Э.Сарантогос: Японы айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо

2018/02/28

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-25-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалаар олон асуудлыг хэлэлцсэн байна. Тиймээс айлчлалын үр дүн болон цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосоос тодрууллаа. 

-Гадаад харилцааны сайдын Японд хийсэн айлчлалын талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэр үр дүнтэй айлчлал болсон бэ. Мөн хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудын талаар мэдээлэхгүй юу? 

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлж, хоёр орны харилцааны цаашдыг чиглэлийг тодорхойлох, хамтын ажиллагааны механизмуудыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Айлчлалын үеэр  олон асуудлын талаар санал солилцож, албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн улс төрийн харилцааг цаашид бэхжүүлэх, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг агуулгынх нь хувьд эрчимжүүлэх, хоёр талдаа худалдааг өргөжүүлэх, Монголын экспортыг Японы зах зээлд гаргахад дэмжиж ажиллах, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх асуудлыг ярилцлаа.

Түүнчлэн хоёр орны харилцаа, ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад харилцааны сайд нар тохиролцсон.

-Эдийн засагт ахиц гарахуйц шийдвэр гаргасан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? 

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Х.Секотой тусгайлан уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны талаар ярьсан. Улмаар хоёр орны хамтын ажиллагааны механизмуудыг бэхжүүлэхэд айлчлал онцгой чухал үүрэгтэй боллоо хэмээн дүгнэсэн. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа. Эхнээсээ нааштай үр дүн гарч, худалдааны эргэлт 2017 онд өмнөх оноосоо 10 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ зарим чамлалттай, хийж болохуйц зүйлс харагдаж байгаа юм. Японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам манай экспортын бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гаргах чиглэлд техникийн хамтын ажиллагаа үзүүлж эхэлсэн. Жишээлбэл, ноолуур, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тус улсын зах зээлд гаргах талаар судалгаа хийж, манай улсын бизнес эрхлэгчдэд тусгайлсан семинар зохион байгуулж байсан. Энэ мэт дэмжлэг, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн заалт тус бүрийг хэрэгжүүлбэл бид маш олон ажил хийх ёстой. Энэ хэлэлцээрийг цаашид хэрэгжүүлэх гол механизм нь хоёр орны Хамтарсан хороо юм. Манай талаас Д.Цогтбаатар сайдын даргалдаг уг хорооны ээлжит хуралдааныг шуурхай зохион байгуулах, хэлэлцээрт туссан техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тусгай бүлгийн хүрээний хамтын ажиллагааны хүрээнд худалдааны чадавхаа бэхжүүлэхэд тусламж авах зэрэг асуудлыг ярилцаж, санал нэгдсэн. 

-ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах асуудлаар ямар үр дүнд хүрэв?

-ЖДҮ-ийг хөгжүүлэх, хоёр талдаа холбохМонголын экспортыг дэмжих хүрээнд аль аль талдаа ашигтай байх хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг эрэлхийлж ажиллах саналыг Д.Цогтбаатар сайд Японы Гадаад хэрэг, Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалт хариуцдаг Олон улсын хамтын ажиллагааны банкны удирдлагатай ярьсан. Олзуурхууштай нь бүх уулзалтаар Японы тал нааштай хүлээн авч, судалж, дэмжихээ илэрхийлсэн.

Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Т.Кооно бидэнд таатай мэдээ дуулгасан. Японы ЖАЙКА байгууллага өмнө нь ХАА-г хөгжүүлэх суурь судалгаа хийсэн дээрээ үндэслэн энэ оны дөрөвдүгээр сараас ХАА-н салбарт Нэмүү өртгийн сүлжээг бий болгоход чиглэсэн Мастер төлөвлөгөөг эхлүүлэхээр болсоноо албан ёсоор зарласан. Өөрөөр хэлбэл, ХАА-н салбарыг хөгжүүлж, экспортод бүтээгдэхүүнээ гаргахад юунд анхаарах ёстой вэ гэдэгт энэ Мастер төлөвлөгөө хариулт өгөх юм.

Түүнчлэн ЖАЙКА байгууллагын Монгол-Японы төвд зохион байгуулдаг сургалт семинарыг эрчимжүүлэх, шат ахиулах сонирхолтой байгааг мөн илэрхийлсэн. Ингэснээр уг семинарт хамрагдсан бизнес эрхлэгчдийг Японы ЖДҮ эрхлэгч, бизнесменүүдтэй холбож өгөх юм.

ЖДҮ-ийг хөгжүүлэхэд чиглэсэн өөр нэгэн чухал Д.Цогтбаатар хүсэлт тавьсан нь ЖДҮ-ийн хоёр үе шаттай иенийн зээлийн төсөл хөтөлбөрийн гуравдугаар үе шатыг эхлүүлэх тухай байсан юм. Японы тал судлаад хариу мэдэгдэх болсон.

Түүнчлэн улс төрийн харилцааг өргөжүүлэх хүрээнд хоёр талын харилцан айлчлалуудыг хийж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээрүүдийг үргэлжлүүлнэ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы Гадаад хэргийн сайд Т.Кооног Монгол Улсад айлчлахыг урьсан. 

-Айлчлалын үеэр Монгол, Япон улс БНАСАУ-д шахалт үзүүлэхээр тохиролцсон гэх агуулгатай мэдээлэл цацагдсан. Уулзалтын үеэр энэ асуудлаар хэрхэн ярилцсан юм бэ?

-Миний хувьд бүх уулзалтад хамт оролцсон. Хоёр улс стратегийн түншлэлийн хүрээнд бүс нутгийн талбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа явуулж байгаа. Д.Цогтбаатар сайд уулзалтын үеэр, бүс нутгийн аюулгүй байдал Монгол Улсад ч хамаатай. Зүүн хойд Азийн бүс нутагт аюулгүй байдал, энх тайван тогтвортой байгаасай гэж хэлсэн. Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн асуудалд цогцоор нь хандаж байгаа, яриа хэлэлцээний замаар асуудлаа шийдээсэй гэсэн ерөнхий байр суурьтай байгаа. 

-Гадаад харилцааны сайдын айлчлалаас хүлээдэг нэгэн зүйл бол иргэд хоорондын харилцаа болон визний хөнгөлөлтийн асуудал байдаг. Энэ талаар ямар шийдэлд хүрэв?

-Үүнд би мөн нэг зүйлийг онцлохыг хүсч байна. Монголоос Японд оршин сууж, суралцаж байгаа хүмүүсийн тоо улам бүр өсч 8000 хүрээд байгаа. Монголд суугаа япончууд 600 гаруй байна. Айлчлалын хүрээнд хоёр орны Консулын газрын удирдлагын түвшинд уулзалт хийсэн. Ингээд цаашид иргэдийн эрх ашгийг хамгаалах, харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс байнгын механизмыг Консулын газруудын хооронд бий болгох санал тавьсан. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард хоёр орны Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайд нарын түвшинд байгуулагдсан Дадлагажигчдын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжих Санамж бичиг байгуулах санал тавьсан. Үүнийг мөн нааштай хүлээж авлаа.

-Токиогийн олимпийн үеэр хамтарч ажиллах талаар ямар яриа хэлэлцээрт хүрсэн бол?

-Д.Цогтбаатар сайд Олимп, паралимпийн асуудал эрхэлсэн Сүзүки сайдтай хоёр талын уулзалт хийсэн. Энэ үеэр соёл, спортын хүрээний хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх нь хоёр орны стратегийн түншлэлд чухал юм гэдэгт санал нэгдсэн. Токиогийн Олимпийн хүрээнд Японы Засгийн газраас Хост таун хөтөлбөр хэрэгжүүлж, Олимп хүртэл хамтын ажиллагаатай улс орнуудаасаа тамирчдыг хүлээн авч, бэлгэдлийн янз бүрийн арга хэмжээнд оролцуулан, Олимпт оролцоход нь дэмжлэг үзүүлэх болсон. Энэ хөтөлбөр дэх хамтын ажиллагааг улам хөгжүүлэхээр ярилцаж, тохирсон. 

Б.Анир 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна