Г.Батжаргал: Эхлээд малчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарах ёстой

2017/02/24
 Баяннхонгор аймгийн тэргүүний малчдын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Аймгийн удирдлага эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлогынхоо талаар малчдадаа дэлгэрэнгүй танилцуулж санал бодлыг нь сонсох зорилгоор “Тэргүүний малчдын аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа аж. Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт малчид нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой зорилтууд дэвшүүлжээ.

2016 оны жилийн эцсийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 22 мяйнга гаруй малчид байдаг гэх судалгаа гарчээ. 35-59 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгаа бол 60-аас дээш насны 1605 малчин байдаг аж. Харин бодит амьдралд залуу малчдын залгамж халаа үгүйлэгдэж, мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой ажиллах хүсэл сонирхол бага байгааг онцоллоо.

Аймгийн засаг дарга Г.Батжаргал зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Малаасаа өмнө малчдаа анхаарч тэднийхээ нийгмийн асуудлыг шийдэх ёстой, тэгж байж мал аж ахуйн үйлдвэрлэл уламжлал шинэчлэлийг хослуулан, шинэ нөөцөөр сэлбэгдэн хөгжиж, эзэн болсон малчиндаа ч, эх орон, нутаг усандаа ач тусаа өгөх ёстой. Худаг усаа түшиглэн халуун ус, үсчин, гоосайхан зэрэг ахуйн үйлчилгээний байнгын болон явуулын үйлчилгээг нэвтрүүлж, орчин үеийн болоод уламжлалт урлаг соёлын бүхий л үйлчилгээг тодорхой графикийн дагуу малчиддаа хүргэж, тэдний чөлөөт цагийг хамтдаа хөгжих, нийгэмших тал руу нь хөтлөх, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах асуудлыг багийн түвшинд давтамжтайгаар хэрэгжүүлэх, цэцэрлэгийн нүүдлийн бүлгүүдийг шаардлагатай цаг үеүдэд малчны хотонд 24 цагаар ажиллуулах зэрэг зорилтуудыг хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ. Ерөнхий боловсролын болон бусад их дээд сургуулиа төгсөөд хөдөөг зорьж малчин болохоор зориг шулуудан ирж буй олон залуус байгаа. Гэвч тэдний нэлээд хэсэг нь удахгүй бүр тодруулж хэлбэл хуримаа хийгээд сайндаа 2-4 жил болоод л төв суурин барааддаг. Үүнийг дээр өгүүлсэн хэдэн шалтгаанаас л болж байна гэж үздэг. Зориод ирэхэд нь зоригийг мохоохгүй байх асуудлыг “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр бид шийдэж чадна гэж үзэж байна. Уг хөтөлбөрт шинэ залуу малчин өрхүүдийг малжуулах төсөлд хамруулж малын тоо толгойг нь нэмэгдүүлэх, тэдэнд өвөлжөө, хаваржаа олгох асуудлыг өвлүүлэх болон шинээр газар олгох, хашаа хороо шинээр барих сэргээн засварлахад нь санхүү, эд материал, хүн хүчний туслалцаа үзүүлэх замаар шийдвэрлэх, ахмад малчдын баялаг туршлагаас суралцуулах, санхүү зээлийн уян хатан бодлогоор дэмжих, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, тэдний үр хүүхдийг цэцэрлэг сургуульд хамруулах зэрэг цогц асуудлуудыг шийдвэрлэхээр тусгана” хэмээн онцоллоо.





 
Эх сурвалж: bayankhongor.gov.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна