Л.Оюун-Эрдэнэ: Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй

2018/02/27
УИХ дахь Авилгын эсрэг лобби бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд нар өнөөдөр Эрдэнэтийн асуудлаар сэтгүүлчдэд хандлаа.  Тус лобби бүлгийн зүгээс УИХ-ын Намрын чуулган завсарлахаас өмнөхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан "Жаст"-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл авахаар асуулга хүргүүлээд байсан. Өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас УИХ-ын гишүүдийн асуулгад албан ёсоор хариулт илгээсэн билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Л.Энхболд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ил цагаандаа гарсан луйвар арай ч хийгээгүй байх гэж бодож байсан. Гэтэл энэ үнэн гэдэг нь тогтоогдлоо. Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Ямар учраас хууль хяналтын байгууллагууд ийм төрлийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаад байна вэ. Энэ мэт хэргүүдийг ил болгох талаар ажилламаар байна. 

Монгол Улсын өнгөрсөн 25 жилийг хааж дүгнээд, шинэ 25 жилээ төлөвлөх цаг хугацааны өмнө бид зогсож байна. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд Эрдэнэтийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ. Эрдэнэтийн асуудал манай хойд болон урд хөршид болсон бол юу болох байсан бол?Цаашдаа бид ямар нэгэн байдлаар баримттай биш мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх талаар анхаарч ажиллана. Шаардлагатай гэж үзвэл Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад санал тавина" хэмээн ярьлаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна