Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн сурталчилгаанд дайчлагдсан эмч нарын 5 нь буцах замдаа осолд орж, маш хүнд гэмтсэн гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд цацагдсан.
Энэ асуудлаар долдугаар сарын 3-нд ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан болон бусад эмч нар цахимд цацагдсан мэдээллийг үгүйсгэж тайлбар өгсөн юм. Тэдний зүгээс энэ үеэр, “Гэмтэл Согог судлалын үндэсний төв бусад эмнэлэгүүдээс ялгаатай. Баяр ёслолын үеэр илүү их ачаалал нэмэгддэг. Тиймээс улсын их баяр наадмын өмнө салхинд гараад ирье хэмээн шийдээд Эрдэнэзуу хийд явсан.
Бид маш их хэмжээний хохирол амсчихаад байхад салхинд гарч, амарсан асуудлыг улс төржүүлж, сонгуультай холбон тайлбарлаж байгаад харамсаж байна. Осол Элсэн тасархайгаас нааш 20-иод км-ийн наана болсон. 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүн явсан. 5 машин, 1 том оврын автобус явсан. Жуулчдыг тээвэрлэж явсан дунд оврын автобусны жолооч зүүрмэглээд урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Автобусан дотор байсан хүмүүс ноцтой гэмтээгүй. Харин хувийн машинтайгаа явж байсан эмч нар гэмтсэн.
А.Цогцэцэг сайд ямар нэгэн байдлаар манай эмнэлгийн эмч ажилчдыг амралтанд явуулах тушаал шийдвэр гаргасан зүйл огтхон ч байхгүй. Бид энэ их ачааллын өмнө багахан ч гэсэн стрессээ тайлах гэж Эрдэнэзуу хийд явсан. Бид огт сонгуулийн сурталчилгаанд явсан зүйл байхгүй. Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрт очиж ажилласан нь үнэн” хэмээн ярьсан байдаг.
Гэвч энэхүү мэдээлэлд итгэх үндэслэл алга. Яагаад?
Учир нь ГССҮТ-ийн ажилчид өөрсдийн саналаар амралтанд яваагүй гэх мэдээллийг эх сурвалжаас ирүүллээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаачлан өнгөрсөн 7 хоногийн баасан гарагийн орой (2017 оны 6 сарын 30) А.Цогцэцэг сайд бүх эмнэлгийн дарга нарыг, ерөнхий нягтлантай нь цуглуулаад, эмнэлгийн ажилтнуудыг амралтанд явахыг үүрэгдсэн аж. Үүнийгээ эмнэлгийн ажилчдын баяр тэмдэглэж байна хэмээн ойлгуулжээ. Яваагүй тохиолдолд цалинтай нь, ажилласан цагтай нь хариуцлага ярина хэмээн сүрдүүлжээ. Эмнэлгийн ажилчид гэнэтийн шийдвэрээр амралтанд явахад бэлэн байгаагүй тул өөрсдийн хувийн машинтай яаруу сандруу хотоос гарцгаажээ.
Тодруулбал, Нэгдүгээр эмнэлэгийн 450-460 гаруй ажилчид ‘’Хайртхаан’’ амралтын газар, Хоёрдугаар эмнэлэгийн 250 гаруй ажилчид ‘’Тэрэлж’’ байгалийн цогцолборт газар руу, Хавдар судлалын эмнэлэгийн ажилчид 7-8 автобусаар ‘’Хар усан тохой’’ руу Арьсны эмнэлэг ‘’Цанын бааз’’ уруу, Герэнтологийн эмнэлэг Хонхор руу, Эрүүл Мэндийн яам ‘’Чингисийн хүрээ’’ амралтын газар руу, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 100 ажилчид Өвөрхангай аймаг уруу явцгаасан байна.
ГССҮТ-ийн ажилчид хоёр автобус болон өөрсдийн хувийн жижиг тэргээр Өвөрхангайг зорьсон бөгөөд харамсалтай нь энэ үеэр хоёр автомашин осолд орж, ГССҮТ-ийн 10 ажилтан маш хүнд гэмтсэн байна.
Хувийн машинаараа явж байгаад осолд орсон 5 ажилчид өдгөө Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж биеийн байдал нь маш хүнд байна.
1. Аззаяа- ГССҮТ-ийн мэс заслын эмч. Бүх яс үйрсэн, тархины маш хүнд гэмтэлтэй, өчигдөр л гэхэд хоёр удаа зүрх нь зогссон, ухаангүй байгаа юм байна.
2. Галт- ГССҮТ-ийн яаралтай тусламжийн их эмч. Уушиг нь бяцарч, хавирганууд хугарсан, тархи нь маш хүнд гэмтсэн байдалтай байна.
3. Гантуяа- ГССҮТ-ийн Чанарын албаны дарга. Элэг задарч бяцарсан, биеийн байдал маш хүнд байна.
4. Энхжин- ГССҮТ-ийн Лавлагааны ажилтан. Хүзүү, нурууны яс хугарсан, гавлын яс гэмтсэн, биеийн байдал маш хүнд.
5. Ундармаа- ГССҮТ-ийн даргын туслах. Тархи битүү гэмтсэн, хавирганууд хугарсан, биеийн байдал маш хүнд гэсэн онoштойгоор ГССҮТ-ийн Эрчимт Эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Эхний машинд сууж явсан ГССҮТ-ийн Чанарын абаны дарга Гантуяа болон Мэс заслын их эмч Аззаяа нар гэр бүлийн хүмүүс байжээ.
Харин хоёр дахь жижиг тэргэнд 5 ажилчин сууж явсан бөгөөд үүнд:
1. Ц.Энхбаяр- ГССҮТ-ийн Санхүүгийн албаны дарга. Битүү гэмтэлтэйгээр Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
2. О.Нэргүй- ГССҮТ-ийн Нягтлан бодогч. Хамар хугарсан, тархины гэмтэлтэй.
3. Б.Долгорсүрэн- ГССҮТ-ийн Үндсэн хөрөнгийн нярав. Хавирганууд хугарсан, тархины гэмтэлтэй байна.
4. Батням- ГССҮТ-ийн Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн. Хамар хугарсан, тархи гэмтсэн.
5. Энхжаргал- ГССҮТ-ийн Даатгалын бага эмч. Хавирганууд хугарсан, тархины гэмтэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Мэс заслын эмч Аззаяагийн бүх яс үйрсэн бөгөөд энэ нь мэс заслын эмч битгий хэл энгийн иргэний хувьд ертөнцийн төгсгөл гэсэн үг. Гарын яс хугархад мэс засал хийх боломжгүй болдог бол түүний бүх биеийн яс үйрээд зогсохгүй, тархи нь маш хүнд гэмтэж, ухаангүй, үхэл амьдралын зааг дээр байгаа аж. Зөвхөн мэс заслын эмч гэлтгүй, ГССҮТ-ийн 10 ажилтан энэ мэт хүндээр гэмтсэн нь Эрүүл Мэндийн салбарт маш том хохирол юм.
Тус эмнэлгийн ажилчдын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ГССҮТ-ийн албан ёсны цахим хуудас www.gemtel.mn цахим хуудас руу хандахад мэс заслын тасгийн болон, яаралтай тусламжийн тасгийн эмч, ажилчдыг мэдээлэл хаалттай байлаа. Бусад тасгуудын буюу
◘ Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасаг
◘ Гар сарвуу бичил мэс заслын тасаг
◘ Хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасаг
◘ Хүүхдийн гэмтэл согогийн 2-р тасаг
◘ Гавал тархины гэмтлийн тасаг
◘ Дүрс оношлогооны тасаг
◘ Лабораторийн тасаг
◘ Поликлиник
◘ Яс, үений гэмтлийн тасаг-1
◘ Яс, үений гэмтлийн тасаг-2
◘ Яс, үений гэмтлийн тасаг-3
◘ Хүзүү, нуруу нугасны гэмтэл согогийн тасаг
◘ Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг
◘ Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч ажилчдын мэдээлэл цахим хуудсанд нээлттэйгээр байршсан байгаа боловч
◘ Мэс заслын нэгдсэн тасаг
◘ Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч нарын мэдээлэл хаалттай, ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, эрх баригчид сонгуулийн өмнөхөн 2017 оны ЭЕШ-ийн шалгалтын хариу задарсан шалтгааны буруутнаар Боловсролын сайд Ж.Батсуурийг тодруулж Засгийн газар, УИХ-ын түвшинд яаралтай авч хэлэлцэн огцруулсан. Тэгвэл энэ удаад эрүүл мэндийн манаанд зогсох учиртай эмч нарыг “амралт” нэртэй халхавч хэрэглэн улстөрийн зорилгод ашиглаж, амь насаар нь тоглох шахсан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хариулцлага тооцож, Ж.Батсуурийн нэгэн адилаар огцруулах нь шударга ёсонд нийцэх болов уу.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна