Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн ч өөрчлөлт гарахгүй байна

2017/02/10
Гэр хорооллын айл, өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа боловч одоогоор хэрэглээнд томоохон өөрчлөлт гараагүй талаар албаны эх сурвалж мэдээллээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүд дөрөвдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд 220 вольтын хэрэглэгчид 700 киловатт цаг, 

эрчим хүчийг оройны 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үнэ төлбөргүй хэрэглэж байгаа юм. Ингэснээр 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэж тооцоолжээ. Мөн хэмнэлттэй цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжинэ гэсэн хүлээлттэй байв. Хэдий тийм боловч цахилгаан халаагуур борлуулж байгаа компаниудын борлуулалтад дээрх шийдвэр мэдэгдэхүйц өөрчлөлт авчраагүй гэж “Дэлгэр Онон Партнерс” компаниас мэдээллээ. Учир нь айл, өрхүүд халаалтын асуудлаа 9-11 дүгээр сард бүрэн шийдвэрлэчихсэн байдаг. Гэхдээ Засгийн газрын энэ шийдвэр болон хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдаж авахыг уриалсан уриалгын дүнд иргэд дээрх чиглэлийн компаниудтай холбогдож ихээхэн судалгаа хийж байгаа гэдгийг салбарынхан онцоллоо. Тиймээс бодитой өөрчлөлт ирэх намраас гарч магадгүй байна.

Үүнээс гадна лхагва гарагт "Улаанбаатар хотын худалдааны танхим"-ын гишүүдийн уулзалтын үеэр Нийслэлийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бизнесийнхэнтэй хамтарна гэдгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцолжээ. Энэ тухай идэвхтэй ярьж эхэлснээс хойш сүүлийн хоёр сар орчмын хугацаанд бизнесийнхэнтэй яаж хамтрах талаар тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байгаа юм. Харин агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны хуралдааны үеэр "Ногоон зээлийн сан" байгуулж, дулаан алдагдал бууруулах байгальд ээлтэй бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж мэдээллээ.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна