​Д.Одзаяа: Би өдөрт 12 цаг ажиллаж, үндсэн ажлаасаа гадна 2,3 ажил давхар хийдэг

Өчигдөр 16 цаг 28 минут

Монголын ууган телевиз болох МҮОНТВ-ийн урдаа барьдаг сэтгүүлчдийн нэг үзэсгэлэнт бүсгүй Д.Одзаяаг мэдэхгүй үзэгч ховор биз ээ. Тэрбээр өмнөх үеийнхээ олон сайхан нэвтрүүлэгчдийн залгамж халаа болж яваа нэгэн. Түүнийг залуус "Нэгэн зүгт" хамтлагийн гишүүн Заяагийн эхнэр гэдгээр нь илүүтэй танина.

Харин сүүлийн үед нэвтрүүлэгч Д.Одзаяа ажлынхаа хажуугаар цахим ертөнцийг байлдан дагуулж, сурталчилгааны од болоод байгаа юм. Тэрбээр гадна дотны худалдаа үйлчилгээний зарыг фэйсбүүк дээр бичлэг хийн танилцуулан лайк болон шэйр цуглуулж, азтан тодруулж шагнал өгдөг уламжлал тогтоогоод байгаа.

Охид, бүсгүйчүүдийг байлдан дагуулж буй бүсгүй маань өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Хүндэт хүний амьдралд хошуу дүрэгч нар минь!" гэсэн сэдэвтэйгээр нилээд бухимдангуй байдлаар нэгэн шүүмжийг ийн хэлжээ.

Image may contain: 1 person
 
Д.Одзаяа: "За ер нь сүүлийн үед зарим нэг "атаархагчдын" Чи баян айлын эрх хүүхэн биз дээ, зайсанд амьдардаг тансаг машин унадаг биз дээ, бараг бид л хөдөлмөрлөөд чи гэдсээ илээд хэвтэж байдаг биз дээ гэх нь холгүй сэтгэгдлүүд арай хэрээс хэтэрлээ!!!

Хэдийгээр сошиал орчинд нээлттэй байдаг ч ар гэр, үр хүүхэд, амьдралаа тэр бүр би дэлгээд байдаггүй. Харин энэ удаад гэр бүл, удам угсаагаа бахархан бичмээр санагдчихлаа!

Хайрт аав минь намайг 2хон настай байхад онгоцны ослоор өөд болсон юм. Тэр цагаас хойш ээж минь эгч бид 2ыг хойд эцгийн бараа харуулалгүй, хүнээс дутаахгүй дэндүү танхил өсгөсөн. Эгч минь 2 дээд сургууль төгссөн, магистрын зэрэгтэй. Намайг ч мөн багаас минь орос цэцэрлэг сургуульд сургаж, хүссэн дээд сургуульд минь сургасан Амьд бурхан ээжийгээ энд шүтэж явдагаа хэлмээр байна.

Ааваас минь хойш нялх хүүхэдтэй үлдсэн хэдий ч, буруу замаар явалгүй, сэтгэлийн хатуужилтай байж өдийг хүртэл зөвхөн өөрийн чадлаар бүгдийг босгож, 2 хүүхдээ эцгийн хайраар дутааж үзээгүй Ээжийгээ би биширдэг! Үлгэр дууриалыг зөвхөн ээжээсээ авдаг!

Хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэж өгсөн тэр цагаас эхлэн би ээжээсээ мөнгө авч үзээгүй! Үндэс суурь, хүмүүжлийг минь дээд зэргээр олгосон учир би Хөгшин баяны өвөрт оролгүй, Хялбар амар аргаар мөнгө олохыг бодолгүй явж ирсэн!

Би өдөрт 12 цаг ажилладаг! Зөвхөн үндсэн ажлаасаа гадна 2, 3 ажил эрхэлдэг. Тэр бүгдээсээ бас улсдаа Татвар төлдөг! Одоо би 25 настай ч Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсныгаа чамлахааргүй амжилт гэж бодож байгаа!

Тиймээ би одоо та нарын хэлдгээр "тансаг машин" унадаг! Гэхдээ 100 хувь өөрийн чадал, хүч хөдөлмөрөөр авсан юм шүү! Эмэгтэй хүн л гоё машин унавал хөгшин баянтай явалддаг эсвэл хур баяны өв залгамжлагч гэж боддог харанхуй бүдүүлэг бодлоосоо хэзээ салах юм бэ?

Өөрөөс чинь илүү л бол буруу замынх гэж боддогоо хэзээ болих юм бэ?

Ээж минь дэндүү шударга, дэндүү зарчимч, дэндүү ёс суртахуунтай, дэндүү чадалтай эмэгтэй болохоор бусдаас илүү боломжийг олгож чадсан байхаа! Гэхдээ энэ бүгдийг цааш үргэлжлүүлэх хатан ухаанаа надад өвлүүлсэн учир Охин нь буруу явахгүй ээ!

Үйлийн үр байдаг гэдэгт Би итгэдэг. Би зөв явж байгаа учир аав минь тэнгэрээс харж, замыг минь дардан байлгадаг гэдэгт Би итгэдэг!

Энэ хүртэл явж байгаа бүх үйл минь хэн нэгнийг хохироогоогүй, хэн нэгэнд худал хэлж, хулгай хийгээгүй, үзэл бодлоо худалдаагүй, хэн нэгэнд өр ширгүй, Хүссэнээрээ чадлаараа амьдарч байгаа учир хэнээс ч би эмээхгүй бардам байна! Яг энэ маягаараа энэнээс илүүг ч хийж бүтээж амьдрах болно, Хүндэт хүний амьдралд хошуу дүрэгчид минь!" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна