У.Хүрэлсүх: Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээж байна

2018/01/29
Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулахаар Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамт өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарласан. Сайд нар яг одоо Төрийн ордны Б танхимд мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  мэдээллийн үеэр, “БНСУ-д айлчлал хийх үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Монгол Улсыг Азийн супер сүлжээнд оролцохыг хүссэн. Өмнийн говьд нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц бий. Энэ эх үүсвэрийг ашиглаад дэлхийд байхгүй том сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжтой гэсэн саналыг БНСУ-ын ерөнхийлөгч тавьсан.

Одоо Монгол Улс Зүүн хойд ази, Евро ази руу хандаж, ажиллах зайлшгүй шаардлага байна. Нефтийн үнийн өсөлтөөр нэлээдгүй шуугиан дэгдээлээ. Үнийг тогтворжуулах, хомсдол бий болгохгүйн тулд Засгийн газар А-80, АИ-92-ын Онцгой албан татварыг тэглэсэн. Хангамж сайжирч байна гэдэг мэдээлэл ирсэн. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ. Монгол Улс жилд 1.5 сая тонн түүхий газрын тос Хятад руу гаргаж байна. Дотооддоо боловсруулбал хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч, эх орноо бодсон ч нефтийн үйлдвэр байгуулах ёстой. Энэ бол үндэсний хувьсгал. Засгийн газар нефтийн үйлдвэр байгуулахад Энэтхэг улсын Экзим банктай хамтран ажиллахаар тохирсон. Хавар ажлыг нь эхлүүлнэ” хэмээгээд “2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хот руу нүүрс нэвтрүүлэхийг хориглохоор болж байна. Энэ бол агаарын бохирдлыг бууруулахын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг.  Ингэснээр Улаанбаатар хотын утаа 50 хувиар буурна гэсэн тооцоолол бий.  Мөн энэ онд 10 мянган айлыг ипотект, 2000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулах болно” гэдгийг нэмж тодотгов.

Мөн тэрбээр “ОУВС ирж хэд хоног ажиллалаа. Дөрвөн асуудлыг бид ярьсан. Нэгдүгээрт, эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээж байна. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд бол эрэгтэй 55, эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болно. Тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэгдэж байсныг 3 сар болголоо. Хоёрдугаарт, ХХОАТ-ын 4 шатлалыг зогсоолоо, 1 шатлалтай болголоо. Хуучнаараа үлдэж байна гэж ойлгож болно. 1 сард төлсөн татварыг буцааж олгоно" гэдгийг дуулгалаа. 

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна