Арбитрын бүрэлдэхүүндээ салхи оруулаач Б.Лхагважав дарга аа!

2 цаг 32 минутын өмнө

 Монголын олон улсын үндэсний арбитр гэж ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар чиг үүрэгтэй байгууллага болохыг олон нийт тэр бүр мэддэггүй. Гудамжинд явж байгаа дурын нэг иргэнээс энэ тухай асуувал ямар ч мэдээлэлгүй байх юмуу олонх нь олон улсад л үйл ажиллагаа явуулдаг газар болов уу гэсэн бүдэг бадагхан ойлголттой байна. Харин арбитрт ямар нэг байдлаар хандаж үзсэн, хэрэг маргаанаа шийдүүлээд хохирсон нь арай дөнгүүр ойлголттой байх.

Тэдний дунд интернетээс “худалдах худалдан авах гэрээ”-ний маягтыг татан авахдаа маргааныг арбитроор шийдвэрлүүнэ гэсэн заалтыг анзааралгүй гэрээ хэлцэл хийснээсээ болж арбитрын хаалга татаж хохирсон нэгэн ч байх юм. Үүнийг туршиж Худалдах, худалдан авах гэрээний маягтыг интернэтээс татахад үнэхээр талуудын маргааныг арбитраар шийдүүлж болно гэх заалттай гэрээны загвар хамгийн эхний илэрцээр гарч ирэв. Тиймээс л хаалттай хэрнээ эрх мэдэл төвлөрсөн, бусдын хувь заяаг хормын төдийд шийдэж буй тус байгууллага шударга ажилладаг эсэхэд хариулт олохыг зорьлоо.


АРБИТР ГЭЖ ЮУ ВЭ? 

Арбитр нь 55 жилийн түүхтэй, 60 гаруй арбитрчтай, дотоод гадаадын байгууллагуудын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой их хэмжээний мөнгөн нэхэмжлэлтэй маргааныг нэг удаагийн ажиллагаагаар хянан шийдвэрлэдэг байгууллага байх юм. Энэ нь шүүхийн тогтолцооноос тэс ондоо. Жишээ нь иргэний хэргийн шүүхээр маргаанаа шийдүүлбэл анхан шатанд гарсан шүүхийн шийдвэр, давж заалдах, хяналалтын шат, шинээр илэрсэн нөхцөл байдал гэх мэтчилэн шат дамжлага бүрт шигшигдэн эцсийн дүнд үнэнд туйлын дөхсөн шийдвэр гардаг. Харин арбитрын шүүх нь нэг удаагийн ажиллагаа, нэг далайлтаар шууд үнэнд дөхсөн шийдвэр гаргах үүрэгтэй. Иймээс ч хараат бус, бие даасан, хэний ч нөлөөнд авталгүй үнэн зөв шийдвэр гаргах үүргийг холбогдох хууль, дүрэм, олон улсын гэрээ конвенцоор хүлээдэг байна. Тэгвэл энэхүү шаардлагыг манай арбитрчид бүгд ухамсарлан биелүүлж чадаж байна уу. Тэдний ёс суртахууны төлөвшил, асуудалд хандах хандлага, дадал зуршил нь энэхүү хариуцлага, өндөр итгэлийг дааж чадаж байна уу гэх асуулт гарч ирнэ. Арбитрчдын дунд шударга, чадварлаг нэгэн байгааг үгүйсгэхгүй. Гэвч тэдний нэр хүнд, арбитрын байгууллагын далбаан доор арбитрийн шийдвэр эцсийнх болдог, түүнийг дахин хянадаггүй, тодорхой хүрээнд хаалттай үлддэг хуулийн онцлогыг овжноор урвуулан ашиглаж, хэн нэгний эрх ашигт тохируулан хэрэглэх, үндэслэгүй таамаг дэвшүүлэх, түүндээ түшиглэн шийдвэр гаргах, нэг талд эвсэн үйлчлэх буруу туршлагыг дэлгэрүүлж буй жишээ сэтгэл эмзэглүүлэх боллоо.

АРБИТРЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭЗЭН АЛГА

 Монголын олон улсын үндэсний арбитр нь өнөөдрийн байдлаар 62 арбитрчтай. Дарга нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Б.Лхагважав, Ерөнхий нарийн бичгийн даргаар хуульч Ч.Гүнждагва ажилладаг. Арбитраар маргаанаа шийдүүлсэн иргэн, аж ахуй нэгжүүд арбитрийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бол процедурын асуудлаар шүүхэд давж заалдах эрхтэй. Энэ нь хэргийн зөв, буруу шийдсэн эсэхийг шалгах бус харин арбитрын үйл ажиллагааны дэг горимыг хэрхэн баримталсан болохыг хянана гэсэн үг. Арбитрчид хуралдаан эхэлхэд “Арбитр шууд үнэнд ойртсон шийдвэр гаргадаг. Арбитрийн хуралд талууд чөлөөтэй мэтгэлзэж, арбитрийн бүрэлдэхүүн нотлох баримтад тулгуурладаг учир талууд шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй байж болно, арбитрчдад итгэл үзүүлж өөрийн биеэр ирэхгүй байсан ч болно” гэх зэргээр дэг горимыг тайлбарладаг. Энэ нь арбитр үнэн шударга шийдвэр гаргана гэх итгэл үнэмшлийг шууд л төрүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ арбитрийн гаргасан алдаатай шийдвэрийн улмаас их хэмжээний хохирол амсч, хэнд хаана хандах учраа олохгүй цөхөрч яваа хэсэг байна. Цагаан дээр хараар бичсэн баримт сэлтийг хэрэгсэхгүй, харин өөрсдөө таамаглал дэвшүүлэн түүндээ тулгуурлан шийдвэр гаргах, гэм бурууг тогтоох үндэслэлийг санаанаасаа зохиосон тохиолдол ч баримтаар бий.

ИРГЭД АРБИТРААС ДАЙЖИЖ БАЙНА

Арбитрын хуулийг буруугаар хэрэглэсэн тохиолдолд хариуцлага тооцох эзэн бий юу. Арбитрчийн ёс зүйн дүрмийн 11-р зүйлд “Арбитрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч, шинжээч зэрэг бусад оролцогчдын нөлөөнд автахгүй, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг өөрийн мэдлэг чадвар, үйл ажиллагаагаар төрүүлж байх ёстой” гэсэн бол тус дүрмийн 13-р зүйлд “Арбитрч эрх зүйн өндөр соёл эзэмшиж, арбитрчийн албан тушаалд нийцүүлэн ёс зүйг чанд сахиж, хуулийг мэргэжлийн өндөр түвшинд ойлгож, хэрэглэж байхын тулд өөрийн мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх ёстой” гэж заажээ. Энэхүү дүрмийг зөрчсөн эсэхийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөлөөс шалгаж тогтоох учиртай. Хэрэв буруу шийдвэрлэсэн гэж үзвэл сануулах, арбитрчдын өмнө буруушаан зэмлэх арга хэмжээ авна. Хамгийн хүнд шийтгэл нь ердөө л арбитрчаас огцруулах. Өнөөдрийн байдлаар ёс зүйн дүрмээ баримталж, арбитрчдаа хариуцлага тооцсон тохиолдол олдсонгүй./ийм тохиолдол гарсныг үгүйсгэхгүй/. МҮХАҮТ-ын зөвлөлд ирсэн буруу шийдвэр гаргаж иргэн, аж ахуй нэгжийг хохироосон арбирчдад хариуцлага тооцуулах гомдолд тайлбар төдий бичиж аргацаадаг уламжлал тогтжээ. Жишээ нь шийдвэр гаргасан арбитрчийн ёс зүй, мэдлэг чадвар нь хуулийг хэрэгжүүлэхэд тэнцэх эсэхийг мэргэжлийн комисс томилж дүгнэлт гаргуулахыг хүссэн өргөдлийг МОУҮА-ын дарга Ч.Гүнждагвад хаяглан явуулахад маргааныг шийдвэрлэсэн арбиторч нь өргөдлийн агуулгаас тэс өөр хариуг өөрөө өгсөн байдаг. Тодруулбал арбитрийн шийдвэр засвар оруулах, нэмэлт шийдвэр гаргуулах гэсэн мэтээр гуйвуулж, “АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖГҮЙ” гэх лүндэн буулгасан байх жишээтэй.

Ази Номхон далайн орнуудын шилдэг шилдэг 500 хуулийн фирмийн жагсаалтад дээгүүрт бичигддэг хуулийг фирм Эм Ди Эс Хаан Лекс ХХН-ийн партнер Д.Дүгэржав “VIP Expert” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Монголын арбитрчид хараат бус, шударга, шударга ажиллаж чадаж байна уу гэсэн сэтгүүлчийн асуултанд “Арбиртч бусдаас хараат байна, шударга бус байна, бие даасан байдлаар асуудалд ханддаггүй гэх нотолгоо надад байхгүй. Хараат бус, бие даасан байдаг гэж ч нотолж чадахгүй” хэмээн хариулжээ. Эндээс л арбитрчдад хариуцлага тооцож чадахгүй байгаагийн, арбитр гэх халхавчин дор хууль бус буруу шийдвэр гарч байгаагийн шалтгаан, учир зангилааны үзүүр эхэлнэ. Ерөөсөө л арбитрчдыг хараат бус ажиллаж байгааг нотолж хариуцлага тооцох субьект алга, эрх бүхий этгээдүүдэд нь сонирхол ч алга. 

ХЭН АРБИТРЧ БОЛДОГ ВЭ?

 Хуульд зааснаар арбитрчид гурван үндсэн шаардлага тавьдаг аж. Эхнийх нь талуудын тохиролцсон мэргэжлийн шаардлага хангасан байх, хоёрт бие даасан хараат бус байх, гуравт арбитрчаар ажиллахыг хуулиар хориглоогүй бол гэжээ. Өөрөөр хэлбэл тухайн салбараар мэргэшсэн бие даасан, хараат бус шийдвэр гаргах чадвартай хүнийг арбитрчийн шалгуурт тэнцэнэ гэж үздэг. Өнөөдрийн байдлаар МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын үндэсний арбитрыг төлөөлөх эрхтэй 62 арбитрч бий. Гэхдээ тус байгууллагаас эрхлэн гаргасан цэнхэр хавтастай номонд ердөө 20 гаруйхан хүний нэр, зургийг багтаасан нь хачирхал төрүүлсэн юм. Мөн өөрсдийн пэйж хуудсандаа ч арбитрчдынхаа мэдээллийг дутуу оруулжээ. Энэ нь орчин үеийн бизнесийн олон талт харилцааг ойлгож таньсан, бие даасан хараат бус арбитрчийг сонгоход саад учруулж байна гэхэд хилсдэхгүй. Арбитрийн шийдвэр эцсийнх учир хэн ч алдаатай шийдвэрийн золиос болохыг хүсэхгүй. Түүнчлэн арбитрчдын бүрэлдэхүүнийн нэлээдгүй хувийг олон жил багш, шүүгчээр ажилласан, ахимаг насны хүмүүс эзэлж байна. Олон жилийн дадлага туршлагаас энэ нь нэг талаас давуу тал мэт харагдавч нөгөө талаар хуулийн цоорхойг урвуулан ашиглах аргыг нэвт шувт судалсан, дадал туршлагадаа тулгуурлан санаатай буруу шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлж байж мэдэх юм. Нэг салбарт олон жил ажилласан, бие биенээ мэдэх хүмүүст ашиг сонирхлын элдэв зөрчил гарсаар байдаг нь амьдрал дээр нотлогдсон зүйл. Арбитрчдын дунд залуу үеийн төлөөлөл байхгүй гэвэл бас өрөөсгөл. Гагцхүү ямар шалгуураар, хэний зөвшөөрөл, татаасаар тэнд очиж байна вэ гэдэг нь сонирхол татна. Тэд ихэвчилэн мэргэжил, туршлага гэхээсээ улс төрийн томилгоогоор удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс томилогджээ.

АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНД САЛХИ ОРУУЛАХЫН ТӨЛӨӨ НЭГДЭЕ 

 Дөнгөж сарын өмнө УИХ-аар Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байх үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “2014, 2015 онд иргэний хэргийн анхан шатны шүүх 30-40 мянган хэрэг маргаан шийдвэрлэжээ. Гэтэл Монголын арбитр 40-70 маргаан жилд шийдэж байна. Заавал шүүхэд очихгүйгээр Арбитраар маргаанаа шийддэг байх бололцоог хуулиар нээж өгч байна. Хэрэв дэлхийн жишигт нийцсэн хуультай болчихвол эх орондоо арбитраар маргаанаа шийдүүлж олон нийт арбитрт итгэх итгэлтэй болно” гэж байв.

Гэвч арбитрчдын бүрэлдэхүүнийг шинэчлэхгүй, тэдэнтэй тооцох хариуцлагын тогтолцоог сайжруулахгүй бол ямар ч сайн хууль батлаад байдал дээрдэхгүй нь ойлгомжтой. Хуулийг өөрт ашигтайгаар тохируулан хэрэглэдэг, хуулийн зүйл заалтын ард гэмт үйлдлээ нуун далдалдаг арбитрчид амь бөхтэй оршсоор байвал арбитраар хэргээ шийдүүлээд цөхөрч үлдэгсдийн тоо л нэмэгдэнэ. Энэ бол арбитраас иргэд дайжиж эхэлсний тод жишээ юм. Өнөөдөр танд хамаагүй юм шиг боловч хэзээ нэгэн цагт ийм гайд таны ойр дотныхон, үр хүүхэд тань өртөж болох тул энэхүү нийтлэлээр дамжуулан иргэд, мэргэжлийн эрх зүйчид, өмгөөлөгчид, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын үндэсний арбитраар маргаанаа шийдүүлэхдээ хохирсон, ёс зүйн алдаа гаргасан арбитрчдад хариуцлага тооцуулж чадахгүй байгаа иргэн, аж ахуй нэгжүүд нэгдэж, бизнесийн орчноо цэвэр ариун байлгахын төлөө тэмцэхийг уриалж байна.

Үргэлжлэл бий...

С.ОТГОНСҮРЭН



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна