Д.Наранзул:Ур чадвартай боловсон хүчин бэлтгэх нь чухал

30 минутын өмнө
-Гуравдугаар сарын 24-ний өдөр буюу “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулав-

Маргааш “Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Сүрьеэ өвчнөөр өвчлөгсдөөс гадна голомт дээр ажилладаг эмч, мэргэжилтнүүд сүрьеэгийн халдвар авах нь эрсдэлтэй байдаг. Дээрх асуудлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, Анагаах ухааны доктор Д.Наранзултай  ярилцлаа.

-Өнөөдөр сүрьеэтэй өвчтөнөөс гадна голомтод нь ажиллаж буй эмч, сувилагчдын дунд сүрьеэгээр өвчлөх тохиолдол цөөнгүй байдаг талаар сонссон. Эмч, сувилагч нарын дунд сүрьеэ өвчний халдвар хэр байгаа вэ? Энэ талаар хамгийн сүүлд ямар судалгаа хийгдсэн бэ?

-Сүрьеэ амьсгалын замаар халдварладаг учраас сүрьеэтэй өвчтөн ханиалгах, ярих, найтаах төдийд тухайн өвчний халдвар агаарт цацагдаж байдаг. Тиймээс эрүүл мэндийн ажилтнууд сүрьеэтэй өвчтөнтэй өдөр тутамдаа харьцдаг учраас халдварлах эрсдэл өндөр байдаг. Дэлхийн олон оронд эрүүл мэндийн ажилтнууд сүрьеэгээр өвчлөх, халдвар авах эрсдэл өндөр байна.

Манай оронд 2012 онд хийсэн судалгаагаар эмч, эмнэлгийн ажилтнуудын 52 хувь нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс хоёрдогч шатлалд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн халдварлалт  өндөр байгаа нь судалгаагаар гарсан.

Ялангуяа сүүлийн жилүүдэд олон эмэнд дасалтай сүрьеэгээр эрүүл мэндийн ажилтан өвчлөх, улмаар нас барах тохиолдол гарч байна. Тийм учраас эрүүл мэндийн ажилчдыг хамгаалах, сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нэн шаардлагатай. Үүний үндсэн дээр бид өнгөрсөн долоо хоногт МЭМАҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөрлөх эрх-Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн эмч, мэргэжилтний улсын зөвлөгөөн болж, салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

-Тэгвэл ХӨСҮТ-өөс сүрьеэгийн клиникт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах нь бүх ажил олгогч нарын үүрэг байдаг. ХӨСҮТ-ийн хувьд энэ тал дээр олон арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад олон улсын стандартын шаардлага хангасан тусгай шүүлтүүртэй амны хаалт /маск/-ыг захиалан хэрэглэж байна.

Мөн сүрьеэгийн тасаг нэгжүүдийн агааржуулалтын системийг механик агааржуулалтын систем рүү шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.  Тодруулбал, олон эмийн дасалтай болон халдварын эрсдэл өндөртэй өвчтөний тасаг, лабораторт механик агааржуулалтын системийг суурилуулан, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

Үүний зэрэгцээ эрүүл мэндийн ажилтан болон өвчтөний орох гарах урсгалыг тусгаарлан, тусгай хаалга гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Нөгөө талаас эрүүл мэндийн ажилтнуудын дунд амны хаалтаа хэрхэн хэрэглэх, агааржуулалтын системийн төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, халдвартай өвчтөнтэй хэрхэн ажиллах зэрэг халдвар авахаас сэргийлсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

-Эрүүл мэндийн салбар тэр дундаа хүнд нөхцөлд ажилладаг сүрьеэгийн чиглэлд хүний нөөцийн асуудал чухал байх. Энэ талаар...

Дэлхий нийтэд тулгамдсан асуудлын нэг нь эрүүл мэндийн ажилчдын хомсдол байдаг. Энэ нь эрүүл мэндийн ажилчид удаан хугацаагаар бэлтгэгддэгтэй холбоотой. Нөгөө талаар, шинэ боловсон хүчин энэ чиглэлийн салбарт ажиллах сонирхол бага болсон.

Учир нь цалин бага, ажлын нөхцөл хүнд, ажлын байрнаасаа халдвар авч нас барах гэх мэт хүчин зүйлсээс болж салбарт ажиллах сонирхолгүй байдаг тохиолдол ихээхэн ажиглагдаж байгаа. Энэ чиглэлийн хүний нөөц хомсдолд орсон тул ажлын ачаалал ихтэй байдаг.

Сүрьеэтэй нэг өвчтнийг 6-8 сар, цаашлаад 24-36 сарын хугацаанд эмчлэх шаардлагатай байдаг.  Энэ нь нэг талаас эрүүл мэндийн ажилтан, нөгөө талаас өвчтөн, түүний гэр бүл ихээхэн хүчин чармайлт гаргаж хамтран тэмцэж байж, энэ өвчин эдгэрдэг.

ХӨСҮТ нь сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв гэж хэлж болох байх. Танайх сүрьеэгийн чиглэлийн залуу боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хэрхэн анхааран ажиллаж байна вэ?

Боловсон хүчнийг системтэй бэлтгэх асуудал нь тухайн ажил олгогчийн тэргүүлэх чиглэл байх ёстой гэж бодож явдаг. Чадварлаг сайн, боловсон хүчин бэлтгэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар манай байгууллагын зүгээс залуу эмч нарыг дэмжих бодлого баримталж ажиллаж байна.

Зарим мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал болон халдвартай нөхцөлд ажиллаж байгаа  нэмэгдэл олгох, цаашлаад олон улсын сургалтанд хамруулах, улирлын урамшуулал олгох зэргээр  дэмжин ажиллаж байна.

-Сүрьеэгийн резидент эмч мэргэжлийг эзэмшихийн тулд хэдэн жил суралцдаг вэ?

Ерөнхий мэргэжлийн эмч 1 жил суралцаж сүрьеэгийн нарийн мэргэжил эзэмшиж байна.Бидний зүгээс богино хугацаанд сургах шаардлагатай тул халдвартын мэргэжил эзэмшсэнэмчийг 6 сарын хугацаанд мэргэшүүлэх хөтөлбөрийг Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд сүрьеэгийн резидент 20 гаруй эмчийг бэлтгэж байна.

Эмчийн мэргэжил эзэмших, энэ мэргэжлээр ажиллахын тулд хэдий хугацаанд суралцсан  байх шаардлагатай юу?

Эхлээд анагаахын сургуульд 6 жил суралцаж эмчийн мэргэжил эзэмшдэг. Дараа нь 2 жил резидент эмчээр суралцана. Нарийн мэргэжил дээшлүүлэх дамжаанд сургалтанд хамрагдана. Хэрэв тухайн хүн хүсвэл цаашлаад магистр, докторын түвшинд суралцана.

Ингэж байж тодорхой хэмжээний зэргийн нэмэгдэл цалин авдаг. Эмч хүн суралцахад маш их цаг хугацаа зарцуулдаг шүү дээ. Ер нь цаг хугацаа, хөрөнгө зарж өндөр өртөгөөр эмчийн мэргэжлийн эзэмшдэг. Ер бол эмч хүн ажлын байранд тасралтгүй суралцаж байдаг.

-Салбарын хүний хувьд та  төрийн бодлогын түвшинд юуг анхаарасай гэж бодож явдаг вэ?

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад өндөр ур чадвартай боловсон хүчин хамгийн чухал. Харин чадварлаг боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, тогтвор сууршилтай, үр бүтээлтэй ажиллуулахын тулд нийгмийн баталгаа, цалин өндөр байх хэрэгтэй. Одоогийн ажилчид шөнийн ээлжинд жижүүрт хонож, маш хүнд нөхцөлд ажиллаж байж л цалингийн нэмэгдэл авч байна.

Тиймээс нэгдүгээрт төрөөс цалинг дорвитой нэмэх шаардлагатай байна. Жишээ нь, Казакстан улсын Сүрьеэгийн эмч нарын цалин бусад эмч нарын цалингаас 190 хувиар өндөр байдаг. Хоёрдугаарт, шөнийн ээлжинд гарч байгаа ажилчдыг түр хугацаанд амрах, чанартай хоолоор хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

 Өөрөөр хэлбэл ажилчдын эрүүл мэндийн хамгаалах, дэмжихэд анхаарах хэрэгтэй. Тиймээс энэ салбарын цалинг нэмэхээс гадна ажлын байрны халдвар хяналтын нөхцөлийг сайжруулах,  нийгмийн халамж тал дээр нь анхаарах зайлшгүй шаардлага байна.

-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна