УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та Олон улсын ардчилсан холбооны их хуралд оролцоод ирсэн байна. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Сар шинийн баярын өмнө АНУ-ыг зорьж Бүгд найрамдах нам, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн удирдлагууд, Конгрессын гишүүдтэй уулзаад ирсэн. Үүний дараа өнгөрсөн хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Испанийн нийслэл Мадрид хотноо болж өндөрлөсөн Олон улсын ардчилсан холбоо /IDU/-ны хуралд оролцоод ирлээ. Ардчилсан намын даргын хувиар АНУ, Герман, Франц зэрэг Хойд Америк, Европын баруун төвийн үзэл баримтлал бүхий улстөрийн намуудын удирдлагуудтай уулзаж, улстөрийн намуудын хөгжил, цаашдын чиг хандлага, шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо. Мөн Ардчилсан нам 2018-2019 оныг гишүүдээ чадавхижуулах, боловсрол мэргэжлийн түвшинг нь ахиулах жил болгон зарласантай холбоотойгоор гадаад харилцаагаа өргөжүүлэх, хөгжүүлэх, бусад орны ардчилагчидтай хамтарсан сургалт, судалгаа, туршлага солилцох ажил зохион байгуулахаар тохироод ирлээ. Ерөнхийдөө Ардчилсан нам ирэх хоёр жилд энэ чиглэлээр нэлээд эрчимтэй ажил өрнүүлнэ.
-Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар ОУАХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-ОУАХ-ны дүрмийн дагуу удирлагын бүрэлдэхүүнээ шинэчилсэн байгаа. ОУАХ бол дэлхийн 140 орныг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг байгууллага. Энэ утгаараа удирдлагын сонгуульдаа ихээхэн ач холбогдол өгдөг, өрсөлдөөнтэй болдог. Энэ удаа ерөнхийлөгчөөрөө Канадын Ерөнхий сайдаар найман жил ажилласан Харберт гэж хүнийг сонгосон бол дэд ерөнхийлөгчөөр Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар сонгогдсон. Ц.Сүхбаатар даргын хувьд Ерөнхийлөгчийн зөвлөх, БНХАУ-д Элчин сайд, Хууль зүйн дэд сайд зэрэг хариуцлагатай алба хашиж явсан туршлагатай улстөрч, хуульч, дипломатч хүн юм. Энэ бол Монголын ардчиллыг дэлхий нийт үнэлж байгаагийн нэг хэлбэр юм.
-Олон улсад Ардчилсан намын шинэчлэлийн ажлыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Улстөрийн намын шинэчлэлийн ажил ганц манай улсад ч анхаарал татсан асуудал биш юм. Дэлхий нийтээрээ намын шинэчлэл, гишүүдийн оролцооны асуудлаа анхаарч, шинэчлэлийн бодлогоо тодорхойлж байна. Энэ чиглэлээр өргөн хүрээнд судалгаа, шинжилгээний ажил өрнүүлж эхэлсэн байна. Бид хүний үгийг сонсоод суух биш өөрсдийн хэрэгжүүлсэн туршлага, алдаа оноогоо хамтран ярилцаж, санал бодлоо хуаалцлаа. Өрнөдийн улстөрийн намууд Монголын Ардчилсан намын шинэчлэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, зарим талаар санаа авч хэрэгжүүлэх зүйл олон гарч байгааг хэлж байлаа. Тухайлбал, нийт гишүүдийн оролцоог дээшлүүлж, гишүүдэд эрх мэдлийг төвлөрүүлж, анх удаа намын дарга, удирдлагын бүрэлдэхүүнээ бүх гишүүдээсээ сонгосон асуудлыг бусад намуудад жишиг болохуйц үйл явдал хэмээн үнэлж байгаагаа илэрхийлж байв.
Бид айлчлалынхаа хүрээнд Францын Бүгд найрамдах нам, Германы Конрад-Аденауэрын сангийнхантай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцоход энэ асуудлыг маш ихээр сонирхож туршлага солилцох талаар саналаа илэрхийлсэн. Түүнчлэн 2019 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Мөн энэ онд Конрад-Аденауэрын сан Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсний 25 жилийн ой тохиож байгаа. Эдгээр ойг хамтад нь тэмдэглэн өнгөрүүлэх, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх, цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлох онол парактикийн бага хурал зохион байгуулахаар тохиролцсон. Мөн АНУ, Франц, Германы ардчилагчидтай хамтран гадаад дотооддоо хамтарсан сургалт зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийхээр ярилцаж тохироод ирсэн.
-Үүнээс гадна олон нийтийн анхаарлын төвд байгаа нэг асуулт байна. Таны санаачилсан Банкны зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
-Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд судалгаа хийж, иргэд аж ахуйн нэгж олон нийтийн байгуулагын саналыг авсны үндсэн дээр хуулийн төслөө өргөн барихад бэлэн болоод байна. УИХ-ын чуулганы завсарлахын өмнөхөн Засгийн газарт саналыг авахаар хүргүүлсэн байгаа. Хуулийн дагуу 30 хоногийн дотор Засгийн газар хариу өгөх ёстой. Үүний дараа төслөө өргөн барих тов гарна. Ер нь бол Хаврын чуулган эхлэхээс өмнө хуулийн төслөө өргөн барина. Энэ хууль батлагдсанаар эдийн засгийн хөгжил эрчимжиж, баялаг бүтээгчдийг дэмжихэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр банкны тогтолцооны гажуудлаас болоод Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж чадахгүй байна. Иргэдийн мөнгөн урсгал, хуримтлал банкууд дээр гацаж байна. Өндөр хүүтэй хадгаламж, түүнээс өндөр хүүтэй зээлийн хүү хөрөнгийн зах зээлийг хөгжихөд асар том саад тушаа болж байна гэсэн үг. Нөгөө талаас банк санхүүгийн байгууллагуудын зарим нь үндсэндээ мөнгө хүүлэгч болж хувирсан. Энэ бүхнийг даруйхан засч залруулж, зөв гольдролд нь оруулах цаг болсон.
Сэтгэгдэл бичигдээгүй байна