"Жи тайм" сүлжээнийхэн иргэдийг залилсан хэвээр байна

2017/02/20
Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” гэх нэртэй сүлжээ дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэгч компани гэх мэтээр ядарсан монголчуудын сэтгэхгүйгээр хэсэгтээ л тоглож биднээс найман тэрбум гаруй төгрөгийг хөнгөхөөн салгаад авчихсан. Ингээд тус сүлжээний удирдлагууд итгэмтгий монголчуудаас хуурч авсан найман тэрбум гаруй төгрөгөө дансандаа байршуулаад зогсохгүй энэ сарын 12-ны өдөр Улсын хил давах гэж байгаад ЭЦГ-ынханд баригдсанаар энэхүү сүлжээ нь луйврынх байсан гэдгийг улам нотлоод өгсөн билээ.

Ямартай ч одоогийн байдлаар хохирогчдын тоо 400-гаас хол давж нарийн тоо гаргах боломжгүй болоод байгаа талаар цагдаагийнхан хэлж байв. Түүнчлэн мөнгөө алдсан иргэд “бидний луйвардуулсан мөнгийг заавал олж өгөөрэй" хэмээн цагдаагийнхныг гуйж байгаа нь үнэхээр харамсалтай. Харамсалтай гэж хэлж байгаагийн учир гэвэл хөгшин настай хүмүүс хүүхдүүдээсээ нууж хоёр сая 300 мянган төгрөгөөр тус сүлжээнд элсээд 19 сая төгрөг болгон буцаан авах гэрээ байгуулсан хүмүүс ч байсан байна.

Түүнчлэн эл сүлжээний удирдлагууд өдгөө хууль хяналтынханд баривчлагдаж сүлжээний үйл ажиллагааг нь зогсоосон байхад зарим нэг багынхан нь иргэдийн тархийг угаасан хэвээр байгаа тухай мэдээллийг эх сурвалжаас авсан юм.

ТА ИРЭХ ДАВАА ГАРАГТ МАНАЙ ТӨВ ДЭЭР ХҮРЭЭД ИР. МАШ САЙН БАГТ ОРУУЛЖ ӨГНӨ ШҮҮ

Ингээд бид үүний үнэн худлыг нь шалгахаар өнгөрсөн баасан гарагт гуравдугаар хороололд байрлалтай Номин их дэлгүүрийн хойно орших “VIP” төвийг зорин очиход тус газар ямар ч хүнгүй эл хуль байсан учраас эх сурвалжийн өгсөн 8620**16 дугаарын утас руу холбогдож сүлжээнд элсэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд утасны цаанаас нэгэн эмэгтэй дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр “Одоохондоо манай бүх ажиллагааг зогсоож оффисын байрыг лацадсан байгаа учраас хүмүүстэйгээ уулзах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, үл ойлголцол гарсны улмаас гадуур үнэн худал нь мэдэгдэхгүй яриа их гарч хүмүүсийг төөрөгдүүлээд байна. Тиймээс та ирэх даваа гарагт манай төв дээр хүрээд ир. Тэгээд ч энэ гараад байгаа яриа нэг дэх өдөр гэхэд шийдэгдэж бид үйл ажиллагаагаа хэвийн явуулсан байна. Таныг маш сайн багт оруулж мөнгийг нь тань хэдэн хувиар өсгөж өгөх боломж байгаа шүү” хэмээн хэлж байв. Тэгэхээр тус сүлжээний үйл ажиллагаа зогсох нь бүү хэл улам ихээр хүрээгээ тэлж иргэдийн тархийг угаасан хэвээр байгаа нь дээрх газраас гадна хэд хэдэн газар байгааг бид олж мэдсэн юм.

БАЯРЦЭЦЭГ ЭГЧИЙН ХҮН ШҮҮ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

Ингээд бид 9917**27 дугаарын утсанд холбогдож сүлжээнд элсэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Эгч нь яг одоо ажлаасаа гараад явчихсан байна. Чи Туул рестораны чанх урд талд орших “Центр-34" төвийн 408 дугаар өрөөнд Дагвадулам гэдэг хүнтэй очоод уулзчих. Баярцэцэг эгчийн хүн шүү гэж хэлээрэй. Миний дүү гадуур яриад байгаа зүйл худлаа шүү. Марат захирал шалгагдаад дуусчихсан байгаа. Нарийн ширийн зүйлээ уулзаж байгаад яръя. Нэг дэх өдөр ажил дээр хүрээд ирээрэй миний дүү" хэмээн утсаа тавьсан юм.

Бид түүнтэй холбогдсоныхоо дараа “Центр-34’ төвийн 408 дугаар өрөөг зорьж очиход үүдэндээ “Манлайлагч баг” гэсэн хаяг хадаж дотор нь 3-4 эмэгтэй сүлжээгээ тайлбарлан хүмүүсийг ятгаж байсан юм. Гаднаас хүн орж ирэхийг мэдсэн тэд ихэд уриалагханаар “Өө наашаа суу, гадуур гарч байгаа яриа худлаа шүү. Маш сайн багт оруулж өгнө шүү” хэмээн сүлжээгээ тайлбарлаж биднийг ч бас орохыг ятгаж байв. Ингээд бид тэднээс дараах асуултыг асуухад

-Танай байгууллагыг хууль бус аргаар мөнгө луйвардаж байна гэсэн мэдээллүүд цацагдсан. Энэ үнэн үү?

-Үгүй ээ энэ бол худлаа. Тэгээд ч одоо тэр мэдээлэл намжиж , нааштайгаар эргэж байгаа.

-Танай сүлжээнд элссэн зарим хүмүүс луйвардуулсан гэж УМБГ-т гомдол гаргаад байгаа гэсэн. Хэрвээ луйвардаагүй юм бол тэдгээр хүмүүс яагаад хохирогч болчихсон юм бэ?

-Ер нь бол манай сүлжээ таван төрлийн багцтай. Хохирсон гээд байгаа хүмүүс анх орохдоо бага мөнгө төлж орсон. Тэгээд ч тэд ажлаа сайн хийгээгүй л байхгүй юу. Сүлжээнд ороод өөреөсеө гадна хоёр хүн элсүүлээд элсүүлсэн хүмүүс нь мөн адил хоёр хүнийг татан оруулж сүлжээ үүсгэснээр 14 хоногийн дотор менгөө авах боломжтой. Тэр хүмүүс хоёр сая гурван зуу мянгаас бага мөнгө төлж орсон хүмүүс байгаа. 

-Та бүхэн цаашаа ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Цаашид үргэлжлэн явагдах болно. Энэ сарын 20-ноос эхлэн жигдрээд ажиллах болно. 

Ямартаа ч тэд иргэдийг өөрсдийн буруугаасаа болж хохирсон. Тэд ажлаа сайн хийж чадаагүй гэх мэтээр тайлбарлаж байв. Угтаа бол тэд шинээр хүн элсүүлж авахдаа анхнаасаа их мөнгө төлбөл амжилттай ажиллах болно гэх мэтээр хүмүүсийг луйвардах аргаа улам нарийсгасаар байна гэсэн үг. Хэдийгээр бид дээрх нэр бүхий хоёрхон газраар ороход байдал нэг иймэрхүү.

Эдгээрээс гадна маш олон газар сүлжээний залилагчид баг багаараа оффис нээж энэхүү хууль бус үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Тэгэхээр өдгөө хохирогчдын тоо 400-гаас хол давчихаад байхад дахин хэдэн зуун хүн хохирох эрсдэлд ороод байгааг дээрх газрууд гэрчилж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан энэ сүлжээг бүр мөсөн устгаж алга болгохын тулд сайтар шалгалт хийж үр үндсийг нь сугалахгүй бол тэд олон мянган хүнийг хохироож хохирогчдын тоог нэмэх гэж байна.

ХОХИРСОН ИРГЭД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

Ямартай ч бид хохирсон иргэдтэй уулзахаар УМБГ-ыг зорин очиход хохирогч болсон гэх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа гэдгийг цагдаагийнхан хэлж байв. Энэ талаарх мэдээллийг албаны хүнээс асуухад “ Дөнгөж шалгагдаж байгаа болохоор нарийн тодорхой мэдээлэл егөх боломжгүй байна. Харин “Жи Тайм” сүлжээний хохирогчид Мөрдөн байцаах газарт очихдоо:

Өргөдөл

Иргэний үнэмлэхийн хуулбар

Төсөл хөтөлбөрт элсэх үедээ бүрдүүлж егсөн баримт, гэрээний хуулбар

Цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас хөтөлбөрт элсэх үедээ төлсөн мөнгөний баримт, авсан урамшуулалтай холбоотой баримт тус бүрийг бүрдүүлэх шаардлагатай” гэлээ. Ямартай ч хохирсон иргэд өнөөдөр УМБГ-т албан ёсоор гомдлоо гаргаж хэчнээн төгрөгөөр тус сүлжээнд элссэн. Хэн гэдэг хүнээр дамжуулан энэхүү сүлжээнд орох болсон талаарх мэдүүлгээ өгөх аж.

ХҮМҮҮС ТҮРЭГДЭЭД ДЭЭШЭЭ ГАРЧ МӨНГӨ ЧИНЬ ТА НАРЫН ГАР ДЭЭР НЭМЭГДЭЭД ОЧИХ БОЛНО ГЭЖ ХЭЛСЭН 

Ингээд бид хохирогчидтой уулзаж энэ талаар асуухад тэд нэр ус, зураг хөргөө авхуулахгүйгээр болсон үйл явдлын талаар ярихыг хүссэн юм. Хохирогч Б “Анх манай ээжийн ажлын нэг эгч “Жи Тайм” сүлжээнд ороод арван есөн сая төгрөг авсан гэж ярихыг сонсоод орсон. Тэгээд ч хүмүүс фэйсбүүкт энэ сүлжээнд ороод мөнгөтэй боллоо гэсэн постыг оруулж байсан. Хамгийн гол нь ойрын маань таньдаг хүн дээрх мөнгийг авчихаар нь итгээд орохоор шийдсэн.

Манай ээжийн ажлын зургаан хүн 3,100,000 мянган төгрөгийн дөрвөн хүн 2,300,000 мянган төгрөгийн хөтөлбөрт хамрагдсан. Тэгээд анх ороход найдвартай ямар ч асуудалгүй, хүмүүс маш ихээр орж байгаа болохоор та нар хурдан түрэгдээд дээшээ гарч мөнгө чинь та нарын гар дээр нэмэгдээд очих болно гэж хэлсэн.

Очоод бүртгүүлэхэд одоо гялс мөнгөө өгчих тэгвэл хурдан бүртгэгдээд та нар мөнгөө илүү хурдан авна гэсэн. Манай багийнхны мөнгийг бас өөр олон хүмүүсийн мөнгийг “Монгол орноо мандуулъя” гэдэг байранд зүгээр л дэвтэр нь дээр бичээд бэлнээр л авсан. Дараа нь тэр хүмүүстэй холбогдох гэтэл утас нь болохгүй байсан. Ингээд бид цагдаад гомдол гаргасан чинь нотлох баримт хэрэгтэй гэсэн. Гэтэл бид мөнгөө бэлнээр егсөн болохоор одоо яах ч аргагүйд хүрээд байна.

Ямар ч байсан энэхүү сүлжээний толгойлогч Ж.Маратыг цагдаагийнхан саатуулсан. Тэр хүний дансанд зургаан тэрбум гаруй төгрөг байсан гэсэн. Энэ мөнгөнөөс бидний хохирлыг гаргаж өгөх байх гэж найдаж байна. Биднээс албан ёсоор ирэх даваа гарагт /өнөөдөр/ өргөдөл авахаар болсон” гэв.

Хохирсон иргэд бүгд дээрх эмэгтэйтэй адилхан тайлбарыг хэлж байв. Ихэнх хүмүүс нь ямар ч нотлох баримт үйлдэхгүйгээр сүлжээнийхэнд мөнгөө бэлнээр егсөн учраас шат шатныхаа багийн ахлагчаа ч иргэний хариуцагчаар татуулах тухайгаа хэлж байв. Юутай ч эл хэргийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгахаар болжээ.

Ж.МАРАТ ГЭЖ ХЭН БЭ

“Жи Тайм”-ийн захирал Ж.Марат гэгч нь Казахстан улсаас үүсэлтэй “G-time” корпорацийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Жумагулвоеийн төрсөн дүү аж. Тэрбээр 2016 оны арванхоёрдугаар сард нэг удаа Монголд ирж, “Жи Тайм” сүлжээнд элссэн иргэдтэй уулзчихаад буцсан аж. Ингээд тэрбээр их мөнгөтэй болох бүхий л ажлаа гүйцэлдүүлсэн учраас бодитоор биелүүлэхээр ийнхүү өнгөрсөн сард Монголд ирээд байсан нь энэ аж.

Ж.Марат нь 50 гаруй насны эрэгтэй бөгөөд чухам ямар мэргэжилтэй эсэх талаараа Монгол иргэдэд нэг ч удаа хэлж байгаагүй аж. Зөвхөн “Жи Тайм" сүлжээний талаар ярьдаг байсан гэнэ. Түүнчлэн тэрбээр “Жи Тайм” сүлжээ бол Казахстан улсын Засгийн газрын "Ядуурлыг бууруулах төсөл" хэмээн иргэдийг төөрөгдүүлдэг байжээ.

Одоогоор сэжигтэн Ж.Маратын дансан дахь зургаан тэрбум гаруй төгрөгийг хууль, хяналтынхан битүүмжилсэн гэж хэвлэлээр бичигдэж байгаа ч бодит байдал дээр дээрх мөнгө аль хэдийнэ хил даваад зугтаачихсан эхнэрийнх нь дансанд байршсан гэдгийг эх сурвалж хэлж байв. Хэрвээ үнэхээр Ж.Маратын дансанд байршсан гэх зургаан тэрбум гаруй төгрөг эхнэрийнх нь данс руу шилжсэн бол энэ олон хохирогчид яаж мөнгөө олж авах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Юутай ч хэчнээн иргэдийг луйврын аргаар хохироосон бэ гэдгийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй учраас таамаг төдий зүйл нурших нь илүүц байх.

Ж.Маратад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Ингээд ЦЕГ болон Санхүүгийн зохицуулах хорооноос “Жи Тайм’ ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохироос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд анхаарууллаа

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна