Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.
Тус хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар оролцсон байна. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын тодруулсны дагуу Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Дээрх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэжээ. Иймд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Сэтгэгдэл бичигдээгүй байна