Завханы “Алтан төл”-ийн эзэд шагналаа гардав

2017/02/26
Завхан аймгаас төрсөн “Улсын аварга” малчид болон “Алтан төл”-ийн эздэд БОАЖ-ын сайд шагналыг нь гардууллаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хоёрдугаар сарын 22-24-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллав.

Энэ үеэр Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Б.Баярсайхан, Тэлмэн сумын Баянтэгш багийн малчин С.Батсүх нарт “Улсын аварга малчин”-ны шагналыг аймгийн Засаг дарга Д.Батсайханы хамт, Нөмрөг сумын Баянзүрх багийн малчин Д.Дашдондов, Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин Д.Болор-Эрдэнэ нарт МҮОРТ-ийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ний  шагналыг аймгийн орлогч дарга Ч.Пунцаг болон сум, багийн удирдлагуудын хамт гардуулав.

Энэ жил Завхан аймгаас “Улсын аварга малчин” зургаа, МҮОНРТ, ХХААХҮЯ-аас хамтран шалгаруулдаг “Алтан төлийн эзэн”-ээр долоон малчин шагнагдсан байна.

Тосонцэнгэл сумын Идэр багийн Улсын аварга малчин Б.Баярсайхан “Манайхан гурван үеэрээ малчин, анчин хүмүүс, аав маань улсын аварга анчин байсан” гэж бахархан ярьж байлаа.

Тэлмэн сумын Баянтэгш багийн малчин С.Батсүхийн аав нь аймгаасаа гурван удаа Улсын аварга малчинд тодорхойлогдсон ч авч чадаагүй байна. Аавынхаа авч чадаагүй  алдрыг нь авсан хүү нь "бурхны оронд очсон аав маань хүүгээрээ бахархах байхаа" хэмээн нулимс барьж чадалгүй уйлж суусан юм.

МҮОРТ-ийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төл”-ийн эзнээр тодорсон Нөмрөг сумын Баянзүрх багийн малчин Д.Дашдондов нь сумын аварга малчнаар 3 удаа, мянгат малчнаар 7 удаа, 2013 онд аймгийн сайн малчнаар шалгарч байжээ

Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Аймгийн аварга” малчин Г.Эрдэнэдоржийн эхнэр МҮОНРТ-ийн "Таван-Эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит Алтан хурганы эзэн Д.Болор-Эрдэнэ “Хүн мал хоёр нь хөр цасандаа дассан даа” хэмээн инээмсэглэж суулаа. 1986 оноос хойш 30 жилийн дараа улсын шагналыг ийнхүү Оргих багт авчирсан залуу малчид маань өнгөрсөн жил 350 төл бойжуулж цас зудыг төлийн хорогдолгүй давсан байна.

Бидний очсон сумдад 20-40 см зузаан цастай байсан ч хүн мал хоёр ажрахгүй амьдарч байлаа. Аргагүй удам дамжсан сайн малчдын малч ухаан, хөдөлмөрч чанар харагдаж байсан юм. Өвс олж идхээргүй цасан дунд идээшлэх мал сүргийг хараад юу идэж байгаа бол гэхэд “өвс” гэж хариулах малчид жижиг малаа адууныхаа араас хамт бэлчээдэг, адуу зам гаргана, туурайгаараа цас цавчилж өвс гаргадаг. Жижиг мал адуутайгаа хамт явж байж бага ядарч өвс, тэжээлээ олж иддэг юм хэмээн ярьж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна