Дэлхийн кино урлагийн түүхэнд гарсан хайрын тухай хамгийн яруу, үзэсгэлэнтэй кинонуудын нэг. Үзэсгэлэнт зураглалаар хүний сэрэл, мэдрэхүйг өдөөж, өрнүүлж, догдлоож, шаналгаж, хөнгөн гуниглуулахдаа гарамгай мастер Вон Кар Вайг дэлгэцийн яруу найрагч гэж нэрлэдэг нь учиртай. Түүний кинонууд эгээ л сайн яруу найргаас хүртэж болох хүчтэй мэдрэмжийг үзэгчдэд өгдөг. “Хайрын сэтгэл” бол Вон Кар Вайн эл онцлог арга барилын оргил бүтээл.
Берлин хотыг харж хандах үүрэгтэй нэгэн сахиусан тэнгэр үзэсгэлэнт эмэгтэйд дурласнаар үхэшгүй мөнхийн амьдралаа орхин хүн болохоор шийднэ. Найруулагч Вим Вендерсийн дүнсгэр, гунихруу хар цагаан зураглалууд, бүсгүй хүнд дурласан сахиусан тэнгэр, яруу найраглаг өгүүлэмж нэгдээд “носталжик” маягийн романтиклалын оргил бүтээл болгосон гэхэд болно.
Хятадын найруулагч Жан Имоугийн сор бүтээлүүдийн нэг. Эгэл жирийн тосгоны бүсгүй, багш залуугийн эгэлгүй хайрын түүх. Дорнын “Титаник”.
Мексикийн найруулагч А.Г.Иньяриттугийн хамгийн чансаатай бүтээл. Эмгэнэлт машины ослоос улбаалан шугаман бусаар өрнөх гурван янзын өөр түүх. Ахынхаа эхнэрт дурласан нохой зодолдуулагч залуу, нууц амрагтайгаа албан ёсоор хамтран амьдраад удаагүй алдартай загвар өмсөгч дунд насны бүсгүй, гэнэ гэнэ захиалгаар хүн алчихдаг, гудамжаас хог түүн амьдрагч хижээл насны эр хэмээх гурван үеийн төлөөлөл болсон дүрийг нэгнийх нь улайран хайгаад ч олоогүй, нөгөөгийнх нь хөсөр хаяад хожмоо насан туршдаа гэмшин буй, өөр нэгний сэтгэлийн тэвчээрийг сорин турших хайр гээч үл үзэгдэгч хоржоонт хүч л амьдралын хатуу үнэн, харуусал, алдаа эндэгдэл, эмгэнэлд хүргэж байх шиг…
1988 онд Польшийн найруулагч Киесловски библийн арван сургаальт үгст зориулан “Декалог” буюу “Арван хууль” нэртэй тус бүр нэг цагийн урттай арван анги бүтээлийг Польшийн телевизэд зориулан бүтээсэн бөгөөд энхүү цувралынхаа 6-р ангийг “Хайрын тухай богино кино” нэрээр бүрэн хэмжээний уран сайхны кино болгон хожим хөгжүүлснээр хайрын тухай нэгэн жигтэй бүтээл төржээ.
Эсрэг талынхаа байранд амьдрах дундаж насны үзэсгэлэнт эмэгтэйг өрөөнөөсөө дурандан нууцаар ажиглах залуу хүү…Тэрхүү дуран чухам эмэгтэй хүний хувийн дагшин орон зай руу өнгийв үү, эсвэл огт өөр санаанд оромгүй зүйлийг хүүд харуулж орхив уу?
Нэгээс нөгөөд завсаргүй үсрэх зураглал, найруулгын онцгой шийдэл уг киног Inception–оос ч илүүтэй ярвигтай, төөрөм болгодог. Гэвч “Тунгалаг оюуны мөнхийнө гэгээ” бол 2000 оноос хойш гарсан хайрын тухай хамгийн гоё кино ч байж мэднэ. Нэр нь хүртэл “Тунгалаг оюуны мөнхийн гэгээ” шүү.
Жоел (Жим Кэрри) муудалцаж салсан найз бүсгүйгээ аргадаж эвлэрэхээр ажил дээр нь очтол найз бүсгүй Клем нь (Кэйт Уинслет) түүнийг таньдаггүй, тэр байтугай өөр эртэй их л дотно байдалтай яриа өрнүүлж зогсоно. Төдөлгүй Клем Жоелтой холбоотой бүхий л дурсамжаа ой санамжнаасаа устгуулсан болох нь илэрдэг. Клемд гомдож хорссон Жоел ч түүнийг оюун ухаанаасаа арчиж хаяхыг хүснэ. Клемийг ой санамжнаасаа устгуулснаар гэвч Жоелийн дотор шинжлэх ухаан, логикт ч үл захирагдах хүчирхэг, шижир хайр сэтгэл өндийнө…
Винсан Кассель, Моника Беллучи нарын онцгой хослол…Уг киног хожим “Wicker Park” нэрээр Холливудад дахин хийсэн боловч уг эх хувилбартаа хүрээгүй байдаг. “Орон сууц” киноны найруулагч, зохиолч Жиль Мимуни гэх хүн үүнээс өөр кино ахин хийгээгүй байдаг нь бас сонин баримт.
Киноны тухай дараах холбоосоор дэлгэрэнгүй уншиж болно: http://artfilm.mn/journal/article/140/
Солонгосын орчин цагийн кино урлагийн хамгийн алдартай Auteur-уудын нэг Ли Чан Доны бүтээл. Жун Ду бол хүн дайрч алсан хэргээр шоронгоос саяхан суллагдсан, гэрийнхнийхээ толгойн өвчин болсон “бүтэлгүй” этгээд. Нарснаас наранд гармагцаа тэрээр хохирогчийн гэр бүлтэй очиж уулзах гэж яваад хохирогчийн том охин, тархины саажилт өвчтэй Гун Жутай санамсаргүй танилцдаг. Гар нь татаж, нүүр ам нь эвгүй мурилзан татваганах Гун Жу бүсгүйг хүмүүс нэг бол өрөвдөж, эсвэл харахаас ч жийрхэн нүүр буруулцгаах нь элбэг. Харин бүтэлгүй этгээд Жун Ду л эрэмдэг бүсгүйтэй анх удаа хүн ёсоор харилцдаг. Тэдний анхны учрал тун “эвгүй” эхлэх боловч цаашлах тусам нийгэм, ойр тойрныхондоо шаарлагдаж гологдсон хоёрын сэтгэл уярам хайрын түүх хөвөрнө…Киноны төгсгөл тийм эмгэнэлтэй эсвэл гунигтай биш л дээ, гэхдээ яагаад ч юм би лав уйлсан.
Ли Чан Дон ер нь гоё найруулагч шүү, хүсвэл та түүний “Poetry”, “Secret Sunshine” зэрэг кинонуудыг үзээрэй, харамсахгүй.
Орчин цагийн Испанийн кино урлагийн хамгийн тод гялалзагч од найруулагч Педро Альмодоварын гунигтай, яруу, эрчтэй драм, хайрын гурвал түүх. Киноны тухай дараах холбоосоор дэлгэрэнгүйг уншиж болно: http://artfilm.mn/journal/article/178/
Яруу найрагт дуртай юу? Үзэгнийхээ үзүүрээр л хүмүүний сэтгэлийг удирдагч гайхамшигт мөрүүдийг бичиглэгч яруу найрагчийн дурлал чухам ямар байдаг бол?
26-хан настайдаа өөд болсон ч англи хэлт утга зохиол дахь хамгийн хүндтэй найрагчийн нэгээр түүхэнд үлдсэн, романтик найргийг үндэслэгчийн нэг Жон Китсийн амьдралын сүүлчийн гурван жил, хайр дурлалыг өгүүлэх намтар төрлийн шилдэг кинонуудын нэг.
“Гэрэлтэгч од оо, чам шиг хувиршгүй мөнх байсан бол би…” гэж эхэлдэг Жон Китсийн шүлгээр уг кино нэрлэгджээ.
Найруулагч Вон Кар Вайн бас нэгэн кино эл жагсалтад ахин багтаж байна.
Ази төдийгүй дэлхийн дахинаа нэрд гарсан чадварлаг жүжигчид болох Тони Люн, Лесли Чун нар амраг хосын дүрд тоглосон нь л уг киног сонирхон үзэх хангалттай шалтаг болдог. Хоёр залуугийн амраглаж буй “цочир” дүр зургаар эхэлдэг “Хамтдаа жаргалтай” кино цаашлах тусмаа улам яруусна.
Киноны өгүүлэмж харин энгийн. Хо По Вин, Лай Ю Фай хоёр салах дөхсөн харилцаагаа аврахаар Аргентинд ирж хэсэг амьдарна. Тэгэх зуур хамтдаа Iguazu хүрхрээг үзэхээр замд гарах боловч хүрхрээгээ үзэж чадалгүй төөрч, маргалдсаар Аргентинд амьдарч буй байрандаа эргэн ирнэ. Хо По Вин илүү даруу, хөдөлмөрч араншинтай бол Лай Ю Фай хөнгөн, шаавай төрлийн залуу. Ийм эсрэг тэсрэг араншинтай хоёр салж, нийлсээр харилцаа нь дэгэн догонтой байсаар эцэстээ Хо По Вин хар ажил хийн нутаг буцах мөнгө цуглуулж ганцаараа Хонг Конг руугаа буцдаг. Кино салалтаар төгсөж байхад яагаад “Хамтдаа жаргалтай” гэж нэрлэснийг найруулагчаас асуухад “Таарахгүй хосууд салах нь хэн хэндээ шинэ ирээдүйг нээж буй хэрэг. Тэглээ ч хосуудын хамт байсан мөч тэдний хувьд яадаг ч байсан жаргалтай дурсамж. Тиймээс ийн нэрлэсэн” хэмээсэн байдаг.
Вон Кар-Вайн хүүрнэх хэв маяг, сэтгэл хөдөлгөм өгүүлбэрүүд, Кристофер Дойлын зураг авалт зэрэг нь киног яруу, гунигтай шинжтэй болгох ч киноны сүүлчийн сцен Хо По Вин “Хамтдаа жаргалтай” нэртэй цолгиун дуу сонсож буйгаар төгсөхөд үзэгчид амьдралд юу ч боломжтой, юу ч сайхан санагдах өөдрөг сэтгэгдэлд автдаг нь сонин. Товчхондоо зуны бүгчим өдөр шувтарч байхад энэ киног үзчихээд орой сэрүүнд гараад нэг их сайхан гүнзгий санаа алдаад хэсэг алхаж болно. Амьдрал гунигтай боловч сайхан санагдах вий.
Америкийн өнөө цагийн хамгийн алдартай Инди найруулагчдын нэг П.Т.Андерсоны бүтээл. Найман эгчтэй, айлын отгон хүү, жижиг гарын бизнес эрхлэгч Барри Эган шалтгаангүйгээр уйлдаг, гэнэт тэсэрч уурлахдаа юм хум эвдэж хэмхэчдэг гэх мэт сэтгэцийн жижиг сажиг асуудалтай нэгэн. Ажилдаа цэнхэр өнгийн хослол өдөр алгасалгүй өмсөх, урамшууллаар насан туршдаа онгоцоор аялах эрх хожихын тулд тоо томшгүй их пуддинг худалдан авах зэрэг “хэвийн бус” авиртай тэрээр нэг л өдөр эзнээрээ юуг ч хийлгэж мэдэх хазааргүй, эрэмгий хайртай учирдаг…
Зоригтой дурлах ч чадваргүй болсон хэт тооцоотой, хэвийн, завгүй орчин цагийн зарим “ухаалаг” залуусаас “эрүүл бус” Барригийн сэтгэл хавгүй уудам, шижир, зоригтой болохыг дурлал нь гэрчилнэ…
Өсвөр насны хайр дурлалын тухай өгүүлэг гурван бүлэгт аниме. Сакура цэцэг модноосоо тасран унаад хоромд таван ямхийн зайг туулдаг гэнэм.
Хорвоогийн элдэв өнгө, амьдралын учир зүй, нийгмийн тогтсон жам, хүний сэтгэлийн аясыг ухаарах нь бүү хэл өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийн ч учрыг нарийн ойлгохгүй самгардан зовдог өсвөр насныханы хүүхдэрхэг, цэвэр ариун дурлал…дурсамж…Залуу үзэгчид эл яруу анимег үзвэл илүү мэдэрч, “эмоорч” мэдэх юм.
Ойрын ирээдүйд амьдрах Теодор гэгч зохиолч эр бүх хэрэгцээг нь гүйцэлдүүлэх чадвартай хиймэл оюун ухаан бүхий үйлдлийн систем худалдан авдаг. Тэрхүү үйлдлийн системтэйгээ харилцаж дотноссоор түүндээ дурлаж Саманта хэмээн нэрлэдэг…Хүн махан биегүй оюун ухаанд дурлах чадвартай болов уу? Тэр оюун ухаан нь гэвч нарийн програмчлагдсан үйлдлийн систем байвал яах вэ? Хайр дурлалд “хамтын харилцаа” бус “хувийн мэдрэмж” л илүү чухал юм биш биз? “Тэр”кино бол магад 2010 оноос хойш гарсан хайр дурлалын асуудлыг хачин содноор хөндсөн хамгийн чансаатай бүтээл байж мэднэ. Киноны хөгжим бас маш гоё.
Хайрын тухай элдэв сүржигнэл, хэтрүүлэггүй “хүүхдэрхэг амьсгаатай” хөөрхөн кино. Хүн заавал гялалзсан амжилттай, мундаг нэгэнд дурладаггүй, хэнд ч дурлаж болно, дурлалд толгой эргүүлэм нүсэр, ярвигтай түүх ч хэрэггүй.
Кино эхлэхэд нэгэн эмэгтэй галзуугийн эмнэлгээс нэгэн залууг хөл нүцгэн дагасаар гэрт нь ирчихнэ. Оройтсон тул залуу хөл нүцгэн эмэгтэйг арга буюу гэртээ хонуулах болдог. Маргааш нь тэд яаж яваад ч юм өөр хот руу хуриманд цуг явахаар болно. Аялалын ахархан тэр замд л залуус нэгэндээ дурладаг. Киноны төгсөлд сэтгэцийн эмнэлэгтээ эргээд очсон хөл нүцгэн эмэгтэйгээс сувилагч “Чи түүнд хайртай гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ? гэж асуухад хариуд нь “Бид нэгнийхээ зүрхний цохилтыг чагнасан, хамт сар ширтсэн, хамт зайрмаг идсэн, би түүнд хайртай” гэдэг юм. Магадгүй нэгнийхээ зүрхний цохилтыг чагнаж, хамт сар ширтэж, зайрмаг идээд л нэгэндээ дурлачихна гэхэд итгэхэд бэрх ч дурлал гэдэг хамгийн болзоогүй болохоор сайхан байдаг биш гэж үү?
*Дээрх кинонууд цөмийг торрентоор татаад юм уу, эсвэл нэтээр хайгаад олж үзэх боломжтой. Торрентоор кино татах зааврыг энд орууллаа.
Ж.Тэгшзаяа
Эх сурвалж: tegsheemoviecorner.wordpress.com
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна