Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ- т ажиллаж, Авлигатай тэмцэх тухай Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо.
Мэдээлэл солилцох уулзалтад 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга болон бусад албан тушаалтан оролцлоо. Энэ үеэр АТГ-ын дарга тэргүүн, комиссар Х.Энхжаргал Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар АТГ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах Ажлын удирдамжийг сайд Г.Занданшатар болон Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулав.
Энэ үеэр АТГ-ын дарга тэргүүн, комиссар Х.Энхжаргал, "Дөрөвдүгээр сарын 1-нээс тендэрийн сонгон шалгаруулалтууд явагдаж эхэлнэ. Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн Авлигын эсрэг бүлгийн 22.1.1 өөрчлөгдсөн. Хуучин Авлигын эсрэг гэмт хэрэг нь заавал хохирол учруулсан, мөнгө угаасан байх ёстой гэдэг байсан.
А3-ын сертификаттай хүмүүсийн тоог нэмэхийн тулд сангийн яамны зөвлөмжийн дагуу 4 сургалтын байгууллага нэмж гаргасан. Үүнд нийт яам, агентлаг, тендэрийн үнэлгээний хорооны А3 сертификаттай мэргэжилтнүүдийн тоог 3-5 дахин нэмэгдүүлэхийг зөвлөсөн. Тэгэхээр тендэрийн сонгон шалгаруулалтад дархлагдсан 3-4 хүн орох ёстой биш, олон төрийн албан хаагчид орж хяналт тавьж, энэ чиглэлд нь бодитой мэдлэгтэй байх ёстой гэсэн зарчмуудыг зааж өгсөн байгаа. Өмнөх жилүүдээс энэ жилийн сонгон шалгаруулалт тэс өөр явагдана.
Мөн АТГ он гарснаас хойш одоогоор 400 гаруй ахлах ажилтан, төрийн албанд шинээр орсон хүмүүсийг сургаад байна. Энэ жил 10,000 хүн сургах төлөвлөгөөтэй байна" гэлээ.
АТГ-аас “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 онд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн компани аж ахуйн нэгжид хяналт, шалгалт явуулж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж тайлан гаргасан байна.
Шалгалтаар төрийн байгууллагуудад Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Худалдан авах ажиллагааны тухай, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчиж томилгоо хийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус төлбөр хураамж бий болгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчил илэрчээ.
Нийт 13 яам, 26 агентлаг, 21 аймгийн 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид шалгалт явуулж Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал “Хүнд” байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна