"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" бизнес уулзалт "Шангри-Ла" зочид буудалд өнөөдөр боллоо. Нийслэлд 2017 онд 677.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Энэ хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг хот байгуулалт, дэд бүтцийн салбарт зарцуулахаар тооцжээ. Мөн залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах юм байна.
Энэ үеэр Хотын дарга С.Батболд "Гэр хорооллыг гурван бүсээр хөгжүүлэхээр төлөвлөж байна. Төвийн бүсэд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан төсөл хэрэгжүүлэгчийг нэмэгдүүлэх, богино хугацаанд орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлнэ. Газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьших орон сууцаар хангана. Иргэдийн оролцоотой дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж, 200 орчим өрхийн дунд сервис центр байгуулна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж, орчны бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2017 онд гэр хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд нийслэлийн төсвөөс 16.8 тэрбум, Хөгжлийн банкнаас 10.2 тэрбум нийтдээ 26.8 тэрбум төгрөгийг зарцуулна. Цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй айл өрхгүй болно. Цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй 3,800 өрхийг эрчим хүчээр хангана" гэх зэргээр дурдлаа.
Түүнчлэн Амгалан цахилгаан станцаар хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл х хийх ажилд АНУ-ын Мянганы сорилтын сангаас 300 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татах, Хан-Уул дүүргийн Морингийн даваанд 25 мянган куб.м хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламж барих, дулааны алдагдал бүхий 1,000 гаруй орон сууцны дулааны ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх, 33.5 км авто зам, 3,050 м урт гүүрийн ажил шинээр барих, засварлах гээд бүтээн байгуулалтын томоохон ажлууд багтжээ.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр 3, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 5 цэцэрлэг шинээр барьж 2019 он гэхэд хороо бүрийг сургууль цэцэрлэгтэй болгох зорилт тавьжээ. Харин эрүүл мэндийн салбарт 2017 онд 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Чингэлтэй, Багахангай дүүрэгт шинэ эмнэлэг барихаар төлөвлөсөн байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна