Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар маргаан үүсгэхээс ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ татгалзжээ

2018/02/02
Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба  нар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан юм.

Үндсэн Хуульд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг хэдий ч  гишүүн Б.Наранхүү нь  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм.

Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан. Иймд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа дээр  УИХ-ын гишүүн Б. Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хуульч Б.Гүнбилэг нар Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан юм.

Тэгвэл уг албан бичгийн хариуг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан өгсөн байна. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай хэмээх 2018 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр гаргасан хариу албан бичигт "...УИХ-ын чуулганы болон байнгын хорооны товлон зарласан хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байгаа УИХ-ын гишүүнийг уг хуралдаанд оролцуулахтай холбогдох харилцаа, улмаар гишүүнд ногдуулах хариуцлагатай холбоотой асуудал нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамаарч байх ба Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэжээ.

Дашрамд сонирхуулахад, УИХ-д хоёр удаа сонгогдсон Б.Наранхүү нь 2016 онд гишүүнээр сонгогдсоноосоо хойш чуулганы хуралдаанд нэг ч удаа үг хэлж, асуулт тавиагүй, нэг ч хуулийн төсөл санаачлаагүй аж.

Мөн Б.Наранхүү нь гурван байнгын хорооны гишүүн боловч ганцхан хуралдаанд суусан нь АБГББХ-гоор Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн хуралдаан байжээ.
 
Х.Онон





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна