Фортуна, Гарамгай хоёрт хийсэн хэрэг бий юу?

2017/02/22
 АТГ-аас Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой асуудлаар хэд хэдэн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Харин тэдний мөрдөн байцаалтын ажиллагаа өчигдрөөс эрчимжиж УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан, АН-ын бүлгийн дарга, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар нарыг цагдан хорьлоо.

АТГ-аас тэднийг цагдан хорьсон гэснээс өөр ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй байна.  Гэхдээ хэвлэл мэдээллээр бондын хөрөнгөөс өөрсдийн эзэмшлийн компанидаа тендер авч олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн, Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө дутсан гэх асуудал олонтаа гарч байсан юм.

Тиймээс тэдний өмнө нь хэвлэлд өгч байсан тайлбарыг хүргэж байна.

Н.БАТБАЯР: МИНИЙ АМЬДРАЛ ӨМНӨХӨӨСӨӨ ДОРДСОН УУ ГЭХЭЭС ДЭЭРДЭЭГҮЙ

"Би гэм буруугүй. Улсаас нэг ч тендер авсан асуудал надад байхгүй. Нуусан, илэрсэн хөрөнгө надад алга. 2004 онд би УИХ-ын гишүүн болсноос хойш миний хувийн эдийн засаг дордсон уу гэхээс дээрдээгүй. Учир нь би өөрийгөө улстөрд бүрэн зориулсан хүн. Би 2004 онд УИХ-ын гишүүн болохдоо ямар байшинд амьдарч байсан яг тэр байшиндаа л амьдарч байгаа.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг урьдчилсан хорих төвд 14 хоног саатуулаад шүүхээс хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан байгаа. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг. Хүнийг зохиомлоор хэрэгт гүтгэж болохгүй. Манай Мөнхбат бол сайн залуу. Мэдлэг, боловсролтой. Австрид сурч, санхүүгийн боловсрол эзэмшсэн, англи, орос, герман, францаар чөлөөтэй ярьдаг, ажилдаа махруу залуу. Чингис бондыг босгох ажлын албаны дарга нь Н.Мөнхбат байсан. Би бодлогын чанартай ажлыг нь, Мөнхбат техникийн ажлыг нь хийсэн. Мөнгө олж ирсэн гол хүмүүсийн нэг л дээ ”
 
2017.01.20 news.mn сайт


Б.ГАРАМГАЙБААТАР: "МОНРОУД" КОМПАНИЙГ БИ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН НЬ ҮНЭН  

"АТГ-аас мэдээлэл өгөхдөө ийм асуудлыг 2014 оноос ярьсан. 30 гаруй тэрбум төгрөгийг “Монроуд” компани авсан гэж ярьж байснаа, сүүлийн үед үүнийгээ надтай холбож яриад байгаа юм. “Монроуд” компанийг би үүсгэн байгуулсан. Үүнийгээ ч хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичиж өгдөг. Гэхдээ компанийн удирдлагыг өөр хүмүүст шилжүүлээд 10-аад жил болж байна. “Монроуд” компани намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Архангай аймгийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын тендерт ялсан. Тэр замыг өмнө нь Хятадууд барьж байгаад хаяад явсан. 30 гаруй тэрбум төгрөг “Монроуд” компанийн дансанд шилжсэн гэсэн мэдээллийг АТГ-аас өгсөн.  Ер нь тендерт ялсан үнийн дүн нь 30 гаруй тэрбум болсон юм. Гэхдээ үнийн дүнгээ бүгдийг нь авдаг аж ахуйн нэгж байхгүй. Замын ажил гүйцэтгэл тутмаар нь санхүүждэг. Үүнийг хүмүүс зориуд мушгиж яриад байгаа юм.

Сонин хэвлэлээр цацагдаад байгаа мэдээлэл хаанаас гараад байгааг мэдэхгүй. Ер нь АТГ-аас Хөгжлийн банканд шалгалт оруулсан. Тиймээс АТГ-аас тодруулах хэрэгтэй. Хөгжлийн банкийг Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан. Нэг үгээр гадна, дотны хөрөнгө оруулалт олоод түүнийгээ Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх юм.Би Эдийн засгийн Байнгын хорооны дарга байхдаа Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан бондын мөнгийг хянах ажлын хэсэгт ажиллаж байсан. Тэр үед бондын зарцуулалтыг салбар тус бүрээр нь Ерөнхий сайд ахлаад оруулдаг байсан. Түүнд ямар нэгэн хууль бус зарцуулалт огт байгаагүй. Зарцуулах ёстой зүйлдээ зарцуулагдаад явж байсан"
2015.05.16 ikon.mn сайт
 


 
Б.Сондор 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна