Морин хуурын чуулга Манла бурханд дуун өргөл өргөлөө

2017/03/05

Монгол Улсын Морин хуурын чуулга жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд бүрэн бүрэлдэхүүнээрээ Манба Дацан хийдэд тоглон, Манла бурханд дуун өргөл өргөж, ард иргэдээ даатгадаг хүндэтгэлтэй үйл ажиллагаа энэ жил 17 дахь жилдээ боллоо. Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдоржийн санаачилгаар зохион байгуулах болсон энэхүү үйл ажиллагааг сүсэгтэн олон түмэн хүсэн хүлээж, өргөнөөр оролцохоос гадна жил ирэх бүр олон уран бүтээлчид нэгдэн дуу хуураа хүргэсээр байна.

Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бурхандаа тахил хүндэтгэл үзүүлснээс хойш ийнхүү уламжлал болон тогтжээ.

Мөн энэ өдөр Манба Дацан хийдийн лам хуваргууд Их Манла, Манлын дончид, Манлын лого хурж, Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, ард олныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг юм.

Энэ жил МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүдийг эгшиглүүлсэнээс гадна Уртын дуучин, СТА Б.Мөнхбаатар, дуучин, СТА Ө.Цэрэнчунт, Б.Дэлгэрбаяр зэрэг уран бүтээлчид дуу хуураа хүргэлээ.

Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ бурхан шүтээндээ дуун өргөл өргөдөг Морин хуурын чуулгын хамт олон, түүнийг жил бүр даган баясдаг сүсэгтэн олонд талархалаа илэрхийлээд “Бурханы оронд 100 мянган хөгжмийн аялгуу эгшиглэж байдагтай адил та бүхэн бурхадын орон хийдэд бодитойгоор тэрхүү аялгууг татаж байгаа хөгжмийн аялгуугаар ном номлогчид юм шүү” хэмээж байлаа.

Энэ жил Морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд 17 жилд нь Манба Дацан хийдэд жил бүрийн шинийн найманд ая дуугаа өргөжээ. Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай “Манай Морин хуурын чуулга НҮБ, ЮНИСКО-гийн тайзан дээр хөгжимдөж, Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж явсаныгаа Манба Дацан хийдэд жил бүр ая дуугаа өргөсөн их буян, номын ач гэж үргэлж бодож явдаг. Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан хийдийн лам хуваргууд та бүхэнд үргэлж талархаж явдагаа илэрхийлье” гэв.

Манла бурханд дуун өргөл өргөдөг энэхүү үйл ажиллагаанд маш олон хүн хүрэлцэн ирсэн бөгөөд түмэн олноо өвчин зовлонгүй байхын тухайд даатган, Морин хуурын аялгуут эгшигээр түмэн олондоо бэлэг барьдаг Манба Дацан хийд болон Морин хуурын чуулгын хамт олонд сүсэгтэн олон талархлаа илэрхийлж байлаа.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна