“Манлай малчин” цол тэмдэгээр шагнав

2017/02/26
  Налайх дүүргийн 6-р хорооны иргэн Ц.Батсүхийг  мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн улс орон, нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж сумын “Манлай Малчин” цол тэмдгээр шагналаа.

  Манлай малчин шагналыг тус дүүргийн засаг дарга, Малчдын алдар холбоо, Манлай малчин төслөөс хамтран олгож байгаа бөгөөд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, ИТХ-ын тэргүүлэгч Г.Баттөмөр, Н.Батболд нарын хүмүүс гардуулан өгчээ.

 Манлай малчин Ц.Батсүх гуай “Өлийн булан” хэмээх энэ газар нутагтаа гэргий, 4 хүүхдийнхээ хамт 11 дэх жилдээ өвөлжиж байна. Тэрээр  цас зуд ихтэй, цаг агаар хүндрэлтэй нөхцөлд өвлийг өнөтэй давсан энэ сайхан үед сайн малчин цол тэмдгээр шагнуулсандаа маш их баяртай байна гэлээ.

Цэргийн алба хааснаасаа хойш тасралтгүй 36 дахь жилдээ мал маллаж байгаа юм байна. Одоогоор 400 гаруй хонь, ямаа, 50 гаруй үхэр,  20 орчим адуутай.  Малын ашиг шим асар өндөр тул мал дагасаны буянд өдийг хүртэл сайхан амьдарч байна. 

Мал маллана нэдэг нарийн мэдрэмж, ухаан байдаг.  Хамгийн гол нь малыг биечлэн дагаж маллах нь чухал гэдгийг онцоллоо. Мөн тухайн газар нутгийн онцлог их чухал. Тухайлбал манай  энэ сайхан нутаг бол нөмөр, нөөлөгтэй учраас хороо хот маань тавтай байдаг. Олон  ч зудтай жилийг огт хорогдолгүйгээр өвлийг сайхан давж байна гэсэн юм. Түүнийг шагналаа гардах үеэр айл хотныхон нь цугласан байлаа.

Ц.Батсүх гуайг морьтой хонь, малаа тууж явахыг үзээгүй гэнэ. Үнэхээр л малыг биечлэн дагах, хэрхэн сайн маллах үлгэрийг залуустаа үзүүлж яваа ажилч, хичээнгүй хүн гэдгийг ам бахдан ярьцгааж байсан.

Өнөөгийн залуус малаа мориор элдэж, мотоциклоор хөөж яваа харагддаг.  Ийм л муу дадалтай, ажилгүй малчид битгий олшроосой гэж хүсч байгаа учраас 15 настай бага хүүгээ малчин болгож өөрийнхөө туршлагаас олсон мэдлэгээ өвлүүлж байгаа гэв.
 
Дашрамд дурдахад Манлай малчин төсөл нь уламжлалт мал ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдал, баталгаат эрүүл мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хөдөлмөрийг алдаршуулах зорилготой юм. 

Монголчууд эртнээс “Мандах төрийн малгай” хэмээн эрхэмлэж ирсэн тул бөх,  морь уяач, сур харваачид  тусгай малгайтай байдгийн адил манлай малчид ч өөрсдийн  гэсэн  онцлогтой малгайтай болжээ.

Ц. Батсүх  үндэсний сур харвадаг бөгөөд спортын дэд мастер цолтой. Тэрээр Манлай малчны малгайгаа хүлээн авахдаа амжилтын малгай минь энэ одоо амьдралын туршид өмсөх малгайгаа хүлээн авч байгаадаа бүр ч их баяртай байна гээд малгайгаа сольж өмслөө.

Бид малаа л сайн өсгөвөл ядуу байна гэж үгүй Монголчуудын түүх соёл, зан заншлыг ч мал ахуйгүйгээр танин мэдэхийн аргагүй юм гэсэн сайхан үгийг сурвалжлагч бидэнд дайв.

Г.Батсүх гуай цэц мэргэн шигээ мал маллаж өсгөхдөө ч өөрийн гэсэн арга ухаантай чамбай хүн гэдэг нь харагдаж байлаа.






Т.Хэрлэн
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна