Хэлэлцээрээ зөрчсөн Засгийн газартай хамтын маргаан эхлүүлнэ

2017/02/21
Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар МҮЭ-ийн холбооноос өчигдөр мэдээлэл хийж байр сууриа илэрхийлсэн. ОУВС-тай хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрийн нөхцлүүдийг эргэн харахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нараас хүсч мэдэгдэл  хүргүүлээд байгаа юм.

Мэдэгдэлд “2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалтууд зөрчигдөх, улмаар хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдон хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрхзүйн нөхцөл бүрдэж болзошгүйг МҮЭ-ийн холбооноос урьдчилан мэдэгдэе” гэжээ.

Энэ талаар Монголын Үйлдвэрчний эвлэлйн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “ОУВС-тай манай улс анх удаа хамтарч ажиллаж байгаа биш. Харин өргөтгөсөн санхүүжилт нь шинэ хөтөлбөр. Төсвийн сахилга бат, нэгдмэл байдал, төсвийн алдагдлыг бууруулахад чиглэгдсэн үр дүнтэй заалтууд байсан. Өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Цалин нэмэгдээгүй байхад зарим татварыг нэмэх нь зүйд нийцэх үү. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан аж ахуй нэгж, иргэдэд тулгарч буй хүндрэл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ хэмээн гурван талт хэлэлцээрт оруулсан ч зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй нөхцөл үүсч байна. Түүнчлэн тэтгэвэр тэтгэмж, цалинтай холбоотой асуудлыг зөвшилцөлгүй шийдвэрлэсний зэрэгцээ “Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ одоогийн хүрсэн амьжиргааны түвшнийг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт ч мөн зөрчигдөж байна” гэжээ.

Тиймээс хамтын маргааныг эхлүүлэхээ хэвлэлийн хурлаар дамжуулан хэлсэн байна.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна