Агаарын бохирдлыг бууруулахад 2007-2016 онд Улс, нийслэлийн төсвөөс 119.7 тэрбум төгрөг зарцуулжээ

2017/01/31
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2007-2016 онд улс болон нийслэлийн төсвөөс 119.7 тэрбум төгрөг харин олон улсын зээл тусламжийн хүрээнд 87.1 тэрбум төгрөг зарцуулсан гэж Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн долдугаар хурлын үеэр мэдээллээ. Нийслэлээс энэ онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улаанбаатарт 2012 оноос Агаарын чанарын хяналт хийж эхэлсэн аж. Одоогоор 11 суурин станцаар дамжуулж агаар, орчны бохирдлын бодисын хэмжээг хянаж байгаа юм.

Гэр хороолол орчмын агаарын чанарын хяналтын мэдээгээр нарийн ширхэгт тоосонцор, хүхрийн давхар ислийн хэмжээ улам нэмэгдэж байгааг Нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн. Одоогийн агаарын бохирдлыг 2015 онтой харьцуулахад нарийн ширхэгт тоосонцор зургаан хувь, хүхрийн давхар исэл 44 хувиар нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, утаа их гаргадаг яндангийн тоог бууруулж, шинэ суурьшлын бүс бий болгоход анхаарч ажиллаж буй. Мөн цаашид шинэ цахилгаан станц барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, түүхий нүүрсний худалдаанд зохицуулалт хийхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, дулаан алдагдлыг бууруулах технологийг бодлогоор дэмжиж ажиллахаа Улаанбаатар хотын захирагч онцолсон юм.

Агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээнээс дурдахад Дэлхийн банкны төслөөр агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт нийт 200 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилуулсан байна. Энэ төслийг цаашид үргэлжлүүлж илүү олон сургууль, цэцэрлэг хамруулахаар зорьж байгаа юм. Мөн Ерөнхий боловсролын 48 сургуулийн бага ангийн сурагчдад 50 мянган ширхэг амны хаалт олгосон байна.

Үүнээс гадна Улаанбаатар хот Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-тай хамтарч 2009-2017 онд хоёр шатны төсөл хэрэгжүүлсэн. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлсэн энэ төсөлд нийт 2.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Төслийн хүрээнд агаарын бохирдлын чанарыг шалгах, энэ чиглэлийн тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг голчлон хэрэгжүүлсэн гэж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлсэн юм.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна