“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах болсноо төв шударгуу дүрээр зарлан тэр өдөртөө л “төр” болон зогссон гурван сайд бий. Тэд “Ингээд Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийнх боллоо” хэмээсэн. Энэ бол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг давж гаргасан шийдвэр. Шүүхийн шийдвэрийг Засгийн газрын дээр тавьсан хэдий ч ард түмэн ч Ц.Нямдорж сайдаа шүүхээс илүү гээд хүлцэн сонслоо. “49 хувийнхан” ч Монголдоо учраа ололцохгүй нь гээд Арбитрын шүүхэд хандахаар болоод “асуудал намжив”. Гэтэл гайтай Арбитрын шүүх нь “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь нь Өмнөд Африкийн “Стандарт” банкны мэдэлд байгаа болохыг монголчуудын сонорт хүртэл дуулгачихав. Дээрх гурван сайдаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар хамгийн сайн мэдээлэлтэйгээр нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос сэтгүүлчид лавлатал “Өмнөд Африкийн Стандарт банк болон Монгол Улсын Жаст группын хооронд явж байгаа маргаан юм билээ. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг гэж байхгүй” гэв.
Уг нь тэрбээр сайд болоогүй байхдаа буюу2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр, УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гэнэтхэн хов живийн шинжтэй яриа өдөөж “Намайг Эрдэнэт үйлдвэрийн талаар мэдээлэл хийлээ гэж өнөөдөр Ц.Элбэгдорж ярьсан юм шиг байна” гэж эхэлснээ“Засгийн газарт байхгүй баримтнадад бий шүү” хэмээн ам алдаж аархаж байсан. Хожим нь ХЗДХ-ийн сайд болоод баримтаа ч ашиглаж, эрх мэдлээ ч эдэлж санасандаа хүрээд байгаа нь тэр юмсан. Монголчууд ч “түүний” зорьсон хэрэг бүтэж “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд ирсэнд хачин их баярлаж байгаа нь лавтай. Гэтэл арай гэж 49 хувийг нь “олоод” иртэл төрийн мэдлийн 51 хувь нь “гарчих” гээд байдаг. ХЗДХ-ийн сайд маань “Засгийн газар үүрэг хүлээхгүй” гэх. Төрийн 100 хувийн мэдэлд очихоор Засгийн газар үүрэг хүлээхгүй хэн хүлээх вэ.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Энэ асуудал “Эрдэнэт үйлдвэр” дэх төрийн өмчийн 51 хувьтай шууд холбогдохгүй. Үүнд буруутай эзэн хэрэв байвал!!! тэр хүмүүсээр хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа. Энэ хэмжээний мөнгийг төллөө гэхэд үйлдвэрийн 51 хувьд шууд нөлөөлөхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн жилийн ашиг 410 тэрбум төгрөг буюу 150 сая ам.доллар орчим байдаг. Муугаар бодож эрсдэл хүлээлээ гэхэд ашиг нь буурна” гэв. Засгийн газрын “гал тогооны” гол хүн, тэр нэгэн өдөр төрийн мэдэлд 100 хувь ирлээ гэж хэлээд байсан хүн гэхэд арай л муухай “зайгаа барьж” байгаа биз. Төрийн өмч болно гэж огт эзэнгүй болохтой адил бололтой.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар арай ултай, өөриймсөг хариу хэлсэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн өмч хөрөнгийг битүүмжилсэн болоод үйл ажиллагаанд нь доголдол гарсан зүйл одоогоор байхгүй. Цаашид гарахыг үгүйсгэхгүй. Зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх ёстой. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн болоод Монгол Улсын нэр хүндэд хамаатай асуудал” гэсэн юм.
Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар хамгийн их мэдээлэлтэй сайд “юу ч мэдэхээ больчихов”. Учир нь 51 хувийг “алга болгочихсон” нь олон нийтэд мэдэгдсэн учраас тэр. Ингэж мэлзээд зогсохгүй тухайн үед яамных нь үүдэнд байсан хамгийн даруухнаар хэлэхэд “300 гаруй сая ам.долларын үнэтэй, нэг дажгүй машин” зогсч байсан нь Ц.Нямдорж сайдынх болж таарч. Бараг л “яамныхны л хийсэн ажил” юмсанж л дээ. Гэхдээ ШШГЕГ-ын нэр дээр байдаг, 300 сая гаруйн үнэтэй ч 5 саяас дээших худалдан авалтыг бүртгэх учиртай шилэн данснаас бултсан эд гэнэ. Үүн дээр нь хуульч Б.Жавхлан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандаад буй. Тэрбээр ХЗДХ-ийн сайдыг хуульд заагаагүй хангамж эзэлж буй хэмээн буруутгаж байгаагаа мэдэгдсэн. Энэ бүхэн давхцаад “тахиа жилийн төгсгөлд тал талаасаа тоншуулсан” эрхэм сайд сэтгүүлчдэд “Намайг замаасаа зайлуулж, С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн талаар ам таглах улс төр явагдаж байгаа. Өөр юу ч байхгүй. Замдаа тээглэсэн хүн бүрийг тэд ингэж нухчин дарахыг оролдоно. Би Ц.Элбэгдоржийн багийг бүхэлд нь, Б.Хурцыг, Худалдаа хөгжлийн банкийг оролцуулаад хэлж байна. Энэ чинь эртнээс явагдсан ажиллагаа. Өнөөдөр намайг, маргааш Ж.Батзанданг зайлуулна” гэсэн байр суурийг илэрхийлсэн байх юм.
Энэ бүхнээс юу харагдаж байна вэ гэхээр Ц.Нямдоржийн дургүй төдийгүй Ц.Элбэгдорж, Б.Хурц, Худалдаа хөгжлийн банк зэрэгтэй дайтахад хүргэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж аваад байсан “Монголын зэс корпораци” буюу “MCC” л буруутай юмсанж гэж ойлгогдохоор байна. “МСС”л “Жаст”-ын Ш.Батхүүгээр зээл авахуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалах баталгаа гаргуулуулж, зээлийг нь төлөхгүйд хүргэж л дээ. Түүгээр ч зогсохгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхнаар үнэтэй машин авахуулж өгч, өндөр үнэтэй түрээсийн байранд амьдруулан олондоо хүндтэй шударга сайдыг “тансаглуулан хорлосон” байх нь. Өхөөрдөх үү, итгэх үү, өмнөөс нь ичих үү. Яаж хүнд байдалд орохоороо буруугаа бусдаас хайж, “Ц.Элбэгдоржийн багийг бүхэлд нь, Б.Хурцыг, Худалдаа хөгжлийн банкийг оролцуулаад хэлж байна. Энэ чинь эртнээс явагдсан ажиллагаа” гэж хэлж чадаж байна аа!
Нийтлэлч У.Оргилмаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна