Нийгмийн амьдралын тодорхой үеүдэд уран зохиолын төрөл зүйлүүд харилцан адилгүй дэлгэрэн хөгжих явдал бий. Манай уран зохиолын хувьд л гэхэд 1920-оод он буюу Ардын хувьсгалын үед дуу (марш), 1930-40-өөд онд буюу дэлхийн хоёрдугаар дайны үед баатарлаг найраглал, 1970-80-аад оны үед роман голлон хөгжиж байсан нь харагддаг.
Тэгвэл эдүгээ буюу ХХI зууны эхэн үед нийтийн дуу, арилжааны кино, шог гараа хавтгайран дэлгэрч буй. Харин яруу найраг ямар байдалтай хөгжсөөр өнөөг хүрэв гэдгийг тунгаан үзэх боломжтой. Эртний уран зохиолын үеийн бичгийн яруу найргийн цөөвтөр уламжлалыг орчин цагийн уран зохиолын үед хөгжүүлсэн. Тухайлбал 1930-аад оны үеийн яруу найрагч Д.Нацагдорж сонгодог бичгийн хэлний яруу найргийг шинэ цагийн үзэл санаа, өнгө төрхөөр баяжуулан орчин цагийн уран зохиолын уран сайхны хэлний төлөвшилд зохих нөлөө үзүүлсэн. Түүний дараа монголын яруу найрагт бас нэгэн шинэлэг аяс оруулсан хүн бол Б.Явуухулан байв. Тэгээд Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, Д.Урианхай, Б.Галсансүх, Л.Өлзийтөгс.., гээд яруу найрагт өөрсдийн өнгө төрхийг нэмсэн цөөвтөр уран бүтээлчид төрсөн.
Жинхэнэ яруу найраг аль ч нийгмийн үед үнэлэгдэж ирсэн түүхгүй, боломж ч байхгүй. Ихэвчлэн яруу найргаар сургаалдах, үзэл санааны янхан болгох, зар сурталчилгаа хийх зэргээр л ашиглаж ирсэн агаад жинхэнэ яруу найраг нь тэдгээрийн хавсарга болон хөгжиж ирсэн буй. Хувьсгалын үед буюу уран бүтээлчээр нь үзвэл Д.Нацагдоржийн үеийн манай яруу найрагт хэдийгээр хувьсгалт шинэ үзэл санаанд уриалах нь чухал байсан боловч яруу найрагт шинэ амьсгал бий болсон нь “Дөрвөн цаг”, “Миний нутаг”, “Нууц янаг”, “Мөрөөдөл” гээд нэлээд бүтээлүүд гарснаас үзэж болно. 1920-1930-аад он нийгмийн амьдралын хувьд ороо бусгаа байсан ч пролетарийн диктатур жинхэнэ утгаараа тогтоогүй өөрөөр хэлбэл аль ч учраа олоогүй байсан нь тухайн үеийн яруу найрагт нийгмийн зүгээс ямар нэгэн хаалт хавчилга авчраагүй. Энэ нь яруу найрагт таатай нөхцөл болсон ч бичиг үсэггүй хар массын хэрэглээнд тохирсон яруу найраг зонхилж ардын журамт цэрэг гэх хар массын хэрэгцээг л хангах төдий байв. Хувьсгалын үзэл санаа төдийлөн гүнзгийрээгүй байснаас ард нийтийг уриалан дуудах хандлага хүчтэй байжээ.
1920-1930-аад оны үед яруу найрагчид ихээхэн нэр хүндтэй байж нийгмийн амьдралыг залан чиглүүлэгч, түүчээ болж байсан бөгөөд энэ нь нэг талаасаа сайн ч, нөгөө талаасаа муу байсан юм. Сайн тал нь гэвэл яруу найрагчид, уран бүтээлчдийн хэлсэн үг, хийсэн бүтээлийг ард нийтээрээ хүлээн зөвшөөрч, түгээн дэлгэрүүлдэгт оршиж байсан бол муу нь яруу найрагчид нийгмийн амьдралыг түүчээлэх үүргээ ухамсарлаж яруу найргаа нийгмийн бурангуй үзэл суртлаар буртаглаж байсанд оршино. Тухайн үеийн хүмүүсийн буюу нийгмийн масс харанхуй бүдүүлэг, хэрэглээ багатай, урлаг хийгээд яруу найрагт тавигдах шаардлага энгийн бөгөөд доогуур түвшинд байсан нь толгой холбосон л бол шүлэг гэх бурангуй үзлийг манай яруу найрагт гүнзгий төлөвшүүлсэн. Энэ үед Д.Нацагдоржоос өөр дорвитой уран бүтээлч төрөөгүй ч тэрээр манай яруу найргийн суурь болохуйц бүтээлүүдийг туурвиж чадсан. Д.Нацагдоржийн үеийн яруу найрагт тусгаар монгол улсын үзэл санаа, монгол орны байгалийн сайхан, түүний эзэн монгол хүн, монгол хүний ирээдүйд итгэх итгэл дүрслэгдэж байсан нь шинэлэг бөгөөд өөдрөг байв.
Харин дараагийн үед буюу улаан коммунизмын үед яруу найраг зүгээр л нийгмийн үзэл суртлын зэвсэг болсон билээ. Энэ үеийн яруу найрагт нам, найрамдлын сэдэв зонхилж, социализм коммунизмын удирдагчид тэдгээрийн мэргэн жолоодлого, МАХН-ын шийдвэрээр нийгмийн амьдралд өрнөж буй нэгдэлжих хөдөлгөөн, атар газрыг эзэмших явц, социализмын материал техникийн баазыг байгуулах ариун үйл хэргийн тухай дуулж, удирдагч Ю.Цэдэнбал гэгчийгээ магтаж байв. Материализм, марксизм, ленинизмын үзэл санааг философийн чиг шугамаа болгон үндэсний өв соёл, зан заншил, уламжлалт ахуйг хоцрогдсон гэдэг үгээр халхавчлаад, тухайн үеийн ЗХУ-ын уран бүтээлчдийн дуураймал хуулбарууд монголоор нэг болж, мөн хуулбар зохиолууд хэвлэгдэн яруу найраг жинхэнэ утгаараа үзэл суртлын янхсын үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед гарын таван хуруунд багтахаар цөөн яруу найрагчид жинхэнэ яруу найргийн амийг таслалгүй авч үлдсэн бөгөөд тэрхүү яруу найргийн амь амьсгал нь хайр сэтгэлийн хийгээд эх орон, эцэг эхийн элбэрэл журмын уянга нэрийн дор хадгалагдан үлдсэн юм. Д.Нацагдоржийн үеийн уриалгын өнгө аяс нь гүнзгийрч ард нийтийг ухуулан сэнхрүүлэх, зарим талаар нухчин дарах байдалтай болж даамжирчээ.
Ийн байтал 1990 оны ардчилсан хувьсгал гарч яруу найрагчид уран бүтээлчид хүссэн сэдэв чиглэлээрээ бичих болов. Өөрөөр хэлбэл нийгмийн зүгээс урлаг уран зохиолд ямар нэгэн шаардлага тавих, залах чиглүүлэх үйл ажиллагаа огт үгүй болж хувь уран бүтээлчид ёстой л чадлынхаа хэрээр бичиж, мөнгөнийхөө хэрээр хэвлүүлэх болов. Энэхүү чөлөөт байдал нь манай яруу найрагт юу авчрав?
Энэхүү чөлөөт байдал манай яруу найрагт нэгдүгээрт шинэчлэл авчирсан. Тодруулбал Б.Галсансүх нарын модерн хэлбэршил, Ц.Бавуудорж нарын уламжлалт сонгодог бичгийн хэлний хийгээд дорно дахины өнгө аяс бүхий шинэ монгол яруу найраг, Л.Өлзийтөгс нарын иргэншсэн монгол ахуйн мэдрэмж бүхий чөлөөт яруу найргийн бүтээлүүд нь манай яруу найрагт цоо шинэ байсан билээ.
Энэхүү чөлөөт байдал нь хоёрдугаарт манай урлагийг түүний дотор яруу найргийг барих барьцгүй, зорих өндөрлөггүй болгосон. Энэ нь 90 оны хувьсгалаас хойш 20 гаран жил өнгөрч харьцангуй тогтвортой тайван үе ирэхэд тодорч байна. Аливаа улс оронд, хэдийгээр ардчилсан улс байлаа ч өөрийн гэсэн үнэт зүйл, зорих алсын бодлого байдаг бөгөөд тэр нь эцсийн эцэст өөрийн үндэстний язгуур эрх ашиг байдаг бололтой. Харин манай орны хувьд ардчилалтай хамт бүх зүйлээ өөрчлөхдөө үндэсний язгуур эрх ашгаа хар зах дээр гаргасан. Манж, хятадуудын 300-аад жил үгүй хийхийг оролдсон, Оросуудын 70 жил дарсан монгол үндэстний язгуур эрх ашиг гэж байх ёстойг бид ухааралгүй Америкийн ардчиллыг дагаж навсганахдаа тэрхүү язгуур эрх ашгийг орхигдуулсан болох нь эдүгээ улам бүр тодрох болов. Би монголдоо хайртай, би монголтойгоо адилхан, би монголын төлөө үхнэ гэж хашгирснаар үндэсний эрх ашиг хадгалагддаггүй болох нь сүүлийн жилүүдэд улам бүр тодорсоор...
Хэн бүхэнд ил байдгаар нь киногоор жишээлэхэд манай кино урлаг монгол хүнийг хэн болгож харуулахыг зориод байгаа нь нэн ойлгомжгүй болов. 90-ээд оны сүүлхэн үед найруулагч И.Нямгаваагийн хийсэн “Бой”, “Газар шороо” мэтийн монгол хүнийг мал шигээ бүдүүлэг, заваан гэж үзүүлсэн кинонуудыг үргэлжлүүлэн хөгжүүлж монгол эр хүн худалч, хулгайч, дээрэмчин, хүчиндэгч, хулхи, утга учиргүй марзан зантай, юу ч болоогүй байхад ихээхэн тэнэгээр марзаганан инээдэг, бүдүүлэг, үр хүүхэд, эцэг эхийнхээ дэргэд секс хийдэг, малладаг мал шигээ.., царай төрхийн хувьд бүдүүн гүзээтэй, памбигар хацартай, өлбөгөр дорой.., ийм л эр хүнийг манай кинонуудад тасралтгүй үзүүлсээр одоо нийтээрээ мэдрэл муутай ард түмэн мэтээр харагдах болов. Монгол эмэгтэй хүн гуя хасаа гялалзуулсан, дэлэн хөхөө цухалзуулсан хувцас байнга өмсдөг, бүгдээрээ янхан, мөнгөний төлөө хаанахын хэний ч өвөрт ордог, төрүүлсэн хүүхдээ орц, хонгил, гудамжинд хаядаг, зальхай, луйварчин, ажил хариуцах чадваргүй, зөвхөн мөнгөтэй хүнтэй суух гээд л байнга баян нөхөр хайж явдаг гэж мөн тасралтгүй үзүүлсээр бүгдээрээ балай мэт харагдаж байна. Эдгээр нь манай киночид өөрийн үндэстнийг дэлхийд аль талаас нь хэн болгож харуулах вэ гэдэг нэгдсэн бодлогогүй, ядаж эх оронч сэтгэлгээгүй болсонтой холбоотой болов уу.
Хошин шогийнхон монгол эр хүнийг эмэгтэй хүний хувцас байнга өмсдөг, бүгдээрээ гомо, архичин, худалч, бүгдээрээ эхнэрээ араар нь тавьдаг, үнэнч биш, итгэл даадаггүй гэж үзүүлж байгаа бөгөөд эмэгтэй хүнийг болохоор эр хүн мэт эв хавгүй, бүдүүн хадуун, бүдүүлэг, заваан, юунаас ч ичдэггүй, биеэ үнэлдэг, салтаа саамаа олны өмнө дэлгэх дуртай мэтээр хорин жилийн турш үзүүлж байна. Ийнхүү өөрийн үндэстнийг доромжилж инээлгэсээр л байна.
Гэтэл хамгийн ойрын Орос л гэхэд сүүлийн жилүүдэд кинондоо дэлхийн хоёрдугаар дайн буюу эх орны дайны баатруудаа алдаршуулах, ирээдүй хойч үедээ түүхэн үнэнийг зөвөөр ухааруулах бүр зарим тохиолдолд Оросууд л ганцхан аугаа их үндэстэн хэмээн үзүүлэх бодлого барьж, тууштай хэрэгжүүлсээр байна. Америк кинонд америк эрсийг булчинлаг, хүчирхэг, ухаалаг, үнэнч, ганцаараа ирээд л бүхэл бүтэн армийг устгачихдаг, маш хүчирхэг зэвсэгтэй мэтээр байнга үзүүлдэг. Киног нь үзсээр байгаад л дэлхий нийт АНУ-аас айдаг болчихсон мэт, яг үнэндээ тийм мундаг зэвсэгтэй юм уу, үгүй юу гэдгийг мэдэх хүн цөөн.
Ер нь даяаршил гэдэг нь яваандаа соёл хоорондын тэмцэл болж байгаа бөгөөд аль соёл зонхилж үлдэх вэ гэдгийг тухайн үндэстний урлаг, уран зохиолын агуулга, үзэл санаагаар шийдэх нь улам бүр тодорхой болсоор байна.
Ийм үед манай яруу найрагт юу бичиж байгаа нь ихээхэн сонирхолтой агаад хамгийн сүүлийн жишээ гэвэл “Болор цом”-34 яруу найргийн наадамд түрүүлсэн шүлэг. “Тэр эмэгтэй” гэх уг шүлэгт:
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдагт нь дуртай
Халууцсаар очиход минь тосон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоож ердөө боломгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг гэж уншсан бололтой. Шүлгийн эхний онцлог нь “Болор цом” –д зориулагдсанд оршино. Тэр нь монгол ардын оньсогын бүтцийг ашиглан “Тэр юу вэ?” гэж байснаа «ЭЭЖ ГЭДЭГ» хэмээн хариуг нь хэлэнгүүт хөдөөний хар масс хашгиран алга таших, шүүгчдийг массаар дарамтлах тооцоо хийсэн нь амжилттай болсноос харагдаж байна. Шүүгчдээс ч юм уу хэн нэг зохион байгуулагчийн зүгээс энэ шүлгээ унш хэмээн зөвлөсөн байх магадлалтай, учир нь яруу найрагч өөрөө бол энэ шүлгээ тоож, том наадамд уншихгүй байх. Ер нь яруу найрагчид хийсвэрлэлдээ автаад иймэрхүү янхан шүлэг наадамд уншдаггүй.
Эндээс хэрэглээний буюу прагматик сэтгэлгээний өнгө аяс маш тод анзаарагдана. Прагматик сэтгэлгээний ноёрхолтой холбоотойгоор хэрэглээний яруу найраг буюу реклам сурталчилгааны шүлгүүд асар их болсон нь сүүлийн жилүүдэд улам бүр мэдрэгдэх болов. Оньсого мэт ямар нэгэн зүйлийн тухай хэлж анхаарал татан, хүлээлт үүсгээд хамгийн сүүлд нь зангилааг хэлж тухайн зүйлийг худалдаж аваарай хэмээн ятгадаг сэтгэлгээг уг шүлгийн бүтэц тэр чигтээ илэрхийлж байна. Тодруулбал “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө, МОБИКОМ”, “Эрхэм таны итгэлт анд, ХААН БАНК” гэх мэтийн үй олон рекламнууд шиг “Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг, ЭЭЖ ГЭДЭГ” гэж уншаад “Болор цом” авчээ. Рекламны сэтгэлгээнд автсан өнөө үед өөрөөр ч яах билээ...
Д.Нацагдоржийн үед Уриалгын шүлэг, Б.Явуухулангийн үед Ухуулгын шүлэг зонхилж байсан бол эдүгээ Зарын шүлэг давамгайлах болсныг “Болор цом”-34 наадмын тэргүүн байр илтгэх аж. Энэ жилийн “Болор цом”-34-ийн тэргүүн шүлэг муу байлаа гэхдээ ноднингийнхоос арай дээр.
Уг шүлгийн дараах онцлог нь З.Фрейдийн “Эдипийн цогцолбор”-оор тайлбарлагдах эхдээ тачаах мэдрэмж юм. Нялх балчир, баас, шээстэйгээ холилдсон, царай зүс муутай, хүч чадал үгүй Б.Батсайхан жаахан гэдэг хүүд анхдагч эсрэг хүйстэн ээж нь байж таарна. Хүний байгалаас заяасан эсрэг хүйстэндээ тачаах мэдрэмж ёсоор хүү ээждээ татагдаж, эцэгтэйгээ өрсөлдөх мэдрэмжийг цогцлоон төлөвшөөд өөрийгөө мэдэрч эхэлмэгцээ ээжийнх нь байр суурийг өөр эсрэг хүйстэн эзэлж түүнд татагдах байдлаар торнидог болохыг манай ард түмэн «Эхийгээ охох, Эцгийгээ алах» гэсэн хэлцээр илэрхийлсэн буй. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Батсайханы уг шүлэгт тэрхүү нууцлаг хэрнээ увайгүй мэдрэмжийг “Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай, Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг, Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг” зэрэг мөрүүдээр тодотгон илэрхийлжээ. Мөн шүлгээс эхийн талаас хүүдээ зовних мэдрэмж, өөрөөр хэлбэл З.Фрейдийн С.Цвейгийн нэгэн зохиолын дүрд хийсэн психоанализ ёсоор “Ээж хүн эрэгтэй хүүхдээ бэлгийн харьцаанд анх ороход нь өөр дээрээ оруулж зааж өгөхийг хүсэж явдаг” болохыг харуулсан нь “Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ, Тэртээ холоос ч угтдаг, Жинхэнэ хайрыг би мэдэрдэг” зэрэг мөрүүдэд тусан буужээ. Эдгээр баримтууд нь уг бүтээлийг хүний язгуур мэдрэмжээс төрсөн өөрөөр хэлбэл өөрийн мэдэлгүй далд ухамсарынхаа түлхээсээр бичсэн болохыг батална.
“Болор цом”-34-ийн тэргүүн шүлгийн гурав дахь онцлог нь муухан орчуулгын молхи сэтгэлгээ юм. Эмпати гэх нэртэй нэгэн байгууллагаас “Сургамжит өгүүлэл” гэдэг цувралыг хэвлүүлээд нэлээд хэдэн жил болж байна. Уг цувралын нэгэнд орсон нэг богино өгүүллэгийн санаа энэ шүлэгт нэвт байна. Уг богино өгүүллэгт: «Бурханы орноос дэлхий рүү бяцхан хүүхдүүдийг явуулах гэж байжээ. Гэтэл нэг жаахан хүү “Би ийм жаахан юм чинь тэр дэлхий дээр чинь очоод яаж амьдрах юм бэ? Би юу ч хийж чадахгүй, яаж ч өөрийгөө хамгаалж чадахгүй шүү дээ” гэнэ. Гэтэл Бурхан: “-Чи санаа зоволтгүй ээ. Тэнд чамайг нэг хүн хүлээж байгаа. Тэр хүн чамайг бүхнээс хамгаалж, бүхнийг зааж өгнө” гэжээ. Тэгтэл ч хонх дуугаран хүү явах болоход: Хүү- Би тэр хүнийг чинь хэн гэж дуудах юм бэ? Нэрийг нь мэдэхгүй шүү дээ гэхэд Бурхан: Чи зүгээр л ээж гэж дуудахад болно гэжээ» гэсэн өгүүлэмж байдаг. Энэ богино өгүүлэгийн санааг хулуулан шүлэг болгоод “Болор цом” авав.
Эмпатигийн богино өгүүллэгт ээжийг гуравдугаар биед нэрлэж байгаа болохоор “ТЭР ХҮН” гэж хэлэхэд болж байна. Харин хоёрдугаар биед буюу хүү нь эхийгээ “ТЭР ЭМЭГТЭЙ” хэмээн нэрлэх нь монгол хэлний хууль зүйг зөрчинө. Учир нь монгол сэтгэлгээнд хэзээ ч ээжийгээ тэр эмэгтэй гэж хөндлөнгөөс гуравдугаар биеэр заадаггүй агаад миний ээж, ээж минь гэх зэргээр хоёрдугаар биед хамаатуулдаг. Энэ нь орчуулгын олхиогүй сэтгэлгээг шүлэгт тусгасан гэсэн тайлбар хийхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Ер нь бичгийн хэлэнд орчуулгын болон гадаад үгийн нөлөө тусна гэдэг бол тэр дундаа яруу найрагт ийм нөлөө орно гэдэг бол тухайн үндэстний хэлэнд бодитой аюул тулгарсныг илтгэдэг. Манай өнөөгийн яруу найрагт энэхүү нөлөө ихээхэн хүчтэй туссан болох нь “Болор цом”-д “ТЭР ЭМЭГТЭЙ” гэдэг шүлэг түрүүлэх хэмжээнд хүрснээс бэлхэнээ харагдаж байна. Мэдээж Б.Батсайхан найрагч энд тайлбарлаж байгаа шиг зориуд бодож уг шүлгийг бичээгүй, зүгээр л өөрөө сэтгэж байгаа нь тэр, бас шүүгчид ч ийн бодоогүй зүгээр л таалж байгаа нь тэр бөгөөд бид ингэж ойлголцох хэмжээнд хүртэл сэтгэлгээний доройтол, гажуудалд орсон нь үндэсний яруу найргийн төгсгөлийг ёрлох мэт.
2017-01-03
Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь
Сэтгэгдэл бичигдээгүй байна