчин хийхгүй. Ард иргэд, олноороо ярилцаж улс төрийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон байна.Бид энэ талаар үзэл баримтлалаа ч боловсруулчихсан байгаа.

Тэгэхээр бид энэ олигархижсан тогтолцоог халахгүй юм бол аль ч улс төрийн нам хүчин гарсан улс хөгжихгүй. Нэг нэгээр нь сонгож үзлээ, нийлүүлээд сонгож ч үзлээ. Болохгүй байна. Тиймээс ард иргэд нийлж улс төрийнхөө тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Үүний төлөө ард түмэн минь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдээрэй гэж уриалж байна. Цаашид ард түмэнтэйгээ хамтран олон арга хэмжээг авах болно” хэмээв.

Ямартай ч байгуулагдаад гурван сарын нүүрийг үзэж буй тус хөдөлгөөний энэхүү үйлдлийг харахад Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй хамгийн ойр шадарлаж байсан журмын нөхөд нь хөдөлгөөн байгуулж Ардын Их Хуралтай төрийн тогтолцоог бий болгох ёстой гэж хэлж байгаа нь Э.Бат-Үүл даргыг шинээр нам байгуулах гэж буйг нь батлаад өгч буй бололтой.

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна