МАХН-ын 1000 гаруй төлөөлөгч Улаанбаатарт хоёр өдөр чуулж байна. Их чуулганаар намын дүрэмд өөрчлөлт оруулах, Мөрийн хөтөлбөрөө батлах зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хот, хөдөөгийн анхан шатны төлөөлөгчдөөр хэлэлцүүлж байгаа юм.
Чуулганд ирсэн төлөөлөгчдөд МАХН-ын Мөрийн хөтөлбөрийн төслийг намын дэд дарга С.Ганбаатар танилцууллаа.
МАХН-ын Мөрийн хөтөлбөрт багтсан зарим онцлох заалтаас хүргэе.
Монгол Улсын язгуур эрх ашгийг иш үндэc болгож, нийгмийн бүхий л давхаргын ашиг сонирхлыг эн тэнцүү илэрхийлэн xамгаалж, үзэл баримтлалын хувьд улс төрийн “социал демократ үзэл”-ийг баримталж, өвөг, дээдсийнхээ хийж бүтээснийг хүндэтгэн үнэлж, өнөөгийн үеийнхнийг амьдралдаа эзэн болохын чухлыг ойлгуулан зоригжуулж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө энэхүү Мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна. Юуны түрүүнд байгалийн баялгийг ард түмний өмчлөлд хадгалан ашиглах эх оронч үзэл, БНМУ-ын шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийн үндэс суурь мөн.
-МАХН ард түмнийхээ дэмжлэгтэйгээр шударга сонгуульд өрсөлдөн төр, засгийн эрх мэдлийг авч, богино хугацаанд ядуурлыг арилган, дунд ба урт хугацааны оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр чинээлэг дундаж давхаргыг бий болгон бэхжүүлж, Монгол Улсыг хүний хөгжил, амьжиргааны түвшин, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр дэлхийн эхний 30 улс орны тоонд багтах улс болгоно.
-Мэргэжилтэй буюу дээд боловсролтой хүн сард таван сая төгрөг, тусгай мэдлэг шаардагддаггүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн сард 2,5 сая төгрөгийн цалинтай байна.
-Ахмадууддаа сард 1,5 сая төгрөгийн тэтгэвэр олгож, ажил хөдөлмөр эрхлэх боломж нь эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хязгаарлагдсан хүмүүст баталгаатай орлого буюу сард 1 сая төгрөгөөс багагүй хэмжээнд тэтгэмж олгодог болно.
-Улс орны хөгжлийг эрчимжүүлэх нь боловсролын тогтолцооноос ихээхэн хамааралтай тул хүн бүр дээд боловсролтой болох, төрийн өмчийн дээд сургуульд дээд боловсрол олгоход шаардагдах зардлыг төрөөс бүрэн хариуцдаг зарчмыг нэвтрүүлнэ.
-Монгол Улсын нийгмийн харилцааны үндсэн нэгж нь гэр бүл мөн тул гэр бүлийг дэмжих бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, юуны түрүүн гэр бүлийг орон сууцаар хангах зорилгыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ.
-Төр засгаас улс орны хөгжлийг эрчимжүүлэхийн тулд хотын хөгжилд онцгой анхаарч, хүн ардаа тав тухтай орчинд ажил хөдөлмөр эрхлэн амгалан тайван амьдрахад туслах зорилготой “Жаргалын найман хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхдээ төрийн мэдлийн орон сууц барьж, улмаар өрх бүр төрийн өмчийн орон сууцанд амьдрах боломжийг хангана. Нэг өрх айлд дунджаар 50 ам дөрвөлжин метр талбайтай орон сууц оногдохоор тооцож, 450 мянган айлын орон сууцыг жаргалын найман хот буюу улсын чанартай, бүсийн чанартай хотуудад барьж олгоно.
-Жаргалын найман хотыг байгуулах хөтөлбөрийн хүрээнд ажлын олон байр бүхий орчин үеийн технологийн үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулна.
-Жаргалын найман хотод орчин үеийн эмнэлэг, сургууль, үзвэр үйлчилгээний газар, соёл урлаг, спортын цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, асрамжийн газар зэрэг орчин үеийн хотуудад тавигдах шаардлага, стандартыг бүрэн хангасан орчныг бүрдүүлнэ.
-Баруун хязгаарыг Зүүн хязгаартай ойртуулж, жаргалын найман хотыг хооронд нь холбосон Мянганы төмөр зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр бүхий цахилгаан станцууд, бусад шаардлагатай дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулна. Ингэснээр экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтэгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд гаргах, аялал жуулчлалын хөгжүүлэх нэн таатай нөхцлийг бүрдүүлнэ.
-Манай улсын мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго химийн бордоогүй органик, хүний биед нэн тустай, зах зээлд өндөр үнэ хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэхэд орших бөгөөд энэ зорилгод хүрэхийн тулд шинэ технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бүрдүүлнэ.
-Эрүүл мэндийн бодлогыг шинэ шатанд гаргаж, иргэдийн эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтыг 10 насаар нэмэгдүүлнэ. Өндөр настан өөр хүсвэл дахин мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтанд үнэгүй хамруулна.
-Залуучууд, шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд гарааны хүүгүй зээл, татваргүй тогтолцоог бий болгон дэмжиж, зээлээ төлөгч иргэнээс барьцаа хөрөнгө шаардахгүй зээл олгодог зарчмыг нэвтрүүлнэ.
Мөрийн хөтөлбөр хэрэгжих баталгаа
Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг ашиглахдаа зөвхөн монголын ард түмний дундын өмч болгон түүний нийтлэг эрх ашгийг хангах зорилгод нийцүүлнэ.
Улс орноо хөгжүүлэх хамгийн гол нөөц баялаг бол манай улсын иргэд мөн. Ард түмний дундаас улс орноо хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, өөрийн эзэмшсэн мэргэжил, боловсролдоо эзэн болсон, төрийн ажилд хувийн шуналгүй хандах ёс зүйтэй хүмүүсийг шилэн сонгож ажиллуулна.Манай улсын газар нутаг өргөн дэлгэр, байгалийн баялаг арвин их бөгөөд хүн ам нь авьяас чадвартай тул дэлхий дахины бусад улс орны нэгэн адил эрчимтэй хөгжих бүрэн бололцоотой гэдгийг ухааран ойлгож, төр засгийн бүрэн эрхийг ард түмэндээ эгүүлэн өгч, ард түмний хүсэл зоригоор улс орноо хөгжүүлэх нь хөгжлийн хамгийн том баталгаа мөн гэж үзэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна