Даралт ихэссэн үед яах вэ?

2017/03/02
Хэрэв та  даралт ихсэх өвчнөөр өвдөөгүй, ямар нэг шалтгаанаар  нэг удаа даралт ихэссэн бол доорхи зөвлөгөөг дагаарай:

  Хамгийн түрүүнд даралт ихэсгэж байгаа үндсэн шалтгааныг арилгах хэрэгтэй. 

Эхний ээлжинд давсыг хэрэглэхийг зогсоо. Цайг огт давсгүй уух. Давсгүй уухад хэцүү бол цайны хужир хэрэглэж болно. Хоолонд давс орлуулах бүтээгдэхүүн хэрэглэ. Үүнд: лимон, цагаан гаа, сармис зэргийг хэрэглэх. Хоолонд амьтны гаралтай өөх тосыг хязгаарла.

  Архи, тамхинаас татгалзах 

  Биеийн жинг хэвийн болгох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх. өдөр идэвхитэй хөдөлгөөн хийгээд л шууд үр дүн гаргахыг хүсдэг. Тэгтэл хэдий хугацаанд жин нэмсэн тэр хугацааны турш та хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Сард 2-3 кг-ыг аажим хаях нь эрүүл мэндэд тустай бөгөөд эргээд жин нэмэгдэх магадлал багатай байдаг. 
Дээрхи зөвлөгөөг мөрдөхгүй бол мянган эм уусан ч үр дүн багатай байж болно.

Яг даралт ихэссэн үед:

Хөлөө халуун бүлээн усанд дүрж, толгойд хүйтэн жин тавь.

Өрөөг агааржуулж хамраараа гүнзгий амьсгал авч, амаараа зөөлөн үлээж гарга.

Амьсгалаа хянаж зөөлөн аажуу авч, гарга. Энэ дасгалыг 10-20 удаа хийхэд даралт буурна. 

  Даралт үнэхээр өндөр, буурахгүй бол дибазол эмийг 1 ширхэгийг уугаад, эмнэлэгт ханд. Даралт ихсэлтийн үндсэн шалтгааныг тодорхойлон, шаардлагатай эм болон бусад эмчилгээг таньд зөвлөх болно.
 
Эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Даралт буулгадаг үйлчилгээтэй олон төрлийн эм байдаг бөгөөд таны биеийн онцлог, даралтны хэмжээ зэргээс хамааран харилцан адилгүй үйлчилдэг болохыг анхаар!

Харин нэгэнт даралт ихсэх өвчинтэй  болсон бол:

Эмчийн зөвлөгөө авч бичиж өгсөн эмийг нь зааврын дагуу тогтмол хэрэглэ.Хэрэв эмийг тогтмол хэрэглэвэл өвчний эхэн үед бүрэн эдгээх боломжтой байдаг. Ихэнхи хүмүүс зөвхөн даралт ихсэх үед эм уугаад зовиур арилмагц хэрэглээ больдог. Энэ нь өвчнийг бүрэн эдгээдэггүй бөгөөд зөвхөн  зовиурыг  түр арилгах шинж тэмдгийн төдий арга хэмжээ болдог.
 
 Даралт ихсэх өвчтэй, байнга эм хэрэглэдэг бол даралтаа  тодорхой цагуудад /эм уухын өмнө, өөрт даралт ихсэж буй мэдрэмж төрж буй үед гэх мэт / тогтмол хэмжиж, тэмдэглэл хөтөлж байхыг зөвлөе. Тэмдэглэлд даралтын хэмжээ, үзсэн цаг, уусан эм зэргийг багтаах нь зүйтэй. Ингэх нь эмчид таны даралт ихсэлтийн үйл явцын талаархи мэдээллийг өгөхөөс гадна эмчилгээний тактикийг сонгоход ихээхэн тус болдог.  
Бэлтгэсэн:Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна