Б.Чойжилсүрэн: ОУВС-аас зээл авах хэлэлцээ амар байгаагүй

Өчигдөр 13 цаг 33 минут
ОУВС-гийн удирдлагуудтай найман сарын турш хийсэн хэлэлцээ өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн. Төрийн ордонд өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголбанкнаас хамтарсан мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, ОУВС-гаас ажлын хэсгийн ахлагч Коши Матай, Монгол дахь суурин төлөлөгч Нэйл Сакер нар оролцлоо

Монгол Улс тус сангийн Extended facility fund буюу өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдан 440 сая ам.долларын зээл авахаар болжээ. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр юм байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-тай хийсэн хэлэлцээр амаргүй байсан гэдгийг энэ үеэр тодотголоо.

ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт үргэлжлүүлэн олгох, цалинг ирэх хоёр жилд нэмэгдүүлэхгүй байх, тэтгэврийн насыг өндөрсгөх, хадгаламжийн хүүнд татвар ногдуулах, хүүхдийн мөнгөнөөс гарах илүүдэл мөнгийг ядуу гэр өрхөд хүнсний талон олгох замаар зарцуулах зэрэг заалтыг хөтөлбөрт тусгасан байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар маш их хэмжээний үнийн дүн бүхий Концессын гэрээг хувийн хэвшлийнхэнтэй байгуулсан асуудлыг эргэж харах гэнэ.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “ОУВС Монголбанкны мөнгөний бодлогыг сайшаасан гээд ипотекийн зээлийг одоогийн журмаар үргэлжлүүлнэ” гэлээ. ОУВС-тай хэлэлцээ хийснээр манай улс Япон, БНХАУ-аас дахин 3 тэрбум ам.долларын зээл авах нөхцөл бүрджээ. Мөн ирэх зургадугаар сард дуусах байсан БНХАУ-ын Ардын банктай байгуулсан юанийн свопын гэрээг 3 жилээр сунгах тохиролцоонд хүрсэн байна. Мөн Монгол Улс 2017 оны улсын төсөвт тодотгол хийх үүргийг хэлэлцээгээр хүлээжээ.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх гуравдугаар сард багтаан манай улсад олгож буй Өргөтгөсөн хөтөлбөрийг албан ёсоор батлах юм байна. Бодлогын арга хэмжээг авсан учраас Монголын эдийн засаг днд болон урт хугацаанд сэргэнэ, өр буурна. Гэхдээ богино хугацаанд хүндрэл гарахыг үгүйсгэхгүй хэмээн ОУВС-ийн Ажлбн албаны дарга Коши Матай онцоллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-440 сая ам.долларын зээл авснаар төгрөгийн ханшид ямар нөлөө үзүүлэх бол?

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Мөнгөний бодлогын алдааг засна. Төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрийг Монголбанк дахин санхүүжүүлэхгүй. Өмнөх эрх баригчид 8.8 тэрбум төгрөгийг энэ мэтээр буруу зарцуулсан. Ханш тэдэн төгрөг байна гэж хэлэхэд хэцүү. Бид ханшийг уян хатан хэвээр нь байлгана. Ойрын жилүүдэд манай улсад 3 тэрбум ам.долларын санхүүжилт орох тул ханшид эерэгээр нөлөөлнө.

-Зээлийн хүү хэд вэ?

-Хоёр хувиас хэтрэхгүй байна. Хөвөгч хүү тул томьёо ашигладаг. Өргөтгөсөн хөтөлбөрийн давуу тал нь эргэн төлөх хугацаа нь харьцангуй урт тул энэ хөтөлбөрийг сонгосон. ОУВС хэээ ч бүх санхүүжилтийг нэг дор олгодоггүй. Хэрэгжилтээс хамааран тухай бүрт нь шилжүүлдэг. Гурван жилийн турш олгоно гэсэн үг. Бид үнэлгээг 3 сар тутамд хийнэ.

-Ипотекийн зээл үргэлжлэх үү?

-Цаашид энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. Монголбанк 4 тэрбум төгрөгийг энэ хөтөлбөрт зарцуулсан.

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна