Монгол даяараа авлигад живж, бид ядуурч байна шүү, Ерөнхийлөгчөө

2018/02/22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж, үдээс хойш Дархан-Уул аймгийг зорилоо. Дархан хотын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтаж, аймаг орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тус аймгийн Залуучууд театрт иргэдтэй уулзах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг түлхүү сонсож, иргэдийн үг, санал хүсэлт, шүүмжлэл, санаа бодлыг УИХ, Засгийн газарт хүргэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цаашдын бодлого үйл ажиллагаанд тусгах бодолтой байгаа талаараа хэлээд уулзалтыг нээв.

Дархан-Уул аймгийн иргэд ажилгүйдэл их байгаа, шударга ёс сахиулах, Үндсэн хуулийн өөрчлөлт хууль бус болох вий гэдэгт санаа зовинож байгаа болон Дарханд үйлдвэрлэл хөгжихгүй, иргэд өр зээлтэй байгаа талаар түлхүү ярьж байлаа.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн иргэн Очирсүх

Дархан хотыг залуусын хот гэдэг. Гэвч биднийг залуу байхад л энэ хот залуусын хот байсан юм. Он цагийн эрхээр одоо хөгшид, хүүхдүүдийн хот болсон. Дээрээс нь ажилгүйдлээс үүдсэн нүүдлийн уршиг энэ хотод нөлөөлж байна. Дархан хотыг цаашид өргөжүүлэн тэлж,  ажлын байр нэмэгдүүлэхгүй бол энэ хот эзгүйрлээ. Ажилгүй олон залуус гудамж “метрлэж” байна. Тиймээс ажлын байрны асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг таниас хүсмээр байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн иргэн Лантуу

Монгол Улсын дээд шүүх, прокурор, АТГ-ын удирдлагууд оффшорын асуудалд анхаарч ажиллахгүй байна. Оффшор данстай нэр холбогдсон, нэр ус нь цоллогдоод байгаа хүмүүсийг яагаад өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаа нь сонин байна. Монгол даяараа авлигад живж, бид ядуурч байна шүү. Авлига, оффшорын асуудлыг цаашид илүү сайн шалгах хэрэгтэй байна.



Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн иргэн Намсрай

Ард түмэн ямар ч эрх чөлөөгүй байх нь хамгийн том боолчлол гэж нэг эрдэмтэн хэлсэн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан иргэний гурван эрхийг төр хангах ёстой. Яахав, олон намын тогтолцоо, хууль эрхзүйн тогтолцоо эрх чөлөө байгаа гэж үзье. Гэтэл эдийн засгийн баталгаа, эдийн засгийн эрх чөлөө одоог хүртэл байхгүй байна шүү. Хэн ямар хөрөнгөтэй байна тэр  хүн хөрөнгийнхөө хэмжээгээр эрх, ямба эдэлж байна. Харин ядуу хүмүүст сонгох эрхээс өөр эрх үлдсэнгүй. Бие засахдаа хүртэл мөнгө төлж байна. Ард түмэн мөнгөгүй, бэл бэлчингүй, ядуу байх  тусмаа улстөрчдөд ашигтай байдаг бололтой. Тиймээс эдийн зсгийн эрх чөлөөг нэн түрүүнд хангаж өгмөөр байна. Өнөөдөр ядуу хүн Үндсэн хууль ярих гэхээс илүүтэй үмх талхаа л түрүүлж ярина. Үнэхээр өнөөдрийнхөө хоолыг яая гэж байгаа хүн өөр асуудалд анхаарах хэцүү шүү. Нөгөө талаараа оффшор дансанд байгаа  мөнгийг оруулж ирэх хэрэгтэй. Монголд хэдэн тэрбум ам.доллараар мөнгө хуримтлуулдаг бизнес, бизнесмэн байхгүй байлгүй дээ. Тэр бол тодорхой ард түмний мөнгө байх ёстой.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багийн иргэн Шаргай

Дархан одоо хот болох цаг нь болсон. Цаашид үйлдвэрлэл хөгжүүлж, үйлдвэрлэлийн төв болгох шаардлагатай. Ингэж ажлын байр нэмэгдүүлэхгүй бол ажлын байр хомс, залууст ажил олдохгүй байна. Хоёрдугаарт, оффшор данстай иргэдийг илрүүлж, ард түмний өрийг нимгэлэх ёстой шүү. Би улсад 46 жил ажиллачихаад сардаа 291 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүнийг шударга биш гэж үзэж байгаа учраас тэтгэвэрт гарах, нийгмийн даатгалын олон янзын хувилбарыг нэг болгож цэгцлэх хэрэгтэй.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн иргэн Ч.Чинбат

Би долдугаар ангийн боловсролтой. Гэхдээ шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг гэдгийг мэддэг хүн. Гэтэл саяхан Засгийн газар шатахууны үнийг нэмчихлээ. Сар шинийн битүүний өдөр нэмэгдсэн. Шатахууны үнийг зохицуулж чадахгүй, ард иргэдийнхээ төлөө ажиллаж чадахгүй байгаа бол энэ УИХ-ыг тараах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р багийн иргэн Энхтайван

Миний үеийнхэн Төрийн минь сүлд өршөө гэж цайныхаа дээжийг өргөдөг байсан. Одоо би, миний үеийнхэн ингэж Төрийн сүлдэндээ цайныхаа дээжийг өргөхөө больсон. Яагаад гэвэл итгэл алга. Сар шинийн баяраар гэхэд л энэ зааланд сууж байгаа бүх хөгшид тэтгэврээ 24 сараар нь тушаачихсан амьдарч байна. Гэтэл өнөө хүртэл 60 тэрбум, оффшор дансны асуудал шийдэгдэхгүй байна. Эдгээр асуудалд иргэд нэхэл хатуутай байгаа шүү. Үнэнийг ард түмэнд ил гаргаж тавиарай. ОУВС-гийн захирал гээд нэг хүн саяхан зурагтаар бид хүүхдийн мөнгө хас гэж хэлээгүй, татвар нэм гэж ч хэлээгүй гэдгээ зарлалаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар олон улсын байгууллагын  нэр барьж бидэнд худал хэлсэн байна. Одоо танд л итгэж, найдаж байна шүү.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багийн иргэн Ж.Энхбаяр

“”Та сая хэлэхдээ “Дархан залуусын хот. Залуус яагаад ийм идэвхгүй байгаа юм бэ” гэж асуулаа. Дархан хотын байтугай, Монголын залуус харь нутагт яваа. Үүнийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа шүү. Залуус “дүрвэж” байна.

Мөн саяхан 3500 ширхэг уул уурхайн лиценз байгаа гэсэн асуудал сөхөгдсөн. Эдгээр лицензүүд 10 гаруйхан гэр бүлийн өмчлөлд байдаг юм байна. Тэд нь дан сайд дарга нар, төрийн том хүмүүс байна. Тиймээс ямар аргаар лиценз авсан гэдгийг сайн шалгаж, зарим лицензийг хурааж, хязгаарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол Монгол Улс сарны гадаргуу боллоо. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлын асуудлыг иргэд төдийлэн ярихгүй байна. Хүмүүс өнөө маргаашаа, хоол хүнсээ яая гэж байхад нэг талаасаа Үндэсний аюулгүй байдал гэж ярих хүн олдохгүй байх. Гэхдээ Засгийн газар ард түмний тусгаар тогтнолыг юу гэж харж байгаа, Монгол Улсын хөгжлийн бодлого юу вэ  гэдгийг ард түмэнд хэлж ярих хэрэгтэй.  Сар шинийн өмнөхөн би банкаар орсон. Таяг тулсан хөгшид банкинд дугаарлаж, тэтгэврээ зээлж байна. Энэ бол туйлын үнэн. Хөгшид жилийнхээ бүх тэтгэврийг нэг удаагийн цагаан сараар дуусгаж байна. Ийм ард түмэн, ийм тусгаар тогтнол гэж байдаг юм уу. Өтөл насандаа зээл төлөөд зээлээ төлж чадахгүй нүд анихаар, үр хүүхэд нь зээлийг нь төлөөд үлддэг. Надад туйлын харамсалтай байна. Таныг ард түмний Ерөнхийлөгч байж энэ асуудалд анхаарч ажиллах байх гэж найдаж байгаа шүү” гэх зэргээр Дархан хотын иргэд санал бодлоо илэрхийлэв.



 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна