Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар хордлогын улмаас амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Нүүрсний тээвэрлэлт хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “Эрдэнэс тавантолгой”-гоос 90 км-т байрлах цайны газар хооллоод, мөн согтууруулах ундаа хэрэглээд цааш хөдлөөд удалгүй гурав нь нас барж хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Урьдчилсан байдлаар хоол, архины хавсарсан хордлого гэх дүгнэлт гарчээ.
Дээрх асуудалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бол Эрүүл мэндийн яам, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгч ажиллаж байна.
Монголын гурван жолоочийг хятад иргэн санаатай хордуулсан байх магадлалтай гэх таамгыг олон нийт дэвшүүлээд байгаа юм. Учир нь ажлаа тараад явж байсан 7 залууг хятад эзэнтэй хятадын тал хариуцагч нь баяр тэмдэглэе хэмээн дуудахад нэг нь татгалзсан байна. Ингээд үлдсэн зургаа нь хооллож байх зуур хоолонд оруулсан хятад иргэн архиар дайлжээ.
Албан бус эх сурвалжуудын мэдээллээр жолооч нар саван шиг амттай, шар өнгөтэй архи уусан гэнэ. Энэ талаар амиа алдсан жолооч нас барахаасаа өмнө хэлсэн байна. Тэднийг ямар хүчин зүйлийн нөлөөгөөр амиа алдсан эсэхийг тодруулахаар цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна