Монгол Улс"Стэнд бай" хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт байхгүй

Өчигдөр 13 цаг 55 минут
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар тодрууллаа.

-Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэдэг асуулт өнөөдрийн гол асуудал болоод байна. Монгол Улсад үүнээс өөр сонголт бий юу?

-Төсөв, эдийн засаг хүнд байгаа. Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанд ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл хийсэн. Энэ хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт Монгол Улсад байхгүй. Их хэмжээний өрийн дарамттай, төсвийн алдагдалтай, зээлжих зэрэглэл буурсан ийм үед урт хугацааны хөгжлийн зээлээр төсвийн алдагдал, өрийн ачааллаа давахаас аргагүй.  ОУВС Монгол Улсад үүсээд байгаа өрийн дарамтыг ачаалал багатай давах асуудлыг хамтарч шийдэх, Монгол Улсад төсөв санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх гэсэн хоёр гол нөхцлийг тавьж байгаа. Үүнтэй уялдуулж 2017 оны төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тодотгол хийснээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хэлэлцэгдэж гарсан зарим хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах нөхцөл үүсэх боломжтой.

-ОУВС маш хатуу шаардлага тавьж байгаа учир гишүүдийн санал зөрөлдөж байна гэх мэдээллүүд гарч байгаа. Ямар нөхцөл шаардлага тавьж байгаа юм бэ?

-Хэлэлцээр дуусаагүй байхад хэлэлцээрийн нөхцөл шаардлагын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Ер нь бол өнгөрсөн 4 жилийн хугацаан дахь бодлогын алдааг зас гэж байгаа. Олон төсөвтэй байхаа боль, Монголбанкнаас Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн нь буруу байна, Хөгжлийн банкнаас санхүүжилт хийсэн нь бодлогын алдаа болсон, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр концессоор эдийн засгийн чадавхиасаа хэд дахин давсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь бодлогын алдаа болсон байна гэж дүгнэж байгаа.

-Намын бүлэг нэгдсэн байдлаар санал нэгдсэн гэж ойлгож болох уу?

-Намын бүлэг ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах ёстой гэж санал нэгдсэн.
С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна