"Terranova" брэнд нэг өдөрт борлуулж байгаа бэлэн хувцасны тоогоор Монголд тэргүүлж байна

2017/02/10
2016 оны хоёрдугаар хагаст дефляци гурван сар дараалсан боловч жилийн дүнгээр инфляцид шилжин 1.1 хувьтай гарсан талаар ҮСХ мэдээлсэн. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, орлогын өсөлт саарахын хэрээр дотоод эрэлт хумигдаж, инфляцийн түвшинд нөлөөлж байгааг эдийн засагчид онцолж байна. 2016 онд нийт импорт жилийн дүнгээр 11.6 хувиар буурч 3.3 тэрбум ам.доллар, экспорт 5.3 хувиар өсөж 4.9 тэрбум ам.доллартай тэнцсэн. Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч хямд үнэтэй брэндүүдийн хувьд худалдан авалт тогтвортой байна. Тухайлбал, бэлэн хувцасны зах зээлд өдөрт борлуулж байгаа хувцасны тоогоороо дотоодод тэргүүлж байгаа гэж “Terranova” брэндийн Монгол дахь дэлгүүр онцоллоо. “Номин Фэйшн”-ийн оруулж ирсэн тус брэнд өдөрт 1000 гаруй ширхэг бэлэн хувцас борлуулдаг.

Үүнээс гадна “Номин Хоум Стайл” Японы нэг үнийн анхны сүлжээ дэлгүүр “Can do”-ийг 2015 онд оруулж ирсэн. Энэ брэндийн дэлгүүрээр 5000 гаруй нэр төрлийн гэр ахуйн бараа, бүтээгдэхүүнийг нэг бүрийг нь 3499 төгрөгөөр борлуулж байгаа юм. Үүнээс гадна Японы гэр ахуй, өргөн хэрэглээний барааны “Japan Store”, “Miniso” брэндүүдийг онцолж болохоор байна. “Japan Store”-ийн хувьд 10,000 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 3500 төгрөгөөр борлуулдаг бол дэлхийн 36 оронд 2000 гаруй салбартай “Miniso” брэнд Улаанбаатарт хоёр жилийн хугацаанд 10-15 салбар дэлгүүр нээхээр төлөвлөсөн талаар Монгол дахь дэлгүүрийн захирал Н.Амартүвшин өмнө нь мэдээлж байсан.

Эдгээр брэндийн хувьд бүтээгдэхүүн нийлүүлэгчид нь бусад үйлдвэрлэгчидтэй харьцуулахад илүү өрсөлдөөнтэй байдаг. Тухайлбал, Японд 1000 гаруй салбартай "Can do"-д зөвхөн нэг төрлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд 100 үйлдвэрлэгч тендерт оролцдог байна. Хямд үнэтэй брэндүүд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нийцсэн өргөн хэрэглээний барааг борлуулж, хэрэглэгчдээ татах маркетингтай байдаг. Монголд ч мөн энэ зорилгодоо хүрч хэдийнэ байнгын худалдан авагчидтай болсон гэж салбар дэлгүүрүүд нь мэдээлсэн.

Харин Монголд “Номин Хоум Стайл” компани “Queenly” гэх гэр ахуйн барааны шинэ брэндийг 2016 оноос зах зээлд нэвтрүүлсэн. Ерөнхийдөө гэр ахуйн бараа тэр дундаа шаазан эдлэлийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Энэ хүрээндээ нэр хүндтэй чанартай брэндүүдтэй эн зэрэгцэхүйц түвшинд хүрч хамгийн гол нь харьцангуй хямд үнээр борлуулах зорилготой байгаагаа "Номин Хоум Стайл"-ын төслийн менежер С.Дөлгөөн онцолсон юм.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна