Амлалт
С.Бямбацогт гишүүн нь УИХ-д гурав сонгогдсон. Энэ хугацаанд дандаа ховдчуудын төлөөлөл болж парламентад суусан учраас тэр нутгийн иргэдийнхээ итгэлийг алдаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэлсэн амандаа хүрдэг, амлалтаа биелүүлсэн учраас түүнийг гурван удаа сонгосон хэрэг юм. Улстөрчдийн хувьд өмнөхийн адил би тийм зүйл хийнэ, тэгж өөрчилнө гэсэн амлалт өгөх боломжгүй. С.Бямбацогтын тухайд МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан. Угтаа намын мөрийн хөтөлбөрийг тэд өмнөө барьж, манай нам энэ ажлыг хийх юм, тэнд гар бие оролцох итгэлийг надад өгөөч хэмээн явсан. С.Бямбацогт гишүүн ч энэ жишээгээр сурталчилгаа хийсэн. Одоогоор МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ганц нэг нь хэрэгжиж эхлээд байгаа. Тодруулбал, “Цалинтай ээж” хөтөлбөр, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, төрийн албыг хариуцлагатай болгох гэх мэтээр амлалт хэрэгжиж эхэлжээ. Дээр хэлсэнчлэн, төрд гурван удаа ховдчуудыг төлөөлөх хугацаанд Ховд аймагт чамгүй олон бүтээн байгуулалт гишүүний дэмжлэгтэй хийгдэж байсан аж. Түүний нэг нь хатуу хучилттай автозам. Хотод ирэх гэж хоёр, гурав хонох шахдаг байсан тэр цаг ард хоцорч, 24 цаг давхиад л нийслэлд ирдэг боллоо. Улаанбаатар хоттой бүрэн холбогдоход 200 орчим км зам үлдчихээд байгаа бөгөөд ирэх онд бүрэн холбохоор яригдаж буй. Мөн ховд нутгийн хүүхэд залуусын амарч зугаалж, тоглох дуртай парк нь нийслэлийнхээс дутахгүй. Энэ ажилд ч түүний нөлөө байсныг нутгийн иргэд ярьсан юм. С.Бямбацогт гишүүний дараагийн нэг том ажил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан явдал. 2017 оноос хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн үр дүнд нийслэлээс 550 км-ээс хол зайд оршиж байгаа аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 50 хувь хөнгөлж, харин 1000 км-ээс хол бол 90 хувийн хөнгөлөлт үзүүлж буюу 1 хувийн татвар ногдуулж байгаа юм. Ингэснээр Ховд аймагт бизнес эрхэлж буй иргэд ажлын байраа хадгалж үлдэж чаджээ. Татварын энэхүү хөнгөлөлт маш том боломж, санхүүгийн хувьд бие даах боломжийг бий болгосон юм. Нөгөөтэйгүүр, мөн л нутгийн иргэддээ амласан амлалтаа биелүүлж хөдөө орон нутагт шатахууныг хотынхоос үнэтэй худалдаж байсныг болиулж Улаанбаатарын үнээр буюу шатахууны үнийг литр тутамд 180-240 төгрөгөөр бууруулсан гэлцдэг юм билээ. Энэ бол хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүний санал санаачилга бодит ажил болж, сонгогчдынхоо амьдралд тулгараад байгаа бэрхшээлийн төлөө дуугарч, тууштай ажиллаж чадсаны үр дүн юм. Энэ бүхнээс харахад С.Бямбацогт гишүүн амлалтаа биелүүлж яваа, биелүүлсээр ирсэн улстөрч юмсанж.
Амжилт
С.Бямбацогт гишүүн өмнө хэлсэнчлэн, УИХ-д гурав сонгогдсон. Энэ бол маш том амжилт. Тэр тусмаа нэг аймаг, нэг тойргоос гурав сонгогдох боломж тэр болгон байдаггүй. Улстөрчид олон сонгогдохын тулд их ажил хийх ёстой, мөн иргэдийнхээ итгэлийг алдахгүй байх учиртай юм. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй ажиллаж чадсан учраас ховдчууд түүнийг гурван удаа өөрсдийн төлөөлөл болгож УИХ-д суулгажээ. С.Бямбацогт гишүүн хувь улстөрчийн хувьд тун ч амжилттай яваа нэгэн. Тэр 2012-2016 оны хугацаанд парламент дахь намын бүлгээ даргалж байсан. 26 гишүүнтэй бүлгээ даргалж байхдаа сөрөг хүчин шиг сөрөг хүчин байлгаж атгасан гар шиг зангидаж чадсан учраас өдгөө тэд 65-уулаа болж үнэмлэхүй олонхийг бүрдүүлж чаджээ. 2016 оны сонгуулийн дараа С.Бямбацогтыг Сангийн сайд, Ерөнхий сайд болох нь гэх мэт олон таамаг яригдсан юм билээ. Тун саяхан болсон намын даргын сунгаанд ч түүний нэр яригдаж байлаа. Тэр 2016 оны сонгуулийн дараа Хуульзүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд очсон. Хэдийгээр нэг жил гаруйн хугацаанд энэ салбарыг удирдсан ч нийтдээ бие даасан 10 хууль, дөрвөн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын нэг тогтоол батлуулж, 20 гаруй хуулийг боловсруулсан байх юм. Дунджаар дөрвөн жилд ХЗДХЯ болон гишүүдийн санаачлагаар энэ салбарт хамаарах 10 гаруй хууль гарч байсан бол түүнийг сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд гишүүдээс бус зөвхөн ХЗДХЯ-наас 11 шинэчилсэн найруулга, дөрвөн нэмэлт өөрчлөлт батлагджээ. Яамыг удирдсан хугацаандаа Цагдаагийн албаны тухай, Монгол Улсын Хилийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Дотоодын цэргийн тухай зэрэг салбарын хуулиуд батлагдаж, хууль зүй, дотоод хэргийн салбарын ажилтан, албан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл боломж, эрх зүйн байдлыг эрс сайжруулж чадлаа. Энэ бол түүний хамгийн том амжилт. Тухайлбал, С.Бямбацогт гишүүний сайд байхдаа батлуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон. Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг маргаантай адилтгаж шийдвэрлэдэг, зөвхөн согтуу байхдаа эхнэртээ гар хүрсэн бол зөрчилд тооцдог байсныг шинэ хуулиар өөрчилсөн. Хууль батлагдсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэл 22 хувиар буурсан статистик мэдээлэл байдаг аж. Тиймдээ ч Ж.Эрдэнэбатын танхимд ажилласан цөөхөн хэдхэн “чанартай” сайд гэсэн үнэлэлтийг олон нийт түүнд өгч байв. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн парламентад бүлгийн албыг хашч байхдаа МАН-ын XXVII Их хуралд тогтвортой хөгжлийн бодлоготой болох санаачлага гаргаж, тэр нь дэмжлэг авч чадсан юм. Энэхүү санаачлагаа бодлогын баримт бичиг болгон хэрэгжүүлж УИХ дахь гурван намын бүлгийн төвшинд дэмжиж, зөвшилцөл ойлголцолд хүрч 2016 оны хоёрдугаар сарын 5-нд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” батлуулсан. Энэ мэтээр түүний хийсэн ажил, баталсан хууль олон байна. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль боловсруулах, батлах ажлаа тэр хангалттай хийж чадаж байна.
Алдаа, тэнэглэл
С.Бямбацогт гишүүн тэр болгон “хий” гаргадаг улстөрч биш. Залуу хүн гэхэд үг үйлдэл нь жинтэй байдгийг журмын нөхөд нь хэлдэг юм билээ. Тиймдээ ч УИХ дахь намын бүлгийг хүртэл залуу улстөрчдөө даатгаж байсан хэрэг биз. Парламентад олон жил суучихсан учраас боов боорцог идэж, эсвэл согтуу чуулганд морилж тэнэглэж байсан удаа байхгүй аж. Түүний талаар хайлт хийхэд ч ийм үг үсэгтэй мэдээ, мэдээлэл гарсангүй. Уг нь С.Бямбацогт энэ намыг даргалах хэмжээний туршлагатай улстөрч. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр гэх мэт МАН-ыг оройлж явах учиртай залуучуудын нэг нь тэр. Гэвч, С.Бямбацогтын нэг алдаа нь фракцийн улс төрөөс хол байдаг явдал. Хэрвээ тэр том фракци түшиж, эсвэл өөрөө фракци толгойлж байсан бол өнөөдөр Ерөнхий сайдын суудалд ч очиж чадах байлаа. Ж.Эрдэнэбатаас дутах зүйл түүнд байхгүй байсан. Нөгөөтэйгүүр, Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байхдаа концессын дуулианд нэр холбогдоод амжсан. Түүнийг өөрийн компанидаа тендер авч өгсөн гэх асуудал яригдсан ч С.Бямбацогт гишүүнтэй хамааралгүй компани гэдэг нь тодорхой болж, дуулиан тэгсхийгээд намжиж байлаа. 2012 онд АН УИХ-д олонхи байх үед яригдсан тендерийн асуудлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахын тулд зориуд сэргээж улстөржүүлсэн гэдэг нь Засгийн газар нь унасны дараа тодорхой болж байв. С.Бямбацогт гишүүний өөр нэг алдаа нь тэр хүний өөрийн гэж хамгаалахгүйгээр шүүмжлэгч байж чаддаг. Нам дотроо сөрөг хүчин болж байсан олон тохиолдол бий. Энэ нэг талаасаа амжилт байж болох ч нөгөө өнцгөөс харвал алдаа. Яагаад гэвэл, намаа өмгөөлөхгүй шүүмжилчихдэг нь дээр хэлсэнчлэн өндөр албан тушаалд очих боломжийг нь хааж иржээ. Тун саяхан, УИХ-ын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхэд тэр намаа ганц сайн шүүмжилсэн. Хэрвээ, нам гэсэн эрх ашиг түүнд байсан бол дуугүй өнгөрч болох байсан ч цөөхөн хэдхэн хүнд зориулсан хууль батлах талаар ярьж байгааг нь шүүмжилж, хуулийн төслөө буцааж татахыг зөвлөсөн юм. Энэ мэдээж, намын гишүүдэд нь таалагдаагүй. Энэ мэтээр олон удаа намынхаа бурууг шүүмжилж байлаа. Гэхдээ тэр “зөв” шүүмжлэгч.
Ирээдүй
2020 оны ирээдүйг нь өнөөдөр дүгнэх нь илүүц. Тэр цагт МАН хэрвээ мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаж гэмээнэ дахиад л багаараа ялж чадна. Харин өнгөрсөн шиг Засгийн газраа огцруулж, нам дотроо хуваагдаж, фракцийн улс төр хийгээд суувал тэдэнд ирээдүй байхгүй болно. Дахиад л сөрөг хүчний улс төр хийх шаардлага гарах билээ. С.Бямбацогт гэх хувь улстөрчийн тухайд асуудал өөрөөр яригдана. Тэр хэрвээ, ховдчуудын төлөөлөл байх, тэдний дуу хоолойг парламентад гаргах үүргээ энэ хэвээр нэр хүндтэй хийгээд байвал ирэх сонгуулиар дахиад л итгэл хүлээж чадна. Элдвийн хэл амнаас холуур, фракцийн улс төр хийхгүй, нэг ёсондоо зангарагтай, улс төрд тогтоосон өөрийн эрэмбээ энэ хэвээр хадгалсан улстөрч байж чадаж гэмээнэ түүнд дахиад сонгогдох боломж хангалттай байна.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна