“Боовчин” гишүүд больчих л доо

2017/02/23
 Намрын чуулган завсарлахтай зэрэгцээд УИХ-ын гишүүд хот хөдөөгүй тойрог тойргоо зорьцгоосон. Тэд ард иргэддээ ажлаа тайлагнахын хажуугаар сар шинийн идээнд нь нэмэр болцгоов. Ахмадынхаа гарыг цайлгах энэ үзэгдэл гэнэт гараад ирсэн ч юм биш л дээ. Гэвч энэ жил арай л хэтрээд байна уу гэж бодогдоход хүргэв.

Эрхэм гишүүд маань хэдэн ширхэг хэвийн боов, ёотон, цай сэлт сарвайснаа “гайхуулж” цахим хуудсандаа ар араасаа зургаа нийтэлж буй нь сүүлдээ шүүмжлэл дагуулж эхэллээ. Бүр мянгат малчин болсон айлд тойргийнх нь гурван гишүүн халз мөргөлдөж онигоонд орж байх жишээтэй.

Энэ үзэгдлийг дэврээж байгаа нь ганц УИХ-ын гишүүд биш л дээ. Засаг дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчид гээд УИХ-ын гишүүнээс дутахгүй шоучин нөхдүүд  нэмэгдэж байгаа юм. Юм өгч болно, харин шоудахаа л больчих.

Боов, чихэр тараах үзэгдэл ингэтлээ хавтгайрсан нь сонгуулийн системтэй л холбоотой. УИХ, орон нутгийн сонгуульд жижиг тойрогт өрсөлдсөн гишүүд ганц олдсон боломжоо ашиглаж, тойргийнхондоо ядаж л боов, чихрээр тал засахгүй бол болохгүй шүү дээ. Намрын чуулган завсарлаж гишүүд тойрог тойргоо тойглож байх зуур улс орны эдийн засагтай холбоотой томоохон шийдвэр гарч л байна. Өнөөх хэд маань эрхбиш мэдэж л явдаг байгаа даа.

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна