Ганжуур судлаач эрдэмтдийн олон улсын хурал эхэллээ

Өчигдөр 13 цаг 04 минут
“Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурал өнөөдөр 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд /СТӨ “Г” корпус 3 давхар/ болно. Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж байгаа нь энэ юм. Хурлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж байна. Хуралд Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэн, Тувагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, А.Н.Северцовын нэрэмжит Байгаль орчин, хувьслын хүрээлэн, Санкт-Петербургийн Улсын их сургууль, Халимагийн Улсын их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Номын сан, АНУ-ын Калифорнийн их сургууль, Казахстан улсын Назарбаевын их сургууль, БНУУ-ын Өтвөш Лорандын их сургууль, БНПУ-ын Варшавын их сургууль, БНЧУ-ын Карлын их сургууль, ИБУИНВУ-ын Кембриджийн Их сургууль, ХБНГУ-ын Улсын Төв Номын Сан, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Отани их сургууль зэрэг байгууллагыг төлөөлсөн 36 судлаач илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд:

“Монгол Ганжуур бичвэрийн хөдөлгөөн тогтолцоо болох нь” (К.В.Алексеев, ОХУ) үндсэн илтгэл болон “Монголчуудын Ганжууртай холбоотой хийсэн зүйл болон ном бүтээл” (Р.Бямбаа, БНПУ), “Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй Ганжуур болон Ганжууртай холбогдолтой судруудын тухай” (А.Д.Цендина, ОХУ), “Орос ба Европын цуглуулгад буй гар бичмэл гурван монгол Ганжуурын хэсгээс”(Н.В.Ямпольская, ОХУ), “Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуурын тухай товч мэдээ” (Такаши Мацүкава, Япон улс), “Монгол Ганжуурын бар хэвлэлийн түүхийг өгүүлэх нь”(Сэцэнбилиг, БНХАУ), “Хүрээ Ганжуурыг бүтээсэн тухай өгүүлэх нь”(Телеки Кристина, БНУУ), “ХХ зууны эхээр япончууд Монгол Ганжуурыг эрэн сурвалжилсан нь: Эзэн хааны их сургуулийн “мартагдсан” Ганжуурын тухай” (Наками Тацуо, Япон улс), Санкт-Петербургийн Монгол Ганжуур дахь “Алтангэрэл судар”-ын гурван хувилбарын тухай (Н.С.Яхонтова, ОХУ), “Тарваченбо буюу Их тонилогч судрын 1708 оны монгол гар бичмэлийн тухай” (Агата Барея-Старжинска, БНПУ), “Монгол Ганжуурын төгсгөлийн шүлэг дэх түүх бичлэгийн холбогдол бүхий мэдээ занги” (Д.Цэрэнсодном, Монгол улс), “Монгол Ганжуурыг хэл шинжлэлийн үүднээс авч үзэх нь”(Михаэл Балк, ХБНГУ), “Цогт цагийн хүрдэн нэрт дандарисийн хаан” ба “Хутагт дээдийн номыг дурдахуй ойр агуулахуй“ судруудын хэл шинжлэлийн харьцуулсан судалгаа” (Весна А.Валлас, АНУ), “Ганжуурын орчуулгад Ширээт гүүшийн оруулсан хувь нэмэр”(Д.Бүрнээ, Монгол улс ), “Дайчин улсын үед “Ганжуур”-ыг монголоор орчуулж хэвлүүлсэн зарим асуудлын тухай” (Хурц, БНХАУ) зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэх юм.

Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэжээ.

Олон улсын хурлын хүрээнд маргааш 14.00 цагт Үндэсний номын санд “Зарлиг эрдэнийн монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүдийг дэлгэх юм байна.

Өдрийн сонин

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна