Менингококкт халдвар буюу олны нэрлэж заншсанаар менингит өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг гарч, олны дунд эл өвчин дэгдээд байгаа мэт ойлголт төрүүлээд байгаа. Энэхүү өвчний талаар мэргэжлийн хүмүүс ямар мэдээлэл өгснийг хүргэж байна.
Менингококк буюу менингит нь вирусаар халдварладаг өвчин. Уг өвчний халдвар хүйтний эрч суларч дулаан орох үед буюу хаврын улиралд ихэсдэг байна.
Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь 0-14 насныхан байдаг бөгөөд дархлаа суларсан бага насны хүүхдүүд энэ өвчний халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.
Энэхүү өвчин нь менингококк гэдэг вирусаар халдварладаг бөгөөд халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Өвчний 2-5 хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилжиж, эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илрэх бөгөөд эмчилгээ хожимдвол амархан хүндэрч, амь насанд эрсдэл үүсэх магадлал өндөр байна.
Менингитээс сэргийлэх вакциныг товлолт байдлаар хүн бүрт хийдэггүй, хүсвэл тус эмнэлэгт хандан вакцин тариулж болно.
Сануулахад, ХӨСҮТ-д лхагва, баасан гарагт 9-14 цагийн хооронд менингококкоос сэргийлэх вакцин тарьж байгаа юм байна. Вакциныг зургаан сараас дээш настай бүх хүн сайн дураараа хийлгэх боломжтой. Тариаг 13500 төгрөгөөр хийж байгаа юм.
МЕНИНГОКОККТ ХАЛДВАР ГЭЖ ЯМАР ӨВЧИН БЭ?
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Нэйссэриа мэнингитидис гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
ХЭРХЭН ХАЛДВАРЛАХ ВЭ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
ХЭН ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ ВЭ?
Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАРАЛТАЙ ЭМЧИД ХАНДАХ ВЭ?
• Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
• Биеээр цусархаг тууралт гарах
• Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
• Олон удаа бөөлжих
• Хоолонд дургүй болох, ядарч сульдах
• Татах
• Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
• 1 хүртэлх насны хүүхдэд зулай түмбийж чинэрэх
Сэтгэгдэл бичигдээгүй байна