АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн дагуу тус сангийн төлөөлөгчид Монголд гурван удаа ирж, эдийн засгийн нөхцөл байдлыг судлан, яриа хэлэлцээ хийсэн ч өнөөдрийг хүртэл нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй л байна.
ОУВС-аас манай улсад тохирох шаардлага нөхцөл болзлоо эцэслэсэн ч эцсийн шийдвэрт хүрч, түүнийгээ олон нийтэд зарлаж чадахгүй суугаагийн цаад шалтгаан юу вэ. Ерөөсөө л сонгуульд орохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүд нь хэрэгжихгүй болох, халамжид чиглэсэн хуулиудаа цуцалж, ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахаас үхтлээ айцгааж байна. Ингэж нэр хүндээ алдвал удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах зорилго нь талаар болно гэж бээвийж суугаа нь гарцаагүй.
Нөгөө талаас ОУВС-аас тавьж буй зарим шаардлагууд нь Монгол Улсын хууль, тогтоомжуудтай зөрчилдөж байгаа гэх. Өөрөөр хэлбэл “Стэнд бай” биш, төлбөрийн тэнцэл алдагдсан, эдийн засаг нь онцгой хүнд байдалд орсон улсуудад олгодог “Extended fund facility” хөтөлбөт хамрагдах санал тавьжээ. Энэ хөтөлбөр нь ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн хөтөлбөрийн хамгийн хүнд нөхцөлтэй нь гэнэ. Хэрэв энэхүү хөтөлбөрт хамрагдах бол эхлээд НӨАТ нэмэх, орлогын шаталсан татвар бий болгох, төсвийн зардлыг багасгах, төсвөө суурь байдлаар танах, Засгийн газрын баталгаануудыг цэгцлэх ёстой гэсэн байна.
Энэ асуудлаар цаг сунган хуралдсан МАН-ын бүлэг ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа бол Сангийн яамнаас энэ долоо хоногийн сүүлээр ОУВС-тай хийж буй хэлэлцээрийнхээ талаар олон нийтэд мэдээлэл өгнө гэж байсан ч сураг чимээ алга. Эрх баригчид эрх мэдлээ алдахаас айж өөр гарц хайх уу, эдийн засгаа уналтаас аврах хөтөлбөрт хамрагдах уу гэх хүндхэн сонголтын өмнө нүүр тулаад байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна