Популист гэж хэн бэ? Андуураад байх юм

2017/01/06

Манай нийгэмд бүх юмны талаар гаж буруу ойлголттой байх нь эмгэнэлтэй. Эх орноо харьд бэлэглэн шан хүртэх эд өлөг гэж бодно, хуурмаг хортой эд өлгийг эх орноос дээд элгэн төрлөө гэж үзнэ, бурханыг чөтгөр гэж жигшнэ, чөтгөрийг бурхан гэж шүтнэ, урвагчийг удирдагч гэж сонгоно, удирдагч болох хүнээ шаарлан ёроолд унагана, анд нөхдөө алуурчин дайсан гэж хажиглана, боолчлогч колоничлогчдыг тэжээгч хөгжүүлэгч гэж гэж долигононо, зальхайг сайн үйлстэн гэж өргөмжилнө, сайн үйлстэнийг галзуу солиотой гэж сэжиглэнэ, тэнэг гажгийг аугаа ухаантан гэж дагана, ухаант мэргэдээ орох орон, оочих аягагүй болгож мөхөөнө, мууг сайн гэнэ, сайныг муу гэнэ.

Үүн шиг л популист гэдэг ойлголт манайд гаж буруу төлөвшсөн байх аж. Дэлхий дахинд массын ямар нэг хэрэгцээг биелүүлнэ гэж худал амлан, төрийн эрхийг авах буюу авахыг оролдох үзэгдлийг хэлж байна. Үнэнч шударга биш, чадваргүй, гэмт санаархалтай хүн ийм зүйл хийдэг гэсэн түгээмэл ойлголт байна. Манай бүх амжилт олсон улс төрч бол чухам худалч мэхлэгч, боловсрол мэдлэггүй, хулгайч урвагч тул популист гэсэн ойлголтод яв цав тааран нийлэлдэж байгаа юм. Дэлхийд бол популизмыг гэмт хэрэг гэж үздэг нь аргагүй.

Байгалийн баялгийг ард түмний өмч болгоно, сайн сайхны тусын тулд зориулна гэж амлачихаад, улам харийн саварт гүн бат атгуулж, өөрөө үртэс үйрмэгийг нь долоон баяжиж байгаа гэмт этгээдүүдийг популист гэдэг юм. Аз жаргалтай ирээдүйг цогцлооно гэж амлачихаад, Монгол улс үндэстнийг устгах аюумшигт бизнес хийж байгаа урвагчдыг популист гэдэг юм. УБ-ын утааг багасгана гэж амлачихаад, амьсгалах агааргүй, үзэгдэх орчингүй болгон хөнөөж байгаа алуурчдыг популист гэдэг юм.

Тэднийг хүний хайлан гэж төөрөлдөн сонгож байгаа ухвар мөчид харанхуй боолчуудыг хар масс гэдэг юм. Хар масс нь дээрхи популистуудаас дутуугүй улс орноо сөнөөгчид мөн. Байгалийн баялгийг харийнхан цөлмөж байхад үйлчлэн үхэлдэж, хэдэн зоос салган, ялт этгээдүүдийн гал хамууд нь болдог. Монгол монголоо үзэн ядах, сөнөөхийг дэвэргэн, хар амиа хоохойлж, өчүүхэн өт хорхойн эрх ашигт захирагдан, урвагчдын үнэнч туслагчид нь болдог. Монголчуудыг оршин тогтнох аргагүй болгон, мохоох мөхөөх орчинг бүрдүүлэлцэж, алуурчдад дүүжлүүрийн олс бэлтгэж өгдөг мунхаг зарц нар нь болдог. Хар масс популистууд үүсэх, үржих хөрс нь болж дэвсгэрлэдэг.

Монголд өнөөдөр эх орон, элгэн түмнийхээ эмгэнэлт хувь заянд эмзэглэн, үнэнийг хэлж байгаа хүнийг популист гэх юм. Тэр хүн боов боорцог өгнө гэж худал амласангүй, газар нутгаа харьд түрээслэчихээд гэдсээ илээд хэвтэж бай гэж таатай тавтай мэтийг ухуулсангүй, хамаг боломж бололцоо хомсдож байна, хамтдаа тэмцэх хэрэгтэй байна гэж үнэнийг үгүүлж байгаа юм чинь яаж популист байх юм бэ? Манайд улс орныхоо хүнд хэцүү нөхцөл байдалд эрхгүй санаа зовон, эхнээс нь судалж тодруулж, хэлж таниулж ирсэн мэдлэг чадвартай хүнийг популист гэж байна. Тийм хүнд худал ярих ёсзүй, хүмүүжил төлөвшил байхгүй юм чинь яаж популист байх юм бэ. Манайд улс түмнийхээ төлөө амь амьдралаа зориулан зүтгэж байгаа шалгарсан цолгорсон эх орончдоо популист гэж нэрлэж, харьд Монголыг идүүлдэггүй эднээс болж улс орны хамаг саар муухай үүдэв гэж хараан зүхэж, үзэн ядаж, ганцаардуулан цөхрөөж, гишгэх газаргүй, амьд явах аргагүй болгож байна. Авах идэх биш, буй бүхнээ хайрт ард түмэндээ зориулъя гэж байгаа тэд яаж популист байх юм бэ.

Тарвагыг хошгоруулж намнадаг. Хошгоруулна гэдэг улс төрийн хар ярианы хэллэгтэй популизм нь ойртож очно. Намнах гэж популизмыг хийдэг байхгүй юу. Намнаад, махыг нь идээд, арьсаар нь хувцас хийх гэж хошгоруулдаг юм аа. Тийм болохыг хүсэн мөрөөдөж, тэчьяадан донтдоггүй л юм бол, хөлөөсөө дүүжлүүлсэн мэт урвуу уруу, доож цаазын байдлаа орхиж, Босоо Монгол язгуурын хувь заяагаа сонгож, популист хошгоруулагчдыг түүхийн хог дээр хаяж, бүгд авралын эзэн эх орончид болмоор байна шүү.

Эх оронч гэдэг нь өөрийнхөө өмнөх оногдсон ажлыг л хийдэг, гэр орноо тойлддог, харин эх орныхоо төлөө гэж тусгайлан юу ч хийдэггүй хүнийг хэлнэ гэж поулистууд хуурч, цаасан малгай өмсгөж, мөн чанартаа боол болгон дарлаж байдаг.

Эх оронч хүн гэдэг нь өмнөх ажлаа эх оронч сэтгэлээ шингээн хийгээд, гэр орноо тойлдоод зогсохгүй, эх орныхоо төлөө зэвсэг барин батлан хамгаалах, жагсаал цуглаанд оролцох, үнэнийг ойлгож ухаарах, бусдад мэдүүлэх, зөв хариуцлагатайгаар сонгуульдаа оролцож, буруу булхайтнуудыг илчлэн эсэргүүцэх, байгаль орчноо өмгөөлөх цэвэрлэх, албан тушаалтнууд, аливаа булхайтнуудыг хянах хязгаарлах, түүх соёлоо дээдлэх өвлүүлэх, эрхэм сайхан зан заншлаа эрүүл саруулаар баримтлах, буяны хүмүүнлигийн ажилд оролцож ядарсан зүдэрснээ өргөж тэтгэх гээд аль л чадах амжуулах зүйлээ боломжийнхоо хэрээр хийж бүтээж явдаг, нэг үгээр хэлэхэд хүний хайлан, тодруулж харахад монгол хүний монгол хайлан байх ёстой юм шүү!

Ч.Мөнхбаяр



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна