У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног ба 32-ын бүлгийн сюрприз

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өчигдөр 100 дахь хоногтойгоо золгов. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын гишүүд өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлуудаа танилцуулж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч, хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрэв тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн юм.

Мөн тэрээр “…Монгол Улсын эдийн засгийг хүнтэй харьцуулбал, 2016 онд сэхээнд байсан. 2017 онд энгийн тасагт шилжүүллээ. Энэ онд эмнэлгээс гаргаж гэрт нь хүргэж, гэрээр эмчилгээ хийнэ. “Эдийн засаг” гэдэг хүнийг 2019 онд ажилд нь оруулна. Цаашлаад 2020 оноос тогтвортой ажиллаж эхэлнэ гэж тооцож байгаа. Миний ээж, аав хоёр хоёулаа тээврийн жолооч байсан. Тиймээс би эдийн засгаа бас машинтай зүйрлэж ярих дуртай. Монгол Улсыг чиргүүлтэй ачааны машинтай зүйрлэж болно. Толгой дээр нь ард иргэдээ суулгачихсан, чиргүүл дээр нь гэр орноо авчихсан даваа давах гэж яваа машин. Энэ машиныг 2012 онд хүч алдуулсан. Хүч алдсан мишин унтарч өнхөрнө. Бид хүч алдаад өнхөрч яваа машиныг хүлээж авсан. Эхний ээлжинд хойд дугуйнд нь ивээс хийж хүнд араагаар нь урагшлуулж байна. 2020 онд даваагаа амжилттай давж цаашаа явна гэж төсөөлж байгаа. Монгол Улсын төсөв амаргүй байгаа. Монгол Улс гэдэг айл жилд зургаан төгрөг олоод найман төгрөг 50 мөнгө зарцуулдаг. Тиймээс төсвийн алдагдалгүй болох нь хамгийн чухал. Тиймээс санхүүгийн сахилга батыг тогтооно. Цаашлаад гадаадад, дотоодын өр зээлээ нимгэлж өрийн дарамтнаас гарна” гэв.

Түүнчлэн сайд нар салбарынхаа асуудлаар тус бүр мэдээлэл өгсөн. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “…Тэтгэврийн зээлийг хүүг 12 хувь болгосон шийдвэр нэгдүгээр сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн. Нэг жилийн 12 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Мөн хоёр жилийн хугацаатай 18 хувийн хүүтэй зээл бий. Ахмадууд үүнээс сонголтоо хийгээд зээл авах боломжтой гэсэн үг”, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “…Яриа хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсын иргэд АНУ-д H2 визээр зорчиж ажиллах боломжтой болсон. Эдийн засаг сайжрахаар гадаадад ажиллаж байгаа иргэд маань буцаж ирээд эх орондоо ажилладаг. Эдийн засаг сайн байсан үед БНСУ-д ажиллаж байсан хүмүүсийн тоо 40 хувиар буураад байсан”, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “…Засгийн газрын 100 хоногийн хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалуудыг нууцаас гаргасан. Энэ хэрэгтэй холбоотой миний сэжүүр, таамаг улам баталгаажиж байгааг энд хэлье гэж бодлоо. Ял шийтгүүлсэн хүний өмгөөлөгч нь ТЕГ-ын ажилтан байсан гэсэн мэдээлэл бий. Энэ юу гэсэн үг вэ. Мөн миний аюулгүй байдалд халдах гэж байгаа тухай мэдээлэл бий. АН-ын УИХ-ын гишүүн энэ тухайд надад дуулгаж анхааруулсан. Манай яамныхан шинэ машин авсан нь миний аюулгүй байдалтай холбоотой. Гэхдээ би Ерөнхий сайдын өгсөн үүргийг биелүүлж тэр машиныг зарна”, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “…Эрхтэн шилжүүлэх эмчилгээний төлбөрт зориулан энэ оны төсөвт 2.1 тэрбум суулгасан. Үүний 700 саяыг нь Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлсэн. Он гарснаас хойш эрхтэн шилжүүлэх 17 мэс засал хийгээд байна. Элэг шилжүүлэх мэс засал тав, бөөр шилжүүлэх мэс засал ес, ясны чөмөг шилжүүлэх мэс засал гурвыг хийгээд байна. Үүнээс гадна бас нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Засгийн газрын гишүүд 08.30-23.30 цагт хүртэл ажиллаж байгаа. Ингэхдээ нэг ч төгрөгний цалин авахгүй байгаа. Мөн амралтын өдрүүдэд амардаггүй. Хөдөө орон нутагт ажилладаг”, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Төсөвт тодотгол хийхгүй. Тодотгол хийнэ гэдэг сургаар зардал нэмэгдэж, төсвийн сахилга бат алдагддаг. Тиймээс төсвийн тодотгол хийхгүй. Өөрөөр хэлбэл, миний байр суурь хэвээрээ байгаа гэсэн үг. Хувь хүний орлогын албан татвараар 2018 онд нийтдээ 51 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ гэж тооцсон байсан. Одоо буцаагаад хуучин хэвэнд нь оруулахаар төсвийн орлого 21 тэрбум төгрөгөөр буурна. А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг бууруулснаар төсвийн орлого 68 тэрбум төг­рөгөөр буурна. Гэхдээ үүн­тэй холбоотойгоор төсөвт тодотгол хийх шаард­лагагүй юм байна гэж үзсэн. Эдийн засгийн өсөл­тийг дагасан бусад орлогоороо энэ мөнгийг нөхөх боломжтой” гэсэн юм.

Юутай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний танхимын сайд нар “…Хийсэн ажилтай, хэлэх үгтэй 100 хоногоо угтлаа” гэж байгаа юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн ингэж үзэхгүй байгаа бололтой. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт зориулсан сюрприз бэлтгэж, түүнийгээ зориу­лан, Засгийн газрыг нь “оролдох” ажлаа эхлүүлж байгаа тухай мэдээлэл яригдаад эхэллээ.

Энэ сарын 26-нд буюу өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр зарим гишүүний шатахууны асуудлаар тавьсан асуулгад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариу өгсөн. Түүгээр далимдуулан нэр бүхий гишүүд, тодруулбал МАН-ын 32-ын бүлгийнхэн Засгийн газрыг ташуурдаж гарсан юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “…Нефтийн үнэ нэмэгдэх үндсийг бодох хэрэгтэй. Эдийн засгийн хувьд бүх үнийг чөлөөлөөд явах боломж байхгүй. Төрийн зохицуулалт хийх гарцаагүй шаардлага байна. Төрийн томчууд хэлж байгаа үгээ бодох хэрэгтэй. Ерөнхий сайд бондын өр төлөх үеэр, БНСУ-д явж байх үеэрээ нефтийн үнийг чөлөөтэй болгоно гэж яриад байна лээ. Чөлөөлнө гэж хэлээд байвал цаад компаниуд сэдэл аваад, үнээ нэмэх юм руугаа явж байна. Одоо цахилгааны суурь үнийг чөлөөлнө гээд яваад байна. Монголын ард түмэн үүнийг дийлэхгүй. Ямар ч асуудалд ултай суурьтай хандахгүй бол дараас, нэрмээс болж байна гэдгийг би хэлмээр байна. Хоёрдугаарт, дизель түлшийг тансаг хэрэглээ гэж тайлбарлаад байгаа нь буруу шүү. Гуравдугаарт, Засгийн газрын гишүүд ул суурьтай ханд. Г.Занданшатар гишүүн сая шуурхай арга хэмжээ авч шатахууны үнийг барьсан гэж байна. Гэтэл олон түмний дотор бухимдал үүсгэн байж, арай гэж арга хэмжээ авсан шүү. Г.Занданшатар та хийж байгаа ажил руугаа ор” гэсэн юм. Бас ЗГХЭГ-ийн дарга асан Ж.Мөнхбат “…Өмнөх Засгийн газрын 16 дугаар тэмдэглэлээр нэг зүйлийг хориглосон. Сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд төрийн бүх шатны байгууллагууд шатахуун зарцуулалт өндөртэй, тансаг зэрэг­лэлийн техник хэрэгсэл, автомашин худалдаж авахыг хориглосон.  Сан­хүү­гийн хямрал нүүр­лэ­чихсэн байхад зарим яамдын сайд нар 100 км-т 30 гаруй литр шатахуун зарцуулдаг тансаг машиныг 300, 400 саяар худалдаж авлаа гээд мэдээлэл цацагдаад байгаа. Энийг больчихож болно шдээ. Өмнөх сайд нь хотод “Соната-6” унаад, хөдөө гадаа “Ниссан” жийп унаад болоод л байсан” гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол “…Засгийн газарт шатахууны үнэ зохицуулалт байсаар байтал яагаад нийгмийг бухимдуулсан хурц асуудал болгосон юм бэ. Нефтийн асуудал ямар ч маргаангүй шийдэгдсэн гэж байна. Татварын асуудал чинь албан ёсоор гарсан уу. Хоёрдугаарт А-80 хэрэглээнээс гарч байгаа. Гэтэл бид өнөөдөр хамгийн хэрэгцээ багатайг нь татвараас тэглэх тухай яриад сууж байна. Асуудал шийдэгдээгүй байхад яагаад хариуцлагагүй мэдэгдэл хийгээд байгаа юм бэ. Та бүхнийг ингээд ярьж байхад гадаа бензинд дараалаад байж л байна шүү дээ. Салбарт нь ийм асуудал үүсээд байхад сайд нь 20 гаруй хоног гадагшаа томилолт гээд явчихсан. Засгийн газар бодит үнэнтэй эвлэрээд дорвитой ярих ёстой. Би өнөөдөр шатахуун импортлогчидтой уулзсан. Тэд 20 хоногийн өмнө хандахад төрийн байгууллагын төлөөлөл ирээгүй, зохицуулах зөвлөл хуралдаж чадаагүй гэж байна. Төрийн төлөөлөлтэй уулзахаар үнэ нэмэхгүй л гэдэг талаар ярьж байна. Гэтэл өнөөдөр шатаахууны нөөц 30 хоног байна гэж байна. Тэд болохоор ийм нөөц байхгүй гэсэн” гэв.

Ингэж Засгийн газраа “гөвсөн” 32-ын бүлгийнхэн тэр оройдоо Шангри Ла-гийн япон хоолны газарт цугласан байгаа юм. Тэд өдрийн чуулган дээр Засгийн газрыг шүүмжилсэн нь маш сайн болсон гэж дүгнээд “…Хүрэлсүхийн Засгийн газрыг хавар унагачих боломж байна. Тиймээс одоо 33-ын бүлгээс 6-7 хүн татчихад кнопны тоо хүрэхээр байна. Эсвэл Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэхэд 33-ын бүлгийн 10 орчим гишүүн ирэхгүй байхад унах боломжтой юм байна” гэсэн утга  бүхий зүйлүүдийг ярьжээ.

Үүнээс гадна “…33-ын бүлгийнхнээс энэ Засгийн газарт гомдолтой гишүүд нэлээд бий. Ерөнхий сайд байтугай, бусад сайд нар нь ч биднийг тоохоо больсон. Тиймээс Засгийн газрыг өмөөрөхгүй. Хэрэв огцруулах асуудал яригдвал нүүрэн дээр нь кноп дарж чаддаггүй юм гэхэд чуулганд оролцож, санал өгөлгүй гадагшаа явчихаж чадна шүү” гэдгээ илэрхийлсэн гишүүд байгаа гэжээ. 33-ын бүл­гээс ийм гишүүд арваар тогтохгүй гарахаар байгаа гэцгээсэн байна. Түүнчлэн хоёрдугаар сарын 1-ний жагсаал Засгийн газрыг ганхуулахад нэмэр өгнө гэх яриа ч бас болсон байна.

Ийн У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногтой зэрэгцүүлэн УИХ дахь намын бүлгийнх нь хэсэг хүн сюрприз барих шиг боллоо.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна