УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа билээ. Сүүлд цацагдсан мэдээллээр түүний үс, цуснаас дээж авч ШШҮХ-д ДНХ-гийн шинжилгээ хийгээд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарч, Д.Гантулгынх гэдэг нь батлагдсан гэдгийг хохирогчийн талынхан хэлж байгаа юм.
Эрхэм гишүүний тухайд өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт дуулианд нэр холбогдсон бөгөөд тухайн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Харин энэ үед Д.Гантулга “Бид тохиролцоонд унтсан” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд тус хэлтсийнхэн тухайн үед хэргийн нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хаасан ч Н-гийн эгч Ч.Саранзаяа “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, ШШҮХ-гийнхэнд нөлөөлсөн” хэмээн УЕПГ-т гомдол гаргаснаар АТГ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгуулж байсан шинжээч эмч нарын хамт хэргийг нь нэгтгэн мөрдөж байгаа юм.
Сар шинийн үеэр иргэн Ч.Наранзаяа, “Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн олондоо маш их баярлалаа. Бид хоёр чадлаа. Тууштай тэмцсэний үр дүнд ҮНЭН ялж байна. Та бүхний дэмжлэгтэйгээр. ДНК шинжилгээ УИХ-ын гишүүн Д.Гантулгынх гэдэг нь 100 хувь тогтоогдсон. Шударгаар ажилласан мөрдөн байцаагч, прокурор нарт бас баярлалаа. ӨМГӨӨЛӨГЧ НАРТАА БАЯРЛАЛАА. Одоо шүүхэд асуудал эцэслэн шийдэгдэнэ. Завдсан хүн 9 жил авсан бол хүчин хийсэн нь тогтоогдоод, нэмээд албан тушаалаа ашигласан, нотлох баримт устгасан, гутаан доромжилж гүтгэж байсан Гантулга гишүүн хэдэн жилийн ял авахыг харах үлдлээ. Хууль хяналтынхан, эрх мэдэлтнүүд нэг л юмнаас айдаг. АРД ТҮМНЭЭС. Энэ хэрэг анхнаасаа олон нийтэд ил явсан. Олон түмэн мэдэх эрхтэй. Энэ ганц гишүүн ганц миний дүүгийн хэрэг биш өөр олон олон бүдгэрсэн хэргүүдэд, ирээдүйд гарч болзошгүй хэргүүдэд сануулга, сэрэмжлүүлэг болсон гэж бодож байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг.
Энэ бүхнээс харахад ямартай ч Д.Гантулгын гэх тодотголтой шүүх хурал тун удахгүй товлогдож магадгүй байна. Шүүхийн зүгээс хэрвээ Д.Гантулгыг буруутай хэмээн үзэх аваас түүнийг гишүүнээс нь эгүүлэн татаад зогсохгүй хорих ял оноох магадлалтай юм. Энэ тохиолдолд түүний сонгогдсон Хэнтий аймгийн тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдана.
Тэгвэл зарим эх сурвалжаас авсан мэдээллээр хэрвээ Д.Гантулга шүүхээр буруутай гэдэг нь эцэслэн тогтоогдвол нөхөн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-аас Б.Гарамгайбаатар нар өрсөлдөж магадгүй байгаа гэнэ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна