Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд ял оноожээ

2017/05/08
“Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх нь орон нутгийн мэдлийн өмчийг Төрийн банкны 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгснийг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоосон тухай мэдээлэл өнгөрсөн оны мөн үед цацагдаж байв.

Тэгвэл Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн пүрэв гаригт /2017.05.04/ хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн түүнд 5.1 жилийн хорих ял оногдуулах шийдвэр гаргажээ. Мөн Т.Дорждэрэмд хахууль өгсөн гэх Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосон байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэж, Төрийн банкны орлогч захирал асан шүүгдэгч Т.Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Цэеэ-Ойдовын Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмийг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Мөн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмээс 25.000.000 төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн аж.
 
 Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна